Томографийн шинжилгээ нь үхлийн шалтгааныг өндөр нарийвчлалтай тодорхойлдог

Томографийн шинжилгээ нь үхлийн шалтгааныг өндөр нарийвчлалтай тодорхойлдог

Томографийн шинжилгээ нь үхлийн шалтгааныг өндөр нарийвчлалтай тодорхойлдог

Монголын Шүүх эмнэлгийн дүрс оношилгооны нийгэмлэгийн тэргүүн Г.Очхүү, тус нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Мөнхбаатар нартай ярилцлаа.

-Саяхан танай нийгэмлэгийн хурал болсон.  Голчлон ямар асуудал хэлэлцэв? Энэ сэдвээс ярилцлагаа эхлэх үү?

Саяхан манай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурал болж 2019 оны ажлын төлөвлөгөөг гаргасан. Манай нийгэмлэг Монголын Дүрс Оношилгооны /Радиологийн/ Нийгэмлэгийн салбар Монголын Шүүх Эмнэлгийн Дүрс Оношилгооны /Радиологийн/ Нийгэмлэг /МШЭРН/ 2016 онд анх байгуулагдсан. Манай нийгэмлэгийн зорилго нь  дэлхий дахинд шүүх эмнэлгийн практикт хүн нас барсны дараа цогцост Компьютерт Томографийн шинжилгээ  /КТ шинжилгээ/, Соронзон Резонанст Томографи /MRI/ болон ангиографи  зэрэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглаж үхлийн шалтгааныг тогтоох арга аргачлалыг анх удаагаа Монголдоо нэвтрүүлэхэд оршиж байна. Цогцост хийх багажийн шинжилгээ нь үхлийн шалтгааныг өндөр нарийвчлалтай тодорхойлох бөгөөд цогцсыг орон зайн 3 хэмжээст хавтгайд тод дүрсэлдэг. МШЭРН нь байгуулагдсан цагаасаа ХСИС болон АШУИС-иудад жил бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол оролцож гадны улс орнуудад цогцост КТ, Соронзон Үелзүүрт Томографи /MRI/ болон ангиографи /angiography/ зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж хүрсэн хөгжлийн түвшин болон өнөөгийн байдлын талаар лекц сургалтуудыг хийж байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-д судалгаа шинжилгээний ажлуудыг хийж онол практикын хурлуудад амжилттай оролцож ирсэн.

-Та уламжлалт задлан шинжилгээ болон КТ шинжилгээний давуу болон сул талуудыг мэргэжлийн хүнийнхээ хувьд харьцуулж ярьвал уншигчдад илүү ойлгомжтой мэдээлэл болох байх?

-Энгийн жишээгээр тайлбарлая. Уламжлалт задлан шинжилгээг нас барсан хүн бүрт хийх журамтай. Энэ нь талийгчийн үхлийн шалтгаан тодорхой насны эцэс болоод жамаараа нас барсан тохиолдолд задлан шинжилгээ хийлгэмээргүй байна гэсэн гэр бүлийн гишүүдээс хүсэлт тавьдаг. Журмаараа бол заавал задлан шинжилгээ хийлгэх ёстой байдаг. Үүнийг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй. Энэ нь аль аль талдаа хэцүү. Харин олон улсын практикт цогцост заавал задлан шинжилгээ бус зарим тохиолдолд КТ шинжилгээг талийгаачид хийдэг. Задлан шинжилгээгээр гэр бүлийн гишүүдэд үхлийн шалтгааны талаар мэдээлэл өгөхөд 1 сарын хугацаа шаарддаг. Тэгвэл КТ шинжилгээ нь хэдэн цагийн дотор шалтгааныг гаргаж ирэх давуу талтай. Задлан шинжилгээнд биеийн бүх хэсгийг шинжлэх боломж байхгүй. Тэгвэл КТ шинжилгээнд энэ нь бүрэн боломжтой. Задлан шинжилгээ болон КТ-ийн шинжилгээ хийхэд аль алинд нь тодорхой хэмжээний төлбөр гардаг. Мэдээж шинжилгээний давуу талд нь тохирсон тодорхой хэмжээний зардал гарах нь зүйн хэрэг. Мөн хугацааны хувьд задлан шинжилгээ 3-аас дээш цаг үргэлжилдэг бол КТ-ийн шинжилгээ 20-30 минут хийгддэг. Олон улсын практикт уламжлалт задлан шинжилгээ болон КТ-ийн шинжилгээг хослуулсан байдлаар хийх нь хамгийн оновчтой арга гэж үздэг.

