Байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ

Байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ

Байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ. Гишүүдийн зүгээс ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцоогүй, иргэдийг жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулсан, оффшор бүст нуун дарагдуулсан хөрөнгийг Монголд эгүүлэн авч ирэх чиглэлд анхаарч ажиллаагүй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг өргөн барьсан. Мөн гадаад гүрний тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул учруулсан, эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсан зэрэг нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон гэдгийг Д.Хаянхярваа гишүүн байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Д.Хаянхярваа нарын гишүүдийн өргөн барьсан албан бичиг үндэслэлгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Мөн тэрбээр, “НҮБ-ын Хүний эрхийн комиссоос Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг оролдсон асуудлыг шуурхай зогсоосонд баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газарт албан тоот ирүүлсэн. Гэтэл үүнийг буруу ташаа мэдээлж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож буй нь  буруу. Энэ хэргийг Улсын ерөнхий прокурор шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй” хэмээв.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан хэргийг шуурхай зогсоож, ГХЯ-наас албан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн үйлдлийн эсрэг хатуу эсэргүүцнэ” гэж дурьдсан” гэсэн тайлбар хэллээ. Засгийн газраас ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдсон агентлагийн хүмүүст хариуцлага тооцож эхэлсэн. Харин уг асуудалд нэр холбогдсон Засгийн газрын гишүүдэд хэзээ хариуцлага тооцохыг О.Баасанхүү гишүүн тодруулав.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, “Агентлагийн удирдлагууд өөрсдөө өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдсөн. Бусад хүмүүсийн хувьд шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хариуцлага тооцох ёсгүй” гэсэн тайлбар өгөв.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын гишүүд болон бусад албан хаагч нартай хариуцлага тооцож байгаа. Цаашдаа ч энэ ажил үргэлжилнэ. МАН-ын даргын хувьд зээл авсан хүмүүс эгүүлэн төлөх, ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардсан. Засгийн газрын гишүүн зээл авсан нь хуулиар тогтоогдвол үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн хариуцлага тооцно. Харин Туркын иргэнийг хулгайлахыг завдсан хэргийг хэлэлцэх бол хууль, хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулж хаалттай хэлэлцэх нь зөв. Энэ бол хоёр орны харилцаатай холбоотой чухал асуудал. Нөгөөтэйгүүр, “60 тэрбум”-ын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” зэргийг тойрсон олон асуудлыг шалгах хэрэгтэй. Үүний тулд зарим нэг албан тушаалтнуудыг чөлөөлөх ёстой. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэ ажил валютын ханш, шатахууны үнийг буухтай шууд холбоотой” гэсэн юм.

Мөн үеэр О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нарын гишүүд хэлэлцэж буй асуудлыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан хэмээн үзэж Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлдээ тусгасан нь ташаа мэдээлэл гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн хэллээ. 2017 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь байсан бол эдүгээ 6.4 хувьд хүрээд байгааг хэлээд, “Засгийн газар өнгөрсөн хугацаанд 5.3 их наяд төгрөгийн өр төлсөн. Үүний 5.1 их наяд нь үндсэн зээл, 1.2 хувь нь хүүгийн төлбөр байна. Мөн 2012-2016 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл 5 шатлалаар унасан бол 2018 онд гурван шат ахисан. Энэ мэтээр Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлууд олон бий. Нөгөөтэйгүүр залруулах ч олон ажил бий. Одоо Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийж байгаа” хэмээв.

Харин Н.Энхболд гишүүн, “ОХУ-аас байлдааны техник аваагүй тул УИХ-ын гишүүд ташаа мэдээлэл тараахаа болих хэрэгтэй. Энэ нь Монгол, ОХУ-ын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлнө” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Шүүмжлэлийг сонсч хүлээн авна. ЖДҮХС-гаас төрийн албан тушаалтнууд зээл авсан асуудал зөв үедээ илэрсэн. Одоо бусад санд шалгалт хийж байна. Олон асуудал илрэх байх. Би намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Төрөө цэвэрлэх ажил эхэлсэн. Энд байгаа зарим нөхөд МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшихгүй гэдгийг дахин хэлье. Шатахууны бизнес эрхэлж байгаа зарим хүмүүс Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож болохгүй шүү. Би ард түмний өмнө амласнаараа шударга ажиллаж байгаа. Хууль, хяналтын байгууллагуудыг шударга ажиллах боломжоор хангаж өгөхгүй байгаа учраас зарим албан тушаалтнуудыг огцруулах асуудлыг хөндсөн. Энэ байр сууриндаа хатуу зогсоно” хэмээсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. (МОНЦАМЭ)

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account