УИХ-ын гишүүд: Үгээр хэлэхийн аргагүй муухай бичлэг үзлээ

УИХ-ын гишүүд: Үгээр хэлэхийн аргагүй муухай бичлэг үзлээ

УИХ-ын гишүүд: Үгээр хэлэхийн аргагүй муухай бичлэг үзлээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг буруутган, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял оноосон. Гэвч уг хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон гэх асуудал яригдаж байгаа. Тодруулбал, С.Зоригийн хэргийг шалгасан ажлын хэсгийн тагнуулын хоёр, шүүхийн шийдвэрийн нэг хүнийг цагдан хориод байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хилсээр ял оноож, эрүүдэн шүүсэн тул ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна гэсэн юм.

Тэгвэл эрүүдэн шүүсэн гэх 6 хоногийн бичлэгээс 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ. Энэ талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин: Маш муухай. Үгээр хэлэхийн аргагүй муухай юм байна. Бичлэгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Гэхдээ даралт ихтэй хүн үзээд хэрэггүй л юм байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Байж болохгүй зүйл байна. Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж найдаж байна. УИХ энэ асуудлыг шударгаар шийдэх байх гэсэн байр суурьтай байна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хууль хяналтын байгууллага болгоомжтой хандаж байгаа юм билээ. Хэргийн мөрдөн байцаалтад саад болохгүй бичлэгийн хэсгээс ил болгох шийдвэр гаргасан. Үүнийг тагнуулын байгууллагаас гишүүдэд 20 орчим минутын бичлэгийг үзүүллээ. Монголд ийм нөхцөл байдаг юм байхдаа гэж гайхахаар, нүд халтирам бичлэг байна лээ. Төв аймгийн хорих ангид хорьсон. ОО байхгүй, агааржуулагч, ус байхгүй гээд хоригдож байгаа нөхцлөөс нь авахуулаад хүнд л байна лээ. Б.Содномдаржаагийн хоригдож байгаа өрөөнд онц хүнд гэмт хэрэгтэнг, мөн Ц.Амгаланбаатарыг хамтад нь оруулж, Б.Содномдаржааг шөнөжин унтуулахгүй дэглэж хонож байгаа зэрэг асуудлууд байна лээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэлээн айхтар зүйл харлаа. Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байгаа. Төр иргэнээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангаж байгаа тийм үү. Шударга ёсыг сахиулах ёстой хуулийн байгууллагууд, хяналт тавих ёстой байгууллага, хууль биелүүлэх ёстой улсууд маань ийм байдалд орооцолдсон байгаад санаа зовж байна. Монголын хууль хяналтын байгууллага түүхэнд хар толбо үлдээлээ. 20-иод минутын бичлэг үзүүллээ. Эрүүдэн шүүж, дарамталж, хүчээр хэрэг хүлээлгэж байгаа байдлыг гишүүд бодитой, дуутай үйл явдалтай нь харлаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Бичлэгийг үзэхэд тэвчишгүй л юм байна. Эрүүдэн шүүж, бие махбодь болоод сэтгэл санааны хувьд яаж дарамталж, хэрэг хүлээлгэж байгаа нь аймшигтай. Үгээр хэлж чадахгүй байна. Ил болсон мэдээлэл учраас хэвлэл мэдээллээр гарах байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: “Бичлэгийн дараа мэдээж ийм харгис, хэрцгий, эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, эсвэл үүнийг хөхүүлэн дэмжсэн, зогсоох ёстой байтал зогсоогоогүй хүмүүст нь хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл оноох ёстой. Мөн хэрцгий балмадаар хилс хэрэгт гүтгэгдээд яллагдсан хүмүүсийг хуулийн байгууллага дахин хэлэлцэж, яаралтай суллаж, энэ хүмүүсийг ар гэртэй нь бушуухан уулзуулж, монголын төр уучлал гуйх ёстой. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, яагаад ийм алдаа дутагдал гарав гэдэгт УИХ дүгнэлт хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хүнийг яргалах замаар хилсээр ял тулгасан байна. Хүнийг нойргүй хонуулж, явган суулгаж, суниалгаж, өөр ялтныг оруулж, тэр дундаа эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, албаар ял тулгаж байгаа бичлэг байна. Үүнийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Олон нийтэд шууд задлахыг бас бодолцох ёстой. Энэ нь хуулийн хяналтын байгууллагын нэр хүнд, төрд итгэх итгэлтэй холбоотой асуудал. Ард түмнээс нууж байгаа юм биш. Гэхдээ зайлшгүй шаардлага гарвал үзүүлэх боломжтой. Нууцаас гарсан бичлэг. Үндсэндээ жил гарны бичлэгийн эхний зургаан өдрийн бичлэг. Нотлох баримтаа устгасныг сэргээсэн бичлэг. Мөн Д.Булгантай холбоотой ч юм уу бичлэгүүд байгаа. Үүнийг прокуророос зөвшөөрөөгүй учраас үзүүлэх боломжгүй. Цаашдаа ийм зүйл битгий болоосой гэж бодож байна.

Б.Анир /эх сурвалж: www.zaluu.com/

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account