Б.Оюунгэрэл: Уул уурхайг төр дэмжихгүй бол өгөөжөө өгөхгүй

Б.Оюунгэрэл: Уул уурхайг төр дэмжихгүй бол өгөөжөө өгөхгүй

Б.Оюунгэрэл: Уул уурхайг төр дэмжихгүй бол өгөөжөө өгөхгүй

Монголын геологи, уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаснаар уул уурхайн салбар уналтад орсон. Улмаар улсын төсөв ядуурахад хүрэв. Төсвийн орлого буурч, зарлага хэтрээд ирэхээр эдийн засаг, нийгмийн орчин дордох нь ойлгомжтой. Мэргэжлийн хүмүүс ингэж л дүгнээд байгаа. Та бол гадаад, дотоодын томоохон компанидад ажиллаж байсан уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдийн нэг.  Асуудлыг яг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бусад салбартай харьцуулахад харьцангуй их хөрөнгө шаарддагддаг болохоор салбарын уналтыг хөрөнгө оруулагчидтай холбож болох л юм. Гэхдээ хөрөнгө оруулагч гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчид ч орно гэдгийг санах хэрэгтэй. Цаашилбал Монгол Улс өөрөө стратегийн тодотголтой ордуудад ард түмний өмнөөс хөрөнгө оруулагч болон ажиллаж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулах таатай нөхцлийг хууль эрхзүйн үүднээс төрөөс тогтвортой бодлогыг ул суурьтайгаар хэрэгжүүлж, түүнийгээ төр нь уламжлагдах байдлаар зохицуулж авч явах шаардлагатай гэж үздэг. Учир нь уул уурхай өөрөө эрсдэл өндөр учраас бид олон жилээр төлөвлөж, өмнөх болон ирээдүйн үр дагавар дээр судалгаагаа хийсний үндсэн дээр ажлаа эхлүүлээд дор хаяж 3-10 жил бүр хэдэн арван жил ажиллах төлөвлөгөөтэй явж байтал засаг төр солигдох болгонд л өмнөх Засгийн газрынхаа шийдвэрийг үл хүндэтгэн дахин шинээр бүх гэрээ хэлэлцээрийг хийх болдгоос хөрөнгө оруулагчдад маш их хүндрэл үүсдэг. Энэ нь өнөөдөр ашигтай гээд ажиллаж байсан төслийг ашигггүй хувилбар руу шилжүүлэх эрсдэл дагуулах тул улсад маш хохиролтой гэж би үздэг. Мэргэжлийн хүний хувьд миний хамгийн сайн мэдэх жишээ бол Гацууртын орд юм. Намайг Бороогийн уурхайд Ерөнхий геологич байхад 2009 онд төслийг эхлүүлэх бүх бэлтгэл дуусаад төлөвлөгөөгөөр эхлэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл эхлээгүй л байна. Тэр үед Бороогийн боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг зогсоолгүйгээр Гацууртын хүдрийг үргэлжлүүлэн боловсруулах байсан ч энэ нь биелээгүйгээс өнөөдөр Гацууртын ордыг ашигласан ч боловсруулах үйлдвэрийг дахин эхлүүлэх зардал болон бусад өөр олон нэмэгдэл зардал, өнөөдрийн үнэ ханш зэргээс төсөл ашиггүй ч байж болохоор болсон гэж бодож байна. Өнөөдөр төр засаг олон юм шаардаж тэрэндээ цаг авч, өөрсдийнх нь мэргэжлийн бус хандлагаас нь болоод тухайн цаг үедээ ашигтай байсан төсөл ашигггүй болох эрсдэл гарч байгааг ойлгохгүй байгаад харамсдаг гэдгээ хэлмээр байна.

