Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо

Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо

Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо

Монгол Улс Олон улсын ФАТФ байгууллагын саарал жагсаалтад орсонтой холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан билээ. Уг асуудалтай холбогдуулж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд УИХ хүлээж авсан юм. Түүний оронд ямар хүн томилогдохыг улстөрчид таамаглаж дуусаагүй байтал эрх баригч МАН төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг экс даргынх нь оронд томилохыг дэмжив. Улмаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо. Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд  Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн.

Б.Лхагвасүрэн Монгол Улс саарал жагсаалтад орохын өмнө буюу өнгөрөгч 10 дугаар сарын 16-нд “Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа. Тухайлбал, энэ оны наймдугаар сард Монгол Улс ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжөөс 35 үзүүлэлтийг хангасан. Мөн есдүгээр сард Бангкокт болсон хурлын үеэр манайх 11 үзүүлэлтээс долоог нь хангасан. ФАТФ-ын үнэлгээний эхний аргачлалаар 40 үзүүлэлтээс 20-ыг хангаагүй бол, мөн хоёр дахь аргачлалаар 11-ээс 9-ийг нь хангаагүй бол саарал жагсаалтад оруулдаг. Харин Монгол Улс саарал жагсаалтад орохооргүйгээр үзүүлэлтүүдээ хангасан” хэмээн мэдэгдэж байлаа.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account