Ц.Цэнгэл: Төрийн яам шуурхай, хүнд сурталгүй ажиллах ёстой

Ц.Цэнгэл: Төрийн яам шуурхай, хүнд сурталгүй ажиллах ёстой

Ц.Цэнгэл: Төрийн яам шуурхай, хүнд сурталгүй ажиллах ёстой

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй дараах яриаг өрнүүлэв. 

-Энэ удаагийн ярилцлагаа зарим уншигчийн мэдэхийг хүсдэг сэдвээс эхлэе гэж бодлоо. Ингэхэд яамны Төрийн нарийн бичгийн дарга ямар үүрэгтэй албан тушаал вэ?

-Миний бие 2015 онд буюу хамтарсан Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод одоог  хүртэл ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн даргын ажил бол яамны “гал тогоо”. Засгийн газрын болон яамны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, томилгоо хийх, мэдээ мэдээллээр бүрэн дүүрэн хангах гээд  гол асуудлуудыг хариуцдаг. Товчхондоо  яамны өдөр тутмын үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг гэсэн үг л дээ. Энэ утгаараа салбарын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудыг голчилж цаг хугацаанд нь биелүүлэх, шаардлагатай баримт бичгийг яаралтай гаргах, стандартыг мөрдүүлэх гээд ерөөсөө эхлэл төгсгөлгүй ажлуудыг зохион байгуулдаг албан тушаал.

-Ц.Цэнгэл гэдэг хувь хүнийхээ хувьд биш Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтныхаа хувьд ямар зарчим барьж ажиллаж байна вэ? Төрийн ажлын ноён нуруу нь таныхаар юу вэ?

-Төрийн яамны ноён нуруу нь ард түмэнд ойр байхад оршино. Яамны ажил бүтээлч байхад онцгой анхаарч  ажиллаж байна даа. Давтаад хэлэхэд яамны ажил  маш бүтээлч, олон түмэнд ойрхон, ойлгомжтой байх ёстой юм. Ялангуяа ард иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүнд сурталгүйгээр шийдэх тал дээр анхаарч ажиллахгүй бол олон жил урхагшсан ажил их байна. Ялангуяа  иргэд маань яамнаас гарахдаа сэтгэл дүүрэн мэдээлэл аваад гарч байх ёстой юм л даа. Энэ тал дээр дутагдалтай зүйл байна. Иргэдийг олон дахин ирүүлж цаг завыг нь үрдэг үзэгдэл гарах юм. Ер нь боловсон хүчний бодлого алдагдаж иржээ. Эрх мэдлээр далайлгаж албан тушаалд тавьснаар төрийн яамны дархлаа муудсан байна. Бидний хувьд залуугаасаа зарчимч, ёс зүйтэй орчинд ажиллаад сурчихсан болохоор нийт ажилтнууддаа төрийн ажилд чин сэтгэлээ зориулж ажиллах шаардлага тавьдаг. Цаанаа л хөнгөн шуурхай биш, чөлөөтэй байж байгаад цалингаа аваад явах сонирхолтой улс мэр сэр байна. Төрд ажилладаг хүмүүс үнэнч шударга, бүтээлч, байнга шинийг эрэлхийлдэг, сэтгэл зүтгэлтэй байж гэмээнэ төрийн ажил урагшаа явна шүү дээ.

-Сонгуулиар нам солигдохоор сайд солигддог. Та гуравдахь сайдтайгаа ажиллаж байна. Сайд солигдоод байхаар ажил хийхэд төвөг учрах юм уу?

-Би өмнө нь Н.Батцэрэг, Д.Оюунхорол, одоо Н.Цэрэнбат сайдтай ажиллаж байна. Миний хувьд ямар ч сайдуудтай ажиллаж чадна. Надад хувийн сонирхол байхгүй. Төрийн аппаратыг хэвийн, зарчимч шаардлагын дагуу явуулж байвал хэн ч сайд байсан хамаагүй л дээ. Төрийн албаны хууль гарлаа л гэнэ. Хуулийн дагуу бүх асуудал зүгшрэх хэрэгтэй байгаа юм. Төрийн албаны шалгалт өгөөгүй хүн ч яаманд байж байдаг. Энэ мэт асуудлууд л  төрийг бохирдуулж байгаа юм. Н.Назарбаев Казахстаны Ерөнхийлөгч байхдаа боловсон хүчнийхээ бодлогод маш их анхаарч аливаа албан тушаалд тавих хүнээ айхтар нарийн бэлтгэдэг байсан гэдэг. Түүний хүчинд л Казахстан улсын хөгжил өнөөдөр сайн байна. Манай улсын тухайд мөнгө төгрөгтэй л бол албан тушаалд очдог буруу хандлагаасаа нэн яаралтай татгалзах хэрэгтэй. Төрийн төлөө бодлоготой ажиллахгүй бол Монгол төрийн дархлаа маш сулрах аюултай гэж сэтгэл их зовох юм. Монголын заяа буян их юм хойно түших байх гэж бодож, зүтгэж байна даа.