-Цогцост КТ-ийн шинжилгээ хийх нь шүүх эмнэлгийн шинжээч эмч нарт ямар ач холбогдол, давуу  үр дүнг өгөх вэ?

-Шүүх эмнэлгийн шинжилгээний газар нь ХЗЯ-ны харьяанд байдаг, шинжээч эмч нь дүгнэлт гаргахдаа анагаах ухааны нарийн мэргэжлүүдийг эзэмшсэн байх шаардлагатай их өвөрмөц мэргэжил юм. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллагад эмнэлгийн мэргэжилтний үүднээс тайлбар, нотолгоог гаргаж өгдөг хуульч-эмч гэж хэлж болно. Энэ ч утгаараа дүгнэлтээ чанартай, хариуцлагатай, алдаа мадаггүй гаргахын тулд орчин үеийн техник технологийг практикт хэрэглэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Энэ маань эргээд хууль эрх зүйн хувьд өндөр ач холбогдолтой болж ирж байгаа юм. Үхлийн шалтгааны талаарх эрхтэн систем дэх анализ дүгнэлтийг газар дээр нь бодит агшинд хийж, задлан шинжилгээний дүгнэлтэд КТ-ийн шинжилгээ нь нэмэлт мэдээлэл болж өгдөг. КТ-ийн шинжилгээ нь үр дүн өндөр нарийвчлалтай гардаг гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, задлан шинжилгээтэй харьцуулахад биеийн хэсэг тус бүрийг толгой, хүзүү, цээж болон хэвлий,  багана нуруу, аарцаг гэх мэт ерөнхийдөө бүхэлд нь богино хугацаанд оновчтой шинжилж дүгнэлт гаргадаг. Хамгийн гол давуу тал нь цогцост хийгдсэн КТ-ийн шинжилгээний зураг, дүрслэлийг олон жилийн турш хадгалах боломжтой. Сүүлийн үед бурхан болооч нарыг чандарладагтай холбоотой цогцос ул мөргүй болдог тул КТ-ийн шинжилгээг хадгалах, архивлах нь өндөр ач холбогдолтой.  Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд КТ-ийн шинжилгээний зургийг ашиглах, харьцуулан судлахад чухал  үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Нас барсан хүмүүсийн ар гэрийнхний зүгээс, мөн хуулийн байгууллагаас дүгнэлт гаргасантай холбоотой санал, гомдол гардаг байх, дүгнэлт буруу зөв гарсан ч гэх юмуу, энэ асуудлыг та нарын зүгээс яаж шийдвэрлэдэг вэ?

Мэдээж хэрэг өнөөгийн нийгмийн байдал ямар байгаа билээ, санал гомдол гаралгүй яахав. Одоогийн байдлаар шинжээч эмч нар талийгаачийн цогцсыг шинжлэхдээ уламжлалт задлан шинжилгээний аргыг хэрэглэж байна. Дүгнэлт гаргахдаа нас барсан шалтгааныг тогтоохын тулд бүхий л шинжилгээний дээжүүдийг авч шинжлэн судалж байгаа боловч дэлхий нийтээр зөвхөн задлан шинжилгээ хийх нь нас барсан шалтгааныг тогтоох алтан стандарт биш юм гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байна. Энэ нь нэг талаас техник технологийн үсрэнгүй хөгжил, даяарчлагдсан нийгэм дэх хүмүүсийн сэтгэлгээний хурд нэмэгдэж буйтай, нөгөө талаас шашин шүтлэг, анагаах ухааны судалгаа, шинжилгээний хувьд ач холбогдол ихтэй байгаатай холбож үзэж болно. Мөн нэг чухал зүйл нь хуулийн байгууллагынхны өмнө байнга тулгарч байдаг гадны нөлөөтэй болон нөлөөгүй шалтгаанаар нас барсан эсэхийг цаг алдалгүй тогтоож өгснөөр гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх, гэмт хэрэг үйлдэгдсэн багаж зэвсгийн үйлчлэл, хэлбэр хэмжээ, тоог тодорхойлох, үхлийн шалтгааныг нарийвчлалтай тогтоох, зөвхөн хуулийн байгууллага ч гэлтгүй анагаах ухааны салбарт ч судалгаа шинжилгээний өндөр ач холбогдолтой юм.