Хэрвээ улсын төсөв уул уурхайн салбараас шууд хамааралтай юм бол яагаад энэ салбартаа мэргэжлийн хандахгүй байгааг ойлгохгүй байна. Мэргэжлийн гэдэгт олон зүйл багтах ч бүх л зүйл мэргэжилтнээс хамаарч байдаг болохоор мэргэжилтэн мэргэжлийн байх нь маш чухал байна. Тэгэхээр мэргэжлийн гэдэг нь тухайн мэргэжлийн сургуулийг дүүргэсэн хүн гэхээсээ илүү тэр ажиллаж байгаа салбартаа туршлага хуримтлуулсан байх нь өнөөдөр хөрөнгө оруулагч, мөн бид мэтийн мэргэжилтнүүдтэй ойлголцоход дөхөмтэй байдгийг хэн бүхэн мэдэх байх. Тэгэхээр салбарыг хөгжүүлж уналтаас гаргах чухал хүчин зүйлийн нэг бол яах аргагүй төрийн албанд зүтгэж бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч нартай харьцаж байгаа мэргэжилтнүүд учраас тэд нар сайн мэргэшсэн байх шаардлагатай гэж боддог.

Мэдээж хөрөнгө оруулагч нар олноороо гарахад тэр төслөөс орж байсан янз бүрийн татварууд багасах ч дотоодын хөрөнгө оруулагчид, өөрөөр хэлбэл дотоодын геологи, уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа хувь хүн, компаниуд ихэнх нь өндөр хүүтэй зээл аван ажиллаж байгаа гэдгийг санаад тэдэнд төрөөс нааштай зохицуулалтуудыг хийж өгч байвал тэд ч гэсэн улсын төсвийг бүрдүүлэхэд их хувь нэмэр оруулах ба оруулаад ч явж байгаа гэдгийг дурьдмаар байна.

-Геологи, уул уурхайн чиглэлийн мэргэжлийн холбоод, ТББ цөөнгүй байна. Хурал, зөвлөгөөн хийж төр засаг, салбарын яамдад хандаж зөвлөмж гаргах нь олон. Гэтэл тэдгээр мэргэжилтнүүдийн үгийг шийдвэр гаргагчид яагаад сонсохгүй байна гэж та үздэг вэ?

-Салбарын хэмжээнд их олон төрийн бус байгууллага байгааг хүн болгон мэдэж байгаа байх. Гэхдээ тэдгээрийн цөөн хэсэг нь л идэвхитэй ажиллаж салбарын хөгжлийг дэмжиж байгаа харагддаг. Төрийн бус байгууллага бол хуулиараа төрөөс хараат бусаар ажиллаж төр тэдний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэсэн байдаг. Тийм ч үүднээс манай манай салбарын идэвхитэй ТББ-ууд салбарын тулгамдсан асуудлаар хурал зөвлөгөөн хийж хэлэлцсэн асуудлаа шийдүүлэх, дэмжлэг авах үүднээс зөвлөмжөө гарган хүргүүлдэг. Жишээ нь геологийн салбарт Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилсан “Геологи-Хайгуул” чуулган байна. Энэ чуулган салбарын хувьд чухал асуудлуудыг хөндөж хэлэлцдэг бөгөөд ихэнх хурлын адил сүүлийн мөчид хурлаас гарах зөвлөмжөө хэлэлцдэг. Харамсалтай нь энэ зөвлөмжийг сонсож хүлээж аван шийдвэрлэж хариу үйлдэл хийх төрийн төлөөлөл нь тухайн хэлэлцүүлэгт бараг байдаггүйгээс энэ зөвлөмжийн ач холбогдлыг ойлгож сэтгэл гаргахгүй байгаа нь ажиглагддаг. Уг нь төрөөс гаргаж байгаа бодлого, дүрэм журам, шаардлага нь амьдрал дээр хэр нийцэж байгааг энэ үед л ярилцаж зовлон жаргалаа хуваалцдаг учраас биеэрээ суугаад, дунд нь ороод ойлговол гаргасан шийдвэр нь хөрсөн буух нь илүү байх учиртай гэж боддог. Миний бодлоор мэргэжилтнүүдийг үгийг сонсохгүй гэхээсээ илүү ямар бэрхшээл байна, юу шаардлагатай байгаа вэ, үүнийг яаж шийдэх вэ гэдгээ сайн ойлгохгүй тохиолдлуудаас сонсохгүй байгаа гэсэн ойлголт гарч байж болох юм. Энэ нь бас л тухайн хүний туршлагаас шалтгаалах асуудал л даа.

