Х.Баттулга өнөөдөр Си Жиньпин, В.Путин нартай уулзлаа

Х.Баттулга өнөөдөр Си Жиньпин, В.Путин нартай уулзлаа

Х.Баттулга өнөөдөр Си Жиньпин, В.Путин нартай уулзлаа

 

Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцлаа.

БНХАУ-ын дарга Cи Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бүс ба зам санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Cи Жиньпинтэй өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзахдаа санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон талаараа Хятад улсын тал мэдэгдлээ. Хоёр улсын төрийн тэргүүн ирэх онд тохиох Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтээлч, ажил хэрэгчээр тэмдэглэх болон хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр мөн санал солилцсон юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа. 

Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав. Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой саналууд илэрхийлж ярилцлаа. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой  эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын  болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээн хэлсэн юм.

Талууд  ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Мөн  уг ойг хамтран тэмдэглэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсад айлчлахыг урив гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account