Улс төр дэх угаарын хийтэй тэмцэх цаг болж

Улс төр дэх угаарын хийтэй тэмцэх цаг болж

Улс төр дэх угаарын хийтэй тэмцэх цаг болж

Улстөр бохир, улстөрийн эрх ашиг амин чухал болсон үед шударга ёс, хүн чанар утгаа алддаг ажээ. Угаарын хийд хордсоны улмаас 4 хүн алтан амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан нь  улстөржүүлэх, улстөрийн ашиг хонжоо олох сайхан шалтаг болох юм гэж үнэндээ олон хүний ой тоонд багтаагүй байх. Мэргэжлийн байгууллагын лабораторийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байхад л бараг л цөмийн бөмбөг хаячихсан мэтээр дайрч довтолж эхэллээ.

Үнэндээ түүхий нүүрсний аюул занал, хор уршиг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл хотын утаа гамшигийн хэмжээнд хүрсэн учраас нийслэл рүү цувах шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Ингээд ч байдал дээрдээгүй. Түүхий нүүрсний хэрэглээг халаагүй цагт утаа арилна гэж санасны гарз. У.Хүрэлсүхийн Засгийн газар зориг гаргаж нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг бүрмөсөн хориглох шийдвэр гаргаж, оронд нь илчлэг өндөртэй, утаа бага ялгаруулдаг сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Сайжруулсан түлшний хувьд ялгаруулах хорт бодис нь түүхий нүүрснийхээс хэд дахин бага гэдгийг эрдэмтэд тогтоосон. Гэтэл 40 иргэний угаарын хийд хордсон байдлыг далимдуулан Засгийн газрыг огцруулах хэмжээний улстөр явж эхэллээ. Гол нь төр засаг огцрох, огцрохгүйдээ бус сайжруулсан түлшний нэр хүндийг өндийхгүйгээр унагах аюул цаана  нь байна. Нэг ёсондоо эргээд түүхий нүүрсээ түлээд эхлэх аюул ойрхон байна гэсэн үг.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн  “Геологийн төв лабораторид 9 дээж шинжлүүлсэн. Чингэлтэй дүүрэгт угаартсан болон нас барсан гэх дуудлага өгсөн иргэдийн хэрэглэсэн түлшнээс 5 дээж авсан. Баянзүрхээс хоёр, Сонгинохайрхан, Хан-Уулаас нэг нэг дээж авч, шинжлүүлсэн. Стандартын хэмжээг хангаж байна уу гэдгийг шинжилсэн.  Нэр бүхий 19 айлаас авсан дээжийг шинжлэхэд чийглэг нь стандартын шаардлага хангасан гарсан. Чийглэг 10 буюу түүнээс доош байх ёстой. Шинжлэхэд 1.9-3.2 хүртэл чийглэгтэй байсан. 10-аас хамаагүй бага, бүр гурав дахин бага чийглэгтэй байна. Шаардлага хангасан. Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой. Тэгвэл шинжилгээгээр 23-24 гарсан.  Дэгдэмхий чанар нь стандартын үзүүлэлт 22 түүнээс бага байх ёстой.  Шинжилгээгээр 18.9-20.3-ын хооронд хэлбэлж гарсан.  Хүхэр нь нэг буюу түүнээс бага байх ёстой. Тэгвэл 0.95-1.04 гарсан. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэний хэрэглэсэн түлшнээс бага зэрэг илүү хүхэртэй гарлаа.  Илчлэг нь 6000-аас дээш байх ёстой, хэвийн гарсан. Геологийн төв лабораторийн шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргана. Угаарын хийнд хордсон гэх айл өрхийн хэрэглэсэн сайжруулсан түлшнээс дээж авч, АМГТГ-ын лабораторид шинжлүүлсэн. Зөвхөн айл өрхийн хэрэглэж байгаа түлш төдийгүй “Тавантолгой түлш”-ийн хоёр үйлдвэрийн нунтаг түлшнээс дээж авч, шинжлүүлсэн. Нүүрс нь ямар байна, боловсруулж гаргасны дараа ямар болов гэдгийг харьцуулах үүднээс давхар дээж авсан юм. Ингээд үзэхэд, бүгд стандартын шаардлага хангаж гарсан. Гаалийн төв лабораторид бид цардуулыг шинжлүүлэх хүсэлт өгсөн. Өчигдөр шинжилгээний хариу ирсэн. “Танай газраас 2019 оны аравдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд, уг бодис нь цардуул болох шаварлаг эрдэс агуулж байна”  гэсэн хариу ирүүлсэн. Зарим хүмүүс түлшинд химийн бодис хийгээд, иргэдийг хордуулсан юм биш биз гэж хардаад байгаа. Тэгвэл энэ химийн бодис биш. Химийн хордлогод хүмүүс өртөөгүй, угаартсан. Шинжилгээгээр ч гэсэн цардуул гэдэг нь батлагдсан. Органик цардуулыг түлэхэд угаар гардаггүй гэдгийг эрдэмтэд хүртэл батална. Энэ гурван хариуг үндэслэж, дүгнэлт гаргаад, нийслэлийн онцгой комисст өгнө. Өчигдөр угаартлаа гэдэг гомдлын дагуу улсын байцаагчид очиж ажиллаж, дээж авч байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооноос хоёр хүүхэд угаартлаа гэсэн дуудлага өгсөн. Эмнэлэгт гурван цаг хордлого тайлах эмчилгээ хийлгээд гарсан. Дуудлага өгсөн иргэд сайжруулсан түлш аваад түлсэн, унтахдаа яндангийнхаа хоолойг хаасан гэж мэдүүлсэн. Иргэд хэрэглээгээ анхаарахгүй бол болохгүй нь” хэмээн бодит байдлыг танилцуулав. Үнэхээр сайжруулсан түлшнээс болж угаартсан юм бол нийслэлийн нүсэр гэр хорооллын энэ олон айл өрх бүгдээрээ угаартах байсан юм биш үү?

Үүнээс үзвэл хүний үхлээр шоу хийгээд ч хамаагүй улстөрийн ашиг хонжоо олж л бусад нь хамаагүй болжээ. Хамгийн гол нь энэ улстөржилт нийслэлчүүдэд ямар их гай авчирахыг төсөөлөх аргагүй болоод байна. Монголын улстөр бохирын хувьд бохир. Улстөрчид увайгүй гэвэл увайгүй. Гэхдээ арай ч хүний үхлээр улстөр хийхдээ тултлаа бохирдсон байх юм гэж санасангүй. Уг нь нам харгалзахгүй утаагүй Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй цаг үе шүү! Нийт хүн амын 4/3 нь төвлөрсөн Улаанбаатар хот  Монгол Улсын тусгаар тогтнолын зүрх биш гэж үү? Улстөр дэх угаарын хийн хордлоготой тэмцэх цаг болж.

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • гэр хорооллоо барилгажуулаа

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account