Хотын дарга ажлаа архидалттай тэмцэхээс эхлэх нь зөв

Хотын дарга ажлаа архидалттай тэмцэхээс эхлэх нь зөв

Хотын дарга ажлаа архидалттай тэмцэхээс эхлэх нь зөв

Нийслэлийн Засаг даргаар томилогдоод удаагүй С.Амарсайхан ажлаа архидалттай тэмцэхээс эхлэхээ мэдэгдлээ. Үнэхээр архинаас болж монголчуудын хөгжил хэдэн жилээр ухраад байгааг хэлж мэдэхгүй. Архинаас болж айл гэрийн амьдрал сүйрч байна. Архинаас болж гэмт хэрэг ихэсч, ид хөдөлмөрлөж бүтээх насны олон сайхан залуу хэрэгт холбогдож байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж. Өөрөөр хэлбэл, баар рестораны гадаа согтуугаар өдүүлэх хэрэг эрс нэмэгджээ. Цагдаагийн байгууллагаас аргаа барахдаа  “Нэг хором уураа тэвчье” аяныг санаачилж, нийгэмд анхааруулга өгөөд эхэллээ шүү дээ.

Хотын даргын хувьд “Өдрийн ажлаа хийж дийлэхгүй байж шөнө наргиж цэнгэх тухай яриа байж болохгүй. Иймд шөнийн Улаанбаатар нэртэй гудамжийг хаах нь зүйтэй” гэж эрс мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр тэрбээр “Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалга гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, “Баар, ресторан цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг зэрэглэл ангиллаас нь хамаарч тогтоох тухай саналаа холбогдох байгууллагууд оруулж ирэх хэрэгтэй. Нийтээр нь хавтгайруулан өглөөний 04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгодог байдлыг эргэж харах ёстой. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч, тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх нь чухал” хэмээн анхааруулсан байна.

Архинд живсэн ард түмэн мөхдөг гашуун түүхийг мэддэг шигээ мартаж болохгүй. Хавтгайрсан архидалт бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой сэдэв. Гэхдээ дан ганц хотын дарга ярьж, хэдэн уушийн газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар шийдэгдэх асуудал биш. УИХ, Засгийн газар, шат шатны төрийн байгууллагуудын асар их идэвх зүтгэлээс хамаарах үр дүн. Үүнд төрийн бус байгууллагуудын үүрэг оролцооноос гадна иргэн бүрийн хичээл зүтгэл, хандлага хамгаас чухал. Улс орны эдийн засаг Ерөнхий сайдын хэлснээр бол сэхээнээс гарсан ч энгийн тасагт эмчлүүлсээр байна. Энэ “хүн” эдгэрч, хөл дээрээ боссон цагт Монгол улс, монголчуудын амьдрал өнгө төрхөө олно. Өвчин нь эдгэхгүй байгаагийн нэг шалтгаан нь архидалт шүү дээ. Өнөөдөр хийж бүтээхээс илүү яаж шил архины мөнгө олох вэ гэдэг бодолтой залуусын тоо өдөр ирэх бүр нэмэгдэх нь эмгэнэлээс гадна сүйрлийн дохио. 1990-ээд оноос эхэлсэн архидах мода “архичин армийн цэргүүд”-ийг “өсгөн бойжуулж”, өнөөдөр залуу үе халааг нь авч байгаа нь нууц биш. Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид шөнийн 02 цагт цүнхээ үүрчихээд архи уугаад явах хэмжээнд хүртлээ архины хэрэглээ ихэсч, архичдын эгнээ залуужжээ.  Хэдийгээр орон сууцны нэг давхарт архи зарах хориотой ч түүнийг хэрэгжүүлдэг газар гэж алга. Нэг байранд 2 архины дэлгүүр байна гээд бод доо.

Түүнээс гадна статистик судалгаагаар үзүүлэлт нь буурахгүй байгаа нийтийг хамарсан архидалт, өсвөр үеийнхний архинд донтох болсон шалтгаан нөхцлийг холбогдож байгууллагууд тогтоох ёстой. Залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллага энэ талаар ямар ажил хийж байна вэ? Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид юу бодож сэтгэл амар алхана вэ? Маргаашийн амьдралаа харахын оронд өнөөдрийн архи, тамхи бодож суугаа тэр хүүхдүүд ирээдүйд хэн болох вэ? Бид ямар хүмүүст тусгаар улсынхаа алтан жолоог атгуулах вэ? Нарийндаа бол энэ чинь улс орны хувь заяатай холбоотой асуудал шүү!

Д.Лхагвадорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account