-Төр засгийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээх нэг шалтгаан болдог нь нууц биш. Гадныхан өөрсдөө ч тэгж ярьдаг. Гэтэл МАН Засгийн газраа огцруулсан. Уул уурхайн салбарын яг гал тогоонд нь байгаа хүний хувьд та энэхүү үйл явцын дараа асуудал яаж өөрчлөгдсөн гэж харсан бэ?

-Дээр хэлсэнчлэн төр засгийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын эрсдлийг ихэсгэх гол хүчин зүйлийн нэг учраас төслийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг. Энэ нь манайд төрийн бодлогын уламжлагдах чанар бараг байдаггүйтэй шууд холбоотой гэж боддог. Уламжлагдах чанар нь бодлогоос гадна мэргэжилтнүүдийн тогтвортой байдал гэж ойлгож болно. Ихэнхдээ бүх хэлтсийн дарга ба түүнээс дээших албан тушаалтнууд мөн мэргэжилтнүүд нь хүртэл солигддог болсоор удаж байна шүүдээ. Энэ яагаад чухал бэ гэхээр манайд нэг тогтсон асуудал нь тухайн албан тушаал дээр байгаа хүн нь хууль дүрэм журмаасаа илүү эрх мэдэлтэй байдаг учраас ажил явуулахад тэр мэргэжилтэн, дарга хүсэхгүй л бол юу ч байсан хүндрэл учирдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд миний хувьд ийм хүндрэл их гарч хийж төлөвлөж байсан ажил маань бараг зогсонги байдалд орсон гэж хэлж болно.

Төрийн түшээд маань өнөөдөр дэлхийн зах зээлд салбарын хөгжил, шаардлага ямар байх вэ гэдгийг өөрсдөө сайн ойлгож мэргэжилтнүүдтэйгээ зөвлөлдөж шийдвэрээ амьдралд нийцүүлэн гаргадаг байгаасай гэж хүсдэгээ нуух юун. Мөн энэ  Засгийн газрыг Монгол орныхоо геологийн судалгаа шинжилгээг дэмжиж чанартай мэдээлэл дээр үндэслэн хөрөнгө оруулагчдыг татах бодлого явуулаасай гэж хүсэж байна.

-Ц.Дашдоржийн удирдаж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэргэжлийн бодлого хэрэгжүүлж чадсан уу?

-Уучлаарай, яг үнэндээ сайн мэдэхгүй л байна. Миний хувьд 2014 оноос хойш геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг олон улсын жишигт нийцүүлэн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх ажлыг 2010 оноос хойш салбарын яамны бодлогын зохицуулалттайгаар хийж байгаа билээ. Гэтэл энэ ажил маань үндсэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд бараг ахиц гарсангүй. Өнөөдөр олон улсад мэргэшсэн мэргэжилтэн гэж хэнийг хэлдэг гэхээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн төрийн бус байгууллагаас эрх олгогдсон мэргэжилтэнг хэлдэг ба энэ нь мөн Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулинд заасан байдаг. Цаашилбал үүнд аливаа дүгнэлт гаргах, тайлан боловсруулах зэрэг нь хараат бусаар хийгддэг тул төрөөс олгогдсон бол үүнийг хараат бус мэргэшсэн мэргэжилтэн гэж үздэггүй. Тиймээс бидний өмнө нь мэргэшсэн гэрчилгээ олгож байсан систем нь төрийн үйлчилгээний байгууллага болох их сургууль болон төрийн захиргааны төв байгууллага дундаас олгогдож байсан тул хараат бус, мэргэшсэн гэж хүлээн зөвшөөрөгддөггүй байсныг олон улсын жишигт нийцүүлэн 2015 онд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтэд мэргэшсэн, шинжээчийн эрх олгох асуудлыг шилжүүлсэн ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ тал дээр гаргасан бодлогоо хөгжүүлж хамтран ажиллаж чадаагүй гэж хэлэхэд болно. Өнөөдөр бид дэлхийн жишгээр алхаж байж гадны хөрөнгө оруулагч нартай хэл амаа ололцож, мөн олон улсын жишгээр нь өөрсдийгөө хөгжүүлж таниулж байж тэдэнтэй зэрэгцэн ажиллах болохоос биш өмнө нь болоод л байсан хуучнаараа байхад юу нь болохгүй байгаа юм бэ гэх мэт явцуу үзлийг УУХҮЯ дэмжээд цаг алдсан нь үнэхээр харамсалтай хэрэг. Би өөрөө 2010 онд мэргэшлийн зэрэг авсан ч  ажиллаж байсан компани маань хүлээн зөвшөөрөхгүй байснаас миний хийсэн ажлыг заавал хүлээн зөвшөөрөгдсөн гадаад мэргэжилтэн давхар шалгаж баталгаажуулдаг байлаа. Ингээд 2011 онд Австралийн уул уурхайн институт буюу AusIMM-ийн“Chartered Professional” гэрчилгээ тамгатай болсноор олон улсын уул уурхайн хөрөнгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй болсон юм. Энэ институт нь манай МГУУМИ-тэй бараг ижил үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би 2009 онд гишүүнээр элсэж байлаа.

