Эрлэгийн элч болсон дүрэмгүй жолоочдын гай хэзээ тасрах вэ?

Эрлэгийн элч болсон дүрэмгүй жолоочдын гай хэзээ тасрах вэ?

Эрлэгийн элч болсон дүрэмгүй жолоочдын гай хэзээ тасрах вэ?

Автомашины ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүнийхээ тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Жилд 450-580 гаруй хүн энэ төрлийн гэмт хэргийн золиос болж байна гээд бодохоор дэндүү харамсалтай. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 185 хүн авто ослоор алтан амиа алдлаа шүү дээ. Манай хүн амын тоотой харьцуулж үзэхэд энэ бол үнэхээр хирдхийж цочмоор үзүүлэлт. Ослын нэлээдгүй хувь нь хөдөө орон нутгийн замд гарч, гэр бүлээрээ хохирсон тохиолдол ч удаа дараа гарсан. Тээврийн цагдаагаас аргаа бараад “Яараад яахав дээ” аяныг санаачилсан. Уг нь насанд хүрсэн хүмүүс орон нутгийн замд яаж явах ёстойгоо мэдэх ёстой! Хөдөлгөөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой! Дүрэм зөрчвөл өөрийгөө ч, тээвэрлэж яваа хүмүүсээ ч аймшигтай аюул руу түлхэнэ гэдгийг балчир хүүхэд ч гадарладаг байхад хамгийн хайртай хүмүүсээ хажуудаа суулгачихаад солиотой юм шиг явдаг хүмүүст хэлэх муу үг алга. Нэг үеэ бодвол Монгол Улсын зам харилцаа харьцангуй сайжирсан. Харамсалтай нь засмал зам дээр урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг, гүйцэд түрүүлдэг, согтуугаар жолоо барьдаг “малнуудаас” болоод өчрөл хагацал тасрахгүй нь.

Нийслэлд ч гэсэн хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, согтуугаар машин барьдаг хэрэг зөрчил огт буурахгүй байна. Замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигдсэн гэдгийг ойлгохгүй “оркууд” жолооны курсээс олноороо “үйлдвэрлэгдэн” гарч байгаад асуудлын нэгэн учиг бий. Нөгөө талаас хувь хүний ухамсартай холбоотой асуудал гэж мөн ч олон жил ярьж байна даа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгасан ч өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлд оруулах үзэгдэл буурахгүй байна. Ганцхан шөнийн дотор 70-120 согтуу жолоочийг илрүүлдэг гээд боддоо. Машин барина гэдэг маш том хариуцлага гэдгийг яс маханд шингэтэл ойлгуулахгүйгээр зам тээврийн осол буурахгүй нь.

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолооч нарыг торгож, жолоо барих эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа юм байна. Учраа мэдэхгүй хүүхдүүд биш яагаад заавал анхааруулга, санамж авч байж осол аваараас сэргийлэх ёстой гэж! Бусдад ямар их гай удаж байгаагаа хөгшин төрхтэй ч хүүхдээс дор сэтгэхүй, ухамсартай эрлэгийн элч-дүрэмгүй жолооч нар хэзээ ойлгох вэ? “Надад өглөө гараад орой гэртээ амьд ирэх баталгаа хэрэгтэй” гэж бараг 20-иод жилийн өмнө нэгэн сэтгүүлч бичиж байлаа. Одоо тэгвэл тэр үеэс байдал байдал дээрдсэн шинж алга. Зарим талаар бүр дордож. Ийм олон жил өнгөрчихөөд байхад монголчуудад яагаад замын хөдөлгөөнд соёлтой оролцох ухамсар төлөвшихгүй байна вэ?

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • яг үнэн ш дээ

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account