М.Энхболд огцрох боломжгүй гэдэг хариу өгчээ

М.Энхболд огцрох боломжгүй гэдэг хариу өгчээ

М.Энхболд огцрох боломжгүй гэдэг хариу өгчээ

УИХ-ын 40 гишүүн спикер М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа билээ. Үүнээс болоод төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа гацаанд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр шинэ оны анхны нэгдсэн хуралдаан болох байсан ч гишүүдийн ирц хүрсэнгүй.

УИХ-ын дарга М.Энхболд ирцээ бүрдүүлж ажилдаа орохыг гишүүдээс шаардав. Энэ далимд өөрийг нь огцруулахаар шаардсан нэр бүхий гишүүдэд  хариулт өгсөнөө мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага тавьсныг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Харин уг шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тухай албан бичгийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас ирүүлсэн. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” асуудлыг зохицуулсан 5 үндэслэл буюу нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд УИХ-ын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ. Гэтэл УИХ-ын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар хуульд заасан дээрх 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас гишүүдээс тавьсан уг шаардлагыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тухай хариу ирүүлсэн. Тиймээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий 40 гишүүний шаардлагын хариуг албан бичгээр хүргүүлсэн” гэлээ. Нэг ёсондоо 40 гишүүнийг шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ өнөөдөр дахин илэрхийлсэн нь энэ. Одоо байдал хаашаа эргэхийг харах л үлдлээ.

 

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account