Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх саналыг дэмжлээ

Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх саналыг дэмжлээ

Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх саналыг дэмжлээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нэлээд ахицтай байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.

    Энэхүү хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар хэд хэдэн чухал санал дэмжигджээ. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийн хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж, мөн төслийн “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж өөрчлөн найруулсан Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  тус тус дэмжсэн байна. 

    Мөн “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь  урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм. Уул уурхайн замбараагүй ашиглалтыг Үндсэн хуулиар хориглож, байгалийн баялагийн хэдхэн хүн эзэмшдэг байдлыг өөрчилнө гэсэн үг.

  Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс татах үндэслэл болно” гэж өөрчлөх Ажлын хэсэг болон АН-ын саналыг  гишүүдийн олонх дэмжсэн байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүнийг эргүүлэн  татдаг болно гэсэн үг. Үүнийг дагаад төрийн түшээдийн үүрэг хариуцлага эрс дээшлэх нь тодорхой.

   Түүнээс гадна “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэж өөрчлөн найруулахаар болсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь  дэмжсэн. Олон жилийн турш улстөрийн хүрээнийхнээс гадна иргэдийн шүүмжлэлийн бай болж буй давхар дээл үүгээр эцэс болно. Хууль тогтоогчид зөвхөн хууль санаачлан батлах ажлаа л хийнэ. Засаглалын эрх мэдлийн хуваарилалт оновчтой болно.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account