С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгууллаа

С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгууллаа

С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэргэд С.Зоригийн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг гишүүн Л.Болд танилцуулахдаа “Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан иргэд, олон нийтийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа юм. Хэргийг илрүүлэх чиглэлээр хуулийн байгууллагаас олон удаа ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар 18 жилийн хэргийг илрүүлэн ял оноосныг Улсын дээд шүүх эцэслэн шийдсэн хэдий ч энэ хэргийг тойрсон маргаан, эргэлзээ, талуудын зөрчилтэй байр суурь байсаар байгаа, эрүүдэн шүүх замаар хэргийг тулган хүлээлгэсэн байх магадлалтай болоод байгаа. Иймээс хэргийг тойрсон эргэлзээг тайлж олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх, хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн асуудлыг нягтлан тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны үүднээс тавигдах зүй ёсны асуудал юм. Мөн 2018 оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад албан бичиг ирүүлж, 2017 онд шийдэгдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг Олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа дурдаад эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс Улсын Их Хурал дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалжээ. Түүнчлэн Улсын Их Хурлаас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байгаагаа дурдсан байна. Иймээс ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийн дагуу Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан асуудлыг нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан” гэлээ.

Тэрбээр мөн “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлыг Монголын парламент анх удаа парламентын түвшинд авч хэлэлцэж, өөрийн бүтцэд Түр хороо байгуулж анхаарал хандуулахаар болж байгаа нь тун чухал алхам. Энэ нь Монгол Улсын олон улсын нэр хүндэд ч хамаатай асуудал гэдгийг бодолцох ёстой. Энэ хэргийн шийдвэрлэлтийг тойрсон эргэлзээ, маргааныг нэг мөр эцэс болгож, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг бусармаг явдлыг таслан зогсоох цаг болсон, үүний тулд энэ Түр хороог байгуулах зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлов.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хэрэв энэ Түр хороо байгуулагдвал Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад ямар ямар хуулийн аль аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж таарна. Үүний цаана гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрх зөрчсөн асуудал яригдаж байгаа, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, тэдний ар гэрийнхнийг айлган сүрдүүлж дарамталсан гэх зэрэг асуудлыг маш нарийн шалган тодруулах шаардлагатай. Иргэдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг, мөрдөж мөшгөдөг, айлган сүрдүүлж дарамталдаг хууль зөрчсөн үйлдэл, бусармаг явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах үүднээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана” гэлээ. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжив.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account