Дэлхий дахинд байгаль хамгааллын бодлого хамгийн чухал асуудал болоод байна. Энэ хэрээр салбарын яамны үүрэх ачаа нэмэгдэж байгаа биз?

-Дэлхий дахинд  ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэлд тавьж байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар ч БОАЖ-ийн яамыг Үндсэн чиг үүргийн яам болгосон нь цаг үеэ олсон мэргэн зөв бодлого. Тэгэхээр барилга барихдаа ч, эрчим хүчний шугам барихдаа ч ногоон хөгжлийн бодлогын хүрээнд  мэргэжлийн яам, агентлагуудтай зөвшилцөж байж газрын зөвшөөрлийн асуудлыг шийддэг баймаар байна. Бусад олон оронд барилга барих зөвшөөрлийг  ногоон хөгжил, усны асуудлыг барьдаг яам нь өгдөг юм билээ. Латин Америкийн Перу улсаас жишээ авахад л манай Монголоос хэд дахин илүү хөгжсөн байна билээ. Барилга байгууламж барих, эрчим хүчний шугам татах асуудал дээр байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн яам, агентлагийн зөвшөөрлийг авдаг гэсэн. Хөгжлийн бодлогыг эн тэргүүнд ярьдаг гэсэн үг. Бид ийм сайн жишгийг бодлого, үйл ажиллагаандаа тусгах хэрэгтэй байгаа юм. Би томилолтоор яваад ирсэн мэргэжилтнүүдээсээ заавал тайлан авдаг нь ийм учиртай.

Энэ дашрамд асуухад төмөр зам бол хөгжлийн нэгэн гарц. Та Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Монголд ашигтай төмөр замын төслийг амжилттай эхлүүлсэн гэдэг. Одоо энэ төсөл хэр яригдаж байна вэ? Сонирхож үзэв үү?

-Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байхдаа Хятадын Зам тээврийн сайдтай  уулзаж, нэлээд яриа хэлцэл хийсний үр дүнд тус улсын Төмөр замын нэгдүгээр хүрээлэнгийн дарга манай улсад айлчилж, улмаар төмөр замын шинэчлэл хийх параллель замын асуудлыг сөхөж тавьсан юм. 1950-иад онд тавьсан төмөр замыг солихоос өөр аргагүй болчихсон учир дорвитойхон ажил хийхээс аргагүй болоод байсан үе. Царигийн  хувьд  нарийн ч байж болно бүдүүн ч байж болно. Нийт 1600 км-ын асуудал шүү дээ. Үүний ТЭЗҮ-ийг боловсруулах үүрэг  тухайн үед  Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Да. Ганболд нарт тавигдаж, тэд нэг жилийн дотор буюу маш эрчимтэйгээр ТЭЗҮ-г гаргаж,  маршрутыг нь тогтоогоод геологи хайгуулын ажлыг хийсэн. Асар том ажил. Хамгийн гол нь Монгол Улс төмөр замын том бодлоготой гэдгээ харуулсан.

Энэ үйл явц чинь 2007 онд билүү?

-Тийм. Төсөл 2004 онд эхлээд 2007 онд ТЭЗҮ нь бэлэн болсон. Хэрэгжих хугацаа нь 5 жил. “Талын зам” нэртэй энэ төсөл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Хөгжлийн зам” нэртэй болж билээ. Хятадын төмөр замыг ОХУ-аар дайруулах маш том бодлого байгаа юм. Худалдан авагч нь Орос, тэгээд Европ. Европт маш хурдан очихын тулд пан төмөр замаа тавих ёстой. БНХАУ, ОХУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж, эдүгээ 100 гаруй тэрбум долларт хүрсэн. Цаашдаа хоёр улс  200 тэрбум долларт хүргэхээр ярилцаж байгаа. Энэ их ачааны тодорхой хувь нь Монголоор дайран төмөр замаар явах учиртай гэж харж байна. Энэ утгаараа манай улсын эдийн засагт ихээхэн үр дүн авчрах түүхэн ач холбогдолтой төсөл юм. Геополитикийн асуудал шүү дээ. Энэ  хүрээнд  гол замын зураг бэлэн болсон. Орос, Хятад хоёр будилж байх хооронд Казахстан улс БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Үрүмч хотын хойгуур төмөр замаа тавьчихаад Бага Ази, Дундад Ази руу нүүрс зөөж, жилд 100 сая тонн нүүрс гаргаж байна шүү дээ. Казахстан одоо асар баян улс болсноос үзвэл төмөр зам улс орны эдийн засагт манлайлах үүрэгтэй нь харагдаж байна. Астана хот сүүлийн 20 жилд дэлхийд байхгүй том том зочид буудал, барилга байгууламжтай болж. Хотын дизайн, хот төлөвлөлтийн хувьд дэлхийд гайхагдаж байна. Арабын ертөнцтэй ч ойрхон юм, Н.Назарбаев ч тэднийг татах тал дээр сүрхий бодлоготой ажилласан.

Ярилцсан Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • яг үнэн. МАН арай л туршлагатай тулхтай юмаа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account