Өсвөр үеэ PC тоглоом, фейсбүүкээс аварч биеийн тамирт хандуулая

Өсвөр үеэ PC тоглоом, фейсбүүкээс аварч биеийн тамирт хандуулая

Өсвөр үеэ PC тоглоом, фейсбүүкээс аварч биеийн тамирт хандуулая

  “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт 5 дахь жилдээ зохиогдож өндөрлөлөө. 2014 онд 16839 хүн оролцож байсан бол энэ жил 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцжээ. Хамгийн гол нь тэдний дотор манай улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, тэр ч бүү хэл олон улсад нэр хүнд бүхий тамирчид ч байсан аж.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, өсвөр үеийн  сонирхолыг спорт руу хандуулахад өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж иргэд үнэлж байна.

Спорт бол эрүүл мэнд. Спорт бол гоо сайхан. Спорт бол хүмүүжил. Энэ үүднээсээ олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээний ач тусыг зүйрлэшгүй билээ. Ялангуяа хүүхэд, залуус спортод дур сонирхолтой болсноор цаг заваа зугаа цэнгэл, архи тамхи, цахим орчинд зарцуулах нь эрс багасч, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй хүн болж төлөвших нь ойлгомжтой.  Наад зах нь PC тоглоомын газар өдөр, шөнөгүй “амьдарч’, бие бялдар оюун санаагаа хордуулж суудаг хүүхэд, залуусын хувьд өөрийгөө өөрчлөх, өөрийгөө нээх өргөн боломжийг биеийн тамир, спорт олгоно.

Өнөөдөр 10-21 насны хүүхэд, багачууд дэлгэцийн донтолтод өртсөнийг судалгаагаар тогтоосон бөгөөд 2016 онд 88 хүүхэд тоглоомонд донтон  эмчлүүлсэн бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар  л гэхэд 50 гаруй хүүхэд эмчилгээ хийлгэжээ. Өөрөөр хэлбэл, PC тоглоомын аюул өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна гэсэн үг. Түүнчлэн дунд сургуулийн сурагчид, идэр насныхан сошиал орчинд үндсэндээ “живээд’ байгааг  хүлээн зөвшөөрч шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсныг эцэг, эхчүүд, багш нарт болон холбогдох төрийн байгууллагуудад сануулая. Хамаг цаг заваа фэйсбүүк ухахад, PC-гээр хүн алахад зориулж байгаа хүүхдүүд хэзээ ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, урлаг, спортоор хичээллэж, хэдийд нь ээж, аавдаа туслах юм бэ? Тэдний амьдралаас аваад байгаа тэр цахим ертөнцийн аюулыг яаж холдуулах вэ? Монголын ирээдүй болсон өсвөр үе эрдэм мэдлэгтэйгээс гадна хамгийн гол нь эрүүл, өөдрөг тэмүүлэлтэй, өндөр ухамсартай байх ёстой.

                                                                                                                          Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account