Х.Баттулга: Утааны аюул онц байдал зарлах хэмжээнд хүргэлээ

Х.Баттулга: Утааны аюул онц байдал зарлах хэмжээнд хүргэлээ

Х.Баттулга: Утааны аюул онц байдал зарлах хэмжээнд хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцож байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой онц байдал зарлах санал гаргаж, агаарын бохирдолтой холбоотой тоо баримтуудыг мэдээлэл болгон өгч байсан. Одоо танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоо. Бид утаатай холбоотой мэдээллийг хэдэн жил ярьж, өөр хоорондоо солилцов? Тоо нь, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь эрх мэдэл нь ихсээд л байдаг. Гадаадын хүмүүс ирчихсэн байгаа юм шиг “утаа тэгсэн…, барилга тэгсэн…, мөнгө хүрэхгүй байна…” гэж бие биедээ танин мэдэхүйн юм яриад, ажил хийж байгаа мэт чухал царайлахаа боль. Шийдэж цөхөөд байх зүйл байхгүй. Сэтгэл, зүрх байх юм бол шийдэгдэнэ. Мөнгөгүй гэж ярихаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэлгүй. Сая УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байна. 2010 онд Монгол орны хөгжлийн бодлогыг бүх өнцгөөс нь харсан, хөдөө орон нутаг, дэд бүтэц, хотжилтоо оруулсан сайн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг олон хүн эсэргүүцдэг. Алслагдсан 98 сумаа шинэчилье, 21-р зуун гарлаа. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, захиргаа гээд бүгдийг нь халуун, хүйтэн устай болгоё гэсэн ч таван сумыг шинэчлэх мөнгийг нь шийдээд хоёр сум баригдаад л энэ ажлыг зогсоосон. Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Шийдэл л гаргах ёстой. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой билээ. Малчид л орлоготой болох ёстой биз дээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Хөдөө, аж ахуйн биржийг хөгжүүлье гээд Хөдөө, аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн энэ ажил одоо хаана, хэрхэн явж байгааг юм бол. Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваатай ярьж байгаад арьс, ноос боловсруулах үйлдвэрээ Дарханд барья гээд дэмжигдсэн. Иймэрхүү шийдлээ л өнөөдөр ярих хэрэгтэй байна. Хөдөөгөө хөгжүүлж байж л нүүдлийг зогсооно. Ямар ч замбараагүйгээр газар олгосноос болж төлөвлөлтгүй орон сууцнууд ихээр баригдсан. Тиймээс дагуул хот байгуулъя гэж 2010 оноос хойш ярьсан. “Шинэ Яармаг” хороолол гэхэд 10 мянган айлаас судалгаа авахад 80 орчим хувь нь газраа орон сууцаар сольё гэсэн. Улмаар барилгыг нь өөрсдөөр нь бариулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажлыг зогсоосон. Ажилгүйдэл, ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж л утаанаас салах ёстой. Иймэрхүү шийдвэрийг сонсголоос гаргаж Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй. Нүүдлийг хөдөөгийн хөгжил, малчдын орлогыг өсгөх замаар, хотоо дагуул хот байгуулах, их сургуулиудыг гаргах, зарим яамдыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй. Бусад орны шийдсэн туршилгыг судалж, яриад одоогоос 9 жилийн өмнө УИХ-аар батлуулчихсан ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо утаагүй зуух гэж ярих ёсгүй. Энэ сонсголоос шийдэл гараасай. Энэ бол танилцах уулзалт биш шүү” хэмээн хатуухан үг хаяв.

Тэрбээр мөн “Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа  холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжид энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна.  Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж  газар суларна. Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын хүчийг төвлөрүүлж  хугацаатай, үе шаттайгаар богино хугацаанд утааг эрс багасгах ийм боломжийг ашиглахын оронд зуух, түлш зарж бизнес хийсээр ирсэн нь даан ч харамсалтай. Өмнөх үйлдлүүдийг цэгцлэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохын сацуу утаатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, нэгдсэн бодлогодоо төвлөрүүлэн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж  ажиллах шаардлагатай байна’ гэлээ.

cэтгэгдэлүүд
  • утаа ёстой аймааар байна

  • хий ярьсанаас ямар бид биш эрх мэдэл боломж ард олонд амалсан амлалт байна онцгой байдлаа зарлаач хохиролыг нөхөн төлүүлээч хувиараач хувьсгалаарч хүрэлсүхтэй тохирч чадахгүй гэх биш

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account