М.Энхболдыг огцруулах “дайны” хөлд төр, ард түмэн үрэгдэх нь

М.Энхболдыг огцруулах “дайны” хөлд төр, ард түмэн үрэгдэх нь

М.Энхболдыг огцруулах “дайны” хөлд төр, ард түмэн үрэгдэх нь

УИХ-ын даргыг огцруулах “дайны” хөлд Монголын төр, ард түмэн үрэгдэх шинжтэй. 2016 оны сонгуулиар 65 суудал авсан МАН-ын эв нэгдэл ердөө л ганцхан жилийн настай байжээ. Үнэмлэхүй олонх мөртөө Засгийн газраа унагаад зогсохгүй, УИХ-ын даргыг ч огцруулах хэмжээнд хүртлээ эрх баригчдын дотоод тэмцэл хурцдав. У.Хүрэлсүх Ерөнхий сайд, дараа нь намын дарга болсон ч зогсохыг хүссэнгүй. Түүний дараагийн давшилт УИХ-ын дарга руу чиглэсэн нь парламент дотор дэмжлэг авч, 40 гишүүн М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ энэ дайралтад М.Энхболд нар цочирдох нь бүү хэл хууль яриад тас гүрийгээд суучихав. Тэд амархан бууж өгөхийг огтхон ч хүсэхгүй байна. УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг хууль байхгүй гэдэг тайлбараа одоо ч хэлсээр байна. Үүнээс болоод Монгол төрийн ажил олон өдөр саатлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ээдрээтэй энэ байдлаас гарах гарц нь тодорхой хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх явдал гэж үзэж УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барьсан нь “анти М.Энхболдчуудад” том дэмжлэг бөгөөд Засгийн газар ч уг шийдвэрийг уухайн тас дэмжсэн. Гэхдээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын тайлбарласнаас үзвэл хууль өргөн барилаа гээд заавал хэлэлцэх албагүй гэнэ. Бас л бөөн маргаан үүсэх нь тодорхой болов. Үр дагаварт нь мөн л УИХ-ын үйл ажиллагаа саатах нь мэдээж. Төрийн эрх барих дээд байгууллагын ажил олон хоног гацахын хор хохирол улс орон, ард түмний нуруун дээр л бууна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийж энэ сарын 10-ны өдөр “МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал-”ыг дахин зохион байгуулахаа мэдэгдлээ. Л.Болд гишүүний ярьснаар бол 200 хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ өгчээ. Ингэлээ гээд байдал аль тийшээ эргэхийг одоогоор хэлэхэд төвөгтэй. УИХ-ын даргын аппаратын зүгээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй байх талаас нь ажиллавал маргаан мөд шийдэгдэхгүй. Хамгийн ойр харагдаад байгаа үр дүн нь УИХ тарах юм уу даа.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account