2020 оны сонгууль 50:26 гэсэн холимог системээр явагдах уу?

2020 оны сонгууль 50:26 гэсэн холимог системээр явагдах уу?

2020 оны сонгууль 50:26 гэсэн холимог системээр явагдах уу?

2012 оны сонгуулийг бодвол 1992 оноос хойших долоон удаагийн сонгууль жижиг болон томсгосон мажоритар системээр явагдсан билээ. Одоогийн АН-ын хувьд 2000 оны сонгуулиар нам тавиулж, ганцхан суудал авсан цагаасаа хойш пропорциональ системийг тууштай дэмжиж, сурталчлах болсон юм. “Ард түмний 48 хувийн дэмжлэгийг авсан АН яахаараа УИХ-д ганцхан суудал авдаг юм. Ийм учраас мажоритар тогтолцоог халж хувь тэнцүүлэх тогтолцоонд шилжих хэрэгтэй” хэмээн одоог хүртэл шахаж шаардаж байгаа. Юутай ч МАН тэдний олон жилийн гомдоллыг нэг удаа харгалзан үзэх нь зүйтэй  гэж бодсон юм уу 2012 оны сонгуульд анх удаа  холимог системийг туршаад үзэхээр АН-тай санал нэгдсэн. Үр дүнд нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл сонгогчдын 22 хувийн саналаар нийт 11 суудалтай болсон бол ИЗНН дөрвөн орчим хувийн санал авч, жагсаалтын эхний хоёр хүн нь УИХ-ын гишүүн болж байлаа.  Өөрөөр хэлбэл, холимог тогтолцоо нь нэгдэж чадсан жижиг намуудад боломжтой хувилбар гэдэг нь үүнээс харагдсан гэхэд болно. Гэхдээ 2012-2016 онд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан АН-ын Сонгуулийн хуультай холбоотой үзэл баримтлал 2016 оны сонгуулийн өмнөхөн эрс өөрчлөгдөж  жижигсэгхэн мажоритар хувилбарыг сонгох нь тэр. МАХН тэргүүтэй жижиг намууд хэчнээн “уйлж дуулаад” ч шийдвэр гаргагчдаас хэн нь ч сонсоогүй. Тэдний ганц итгэж найдаж байсан Үндсэн хуулийн Цэц нь холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргачихсан учраас яаж ч тэмцээд, чулуу мод шидээд нэмэргүй байлаа. Үр дүнд нь АН есхөн суудал зулгаасан юм. 2016 оны сонгуулийн систем МАН-д тун ашигтай байсныг АН “тооцоолоогүй” нь сонин. Жижиг намуудыг хашааны гадна үлдээхэд жижиг мажоритар тохирно гэж намын дарга З.Энхболд нь үзсэн шиг байгаа юм.

Гэхдээ өнөөдрийн хувьд байдал өөрөөр эргэж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Юу гэвэл МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 29-нд хуралдаж Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцахдаа 2020 оны сонгуулийг холимог мажоритар буюу  50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг дэмжсэн бололтой. Сонгуулийн хуульд ийм үзэл баримтлал тусгалаа олохыг УИХ-д бүлэггүй АН болон жижиг намууд тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account