-Цогцост хийх КТ-ийн шинжилгээг ямар эмнэлэг хийх боломжтой вэ?

-Цогцост хийгдэх Компьютерт томографийн шинжилгээг зөвхөн тусгайлсан зөвшөөрлийн дагуу ШШҮХ-ийн ШЭШГ-т Дүрс оношилгооны тасагт хийнэ.

Цогцост хийсэн КТ-ийн шинжилгээний дүгнэлтийг хэн гаргах вэ?

-Шүүх Эмнэлгийн Дүрс оношилгооны чиглэлээр нарийн мэргэшсэн эмч (Forensic Radiologist), шинжээч эмч нарын баг шинжилгээний дүгнэлтийг гаргана.

-Уламжлалт аргаар задлан шинжилгээ хийлгэхэд шашин шүтлэгтэй холбоотой зөрчилдөөн гардаг уу?

-Дэлхий дахинд нас барсан хүний биеийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр нутаглуулах  шашин шүтлэг болон зан үйлтэй холбоотой уламжлал байдаг. Тухайлбал зарим шашинд нас барсан хүний биеийн бүтэн байдлыг хадгалж (өөрөөр хэлбэл задлан шинжилгээ хийлгэхгүй гэсэн санаа) оршуулбал тэнгэрийн оронд амгалан тайван нойрсоно гэж номлодогтой холбоотой юм. Иймээс нас барсан хүнд хийх КТ-ийн шинжилгээ хүний биеийн бүрэн бүтэн байдлыг хадгалж шинжлэх, үхлийн шалтгааныг тодорхойлоход давуу талтай бөгөөд энэ шашны шүтлэгтэй холбоотой асуудлыг зохицуулж байгаа том давуу тал болно.

-Манай улсад цогцост хийх КТ-ийн шинжилгээг нэвтрүүлэх цаг нь болсон байна гэж ойлгож болох уу?

-Дэлхийн улс орнуудад  Шүүх эмнэлгийн пратикт КТ болон бусад олон дэвшилтэт техник технологи нэвтрээд хурдацтай хөгжиж буй энэ салбарыг Монголын шүүх эмнэлгийн дүрс оношилгооны салбарт нутагшуулж  дэлхийн  хөгжилтэй мөр зэргэцэн хөгжих үндэс нь техник технологийн хөгжилд суурилсан орчин үеийн тоног төхөөрөмжийг  ашиглах явдал юм. Энэ хөгжлийн эхний алхам нь эрх бүхий төрийн байгууллагуудаас эрх зүйн орчин бий болгож эхний удаадаа цогцост хийгдэх КТ-ийн шинжилгээг нэвтрүүлэх нь  тулгамдсан асуудал болоод байна. Шүүх эмнэлгийн практикт цогцост КТ шинжилгээ хийснээр шинжээч эмч нар тухайн тохиолдол бүрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохоос гадна эрдэм шинжилгээ судалгааны өргөн бааз суурьтай болно. Ингэснээр зөвхөн шинжээч эмч гэлтгүй ХСИС болон АШУИС-ийн оюутнуудад, төгсөлтийн дараах сургалт судалгаа хийх боломж нээгдэж ирнэ. Эмнэлгийн нас баралтын дараа тухайн эмгэгийг задлан шинжилгээ болон КТ-ийн шинжилгээний хариуг харьцуулан судлаж онош болон эмчилгээний үр дүнг дүгнэж цэгнэхэд чухал ач холбогдолтой. Мөн олон оронд занданшуулсан шарил дээр КТ-ийн шинжилгээ хийж антропологийн үүднээс цаг хугацаа, нас, хүйс, өндөр нам, гарал, угсаа болон үхлийн шалтгааныг илрүүлэх гэх мэт олон асуултуудад хариулт авч байна.

-Цаг зав гаргаж, тодорхой сэдвээр ярилцлага өгсөн та бүхэнд баярлалаа. Зорьж буй ажилд тань амжилт хүсье.

Д.Дорж

 

cэтгэгдэлүүд
  • сонирхолтой мэдээлэл авлаа

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account