Ер нь эдийн засгийн тэргүүлэх салбар хэрнээ төр засгийн дэмжлэгээс хол геологи, уул уурхайн салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Өнөөдөр эрдэс баялгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар гэж нэрлэсэн ч төр дэмжихгүй бол өгөөжөө өгөх, үгүй нь эргэлзээтэй болно. Байгалийн баялгаа судалж, хаана юу хэр хэмжээтэй байгаагаа үнэн зөвөөр гаргаж судлах нь зайлшгүй шаардлагатай ба үүнд төрийн оролцоо маш чухал. Төр нь мэргэжлийн хэмжээнд сэтгэж байж салбарын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах болохоос хэн нэгэн салбарын бус эрх мэдэлтэн их мэдэгч болж олны өмнө гарч ирэхээр нь юу ч хэлэхгүй, мэргэжлийн зүгээс шийдвэртэй алхам хийж зөв мэдээлэл түгээхгүй байснаас нийт ард олонд буруу ойлголт төрүүлэх үндэс болоод байгааг салбарын бүгд л харж байгаа байх.

Мөнгөтэй байж юм худалдаж авдагтай адил байгалийн баялаг хэр байгаагаа мэдэж байж бид эдийн засгийн өгөөжөө ярьдаг. Одоо нээгдсэн цөөхөн ордуудаас гадна газар доор бидэнд мэдэгдээгүй байгаа хичнээн баялаг байгааг судалгаа хийж байж л илрүүлэх учраас геологийн судалгаанд анхаарлаа хандуулж монгол орноо бүрэн судлах нь уул уурхай хөгжих суурь болох учраас төр зөв бодлого явуулбал салбарын маань ирээдүй өнгөтэй байх болов уу гэж найдаж байна.

Ярилцсан Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • Newtown Casino Deposit

    6 сар 30, 2018 at 1:59 am

    This design is incredible! You certainly know how too
    keep a reader entertained. Between your wwit
    and your videos, I was almost moved to start myy own blog (well, almost…HaHa!)
    Excellent job. I really loved wnat you had to say, and more than that, how you presented it.
    Too cool! http://club.kedo.Gov.cn/home.php?mod=space&uid=495062&do=profile&from=space

  • уул уурхайн салбарт бодлого байхгүй нь үнэн шүү жишээ нь налайхын нүүрсний ордоор жишээ аваад үзэхэд ордод нь буруу байгаа юм биш шүүдээ бодлогын гадна шаарлан хаясаны гайгаар зохион байгуулалттай аж ахуйн нэгжүүдийг нь зориуд юм шиг нөөцийн асуудлуудийг нь тэзү -г нь шийдэхгүй олон жилээр хавчиж унагаад хууль бус олборлолтийг гааруулсаны гайгаар олон хүний амь нас эрүүл мэнд хохирсоныг төр бодлогын яам хариуцана шүү дээ өнөөдөр гэхэд налайхд барьдаг учираа олдоггүй зогсоох хавчих ажиллагаа хэвээрээ байх юм хууль бус үйл ажиллагааг ингэх нь зөв хууль ёсны үйл ажиллагааг бодлогоор шийдэх цаг болсон шүү дүүргийн дарга нар далд уурхай мэдэхгүй яамныхан агентлагийнхан нарийн мэдэхгүй шийдвэр яаж бодитой гарах вэ ? гадны хөрөнгө оруулалтыг нийлж намнадаг бүлэглэл бий болсон гэхэд болохгүй юмгүй шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account