У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэн яасан цадаж ханадаггүй юм бэ?

У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэн яасан цадаж ханадаггүй юм бэ?

У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэн яасан цадаж ханадаггүй юм бэ?

Тост тосон бумбын нуруунд уул уурхайн олборлолт явуулж байгаагаас Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 28 булаг шанд ширгэж алга болсон талаар иргэний хөдөлгөөнүүд тэмцэл өрнүүлж, өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг ч зохион байгуулсан. Засгийн газрын зүгээс энэ асуудал дээр байр сууриа илэрхийлж эхэллээ.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон цагдаа, тагнуулын дарга нарыг дуудан уулзаж, үүрэг чиглэл өглөө. Ерөнхий сайд “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг нөхдүүд, зарим нэг олигархиуд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн радио телевизээр харж байгаа. Гурвантэс сумын нутгийн иргэд уйлаад ярьж байна. Тэд төрөөс ерөөсөө юм гуйгаагүй. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн, байгалийнхаа онгон дагшин байдал, эко системийг бүрэн бүтэн авч үлдэх гэсэн ард түмний илэрхийлэл, санаа бодол. Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад газрыг нь ухаад байгаа юм. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдын хувьд би энэ асуудлаар хоёр гурван удаа үүрэг даалгавар  өгч байсан. Энэ асуудалд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орныхоо газар сэндийчээд, ард түмнийг бухимдуулаад! Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж бодож байна. Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна шүү дээ, тагнуулын даргаа, цагдаагийн даргаа! Гурвантэс сумын иргэн Нямдаваа гэж хүн хэлж байна. “Энэ уул уурхайг зогсоохын төлөө хөөцөлдсөний төлөө 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гээд иргэн хүн авлигын асуудлыг улс орон даяар ярьж байна. Яагаад цагдаа үүнийг шалгахгүй байна аа. Улаанбаатар хотод уулзалтад оролцохоор хэлэлцүүлэгт ирсэн 40 орчим хүнийг авлигадах гэж оролдсон талаар хүмүүс радио телевизээр ил цагаан үнэн байдлыг ярьж байна. Яагаад та нар үүнийг шалгахгүй байна вэ. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад, нүдэн дээр чинь хууль зөрчөөд байхад яагаад шалгахгүй байна? “Саудгоби сэндс” компанид өгсөн ашигт малтмалын лиценз чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж тогтоол шийдвэр гаргах ёстой байтал тэр хурлыг хуралдуулахгүйгээр албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан байна. Хууль бусаар ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Яагаад үүнийг олж харахгүй байна вэ? Байгаль орчны сайд аа, Уул уурхайн сайд аа. Ард түмнийг авлигадах гэж байхад яагаад шалгахгүй байна вэ? Цагдаагийн даргаа, тагнуулын даргаа? Хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгай яасан бэ? Ерөнхий сайд жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байна, үр дүн нь хаана байна? Шударга ёсыг тогтоох ёстой, сайд нараа! Лицензийг нь цуцла! Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Өнөөдөр та шийдвэрээ гаргаад, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар Тост тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийг цуцла. Би үүрэг өглөө шүү. Аваачаад тавьчихсан байгаа машин техник хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж шалга, цагдаа, тагнуулын дарга аа. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ, хууль бусаар олборлолт хийсэн “Саудгоби сэндс” компаниар. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өгцгөө. Өвлийн тэсгим хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг та нар битгий мартаарай. Энэ хүмүүс яах гэж жагссан юм бэ? Монгол Улсад шударга ёсыг тогтоож өгөхийг хүсч жагссан. Тэр ард түмний хүсэл, итгэл найдварыг нь хуулийн хүрээнд хариулах үүрэгтэй. Тийм учир Монголын хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэж итгэж байна. Одоо ашиглаж байгаа уурхайнуудаа л ашигла. Илүү газар битгий олборлолт хийгээд бай! Тэр Тавантолгойгоо ашигла, Оюу толгойгоо ашигла! Үүнийг журамла, Сумьяабазар сайдаа! Tа бол эх орныхоо Төрийн далбааг мандуулж байсан тамирчин хүн. Эх орон гэж юу байдгийг та биднээс илүү мэднэ. Эх орон газар нутаг дээр тогтдог юм. Ард түмний амьдрах орчин бол газар нутаг. Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, энэ байгалийн эко системийг ямар ч  хүн хөндөж болохгүй. Ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой. Ийм л үүрэг өгье. Явцгааж болно, нөхөр дарга нар” гэлээ.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account