С.Мөнхчулуун: Улстөрч зөв байсан цагт улстөр эрүүл байна

С.Мөнхчулуун: Улстөрч зөв байсан цагт улстөр эрүүл байна

С.Мөнхчулуун: Улстөрч зөв байсан цагт улстөр эрүүл байна

“Тод ярилцлага” булангийн маань энэ удаагийн зочноор НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун уригдлаа.

Төрийн албыг эрүүлжүүлэхэд гар бие оролцоё гэдэг чин хүслээр улстөрд орсон

Таныг сонгогчид мэднэ. Гэхдээ хотын даргад нэр дэвшиж, анхааралд илүү орж ирсэн гэж ойлгодог. Ингэхэд яагаад улстөрд орох болов? Та өмнө нь төрийн албан хаагч байсан шүү дээ?

-Миний бие 2009 оноос нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн, Концессын хэлтсийн дарга, 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байсан. Нэг ёсондоо төрийн жинхэнэ албан хаагчаар нэлээдгүй жил ажилласан. Ингээд амар жимэр ажиллаж, амьдраад яваад байж болох л байсан. Гэхдээ манай тогтолцоо болж өгөхгүй байгааг харж мэдрээд өөр бодол төрөх болсон юм. Төрийн албан хаагчид бол УИХ, Засгийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг бодлого боловсруулагчдаас гаргаж буй шийдвэрүүдийг хэрэгжүүлдэг хүмүүс. Харамсалтай нь дээрээс анхнаасаа тооцоо судалгаагүй, төрийн албанд ирээд хэрэгжихээргүй, иргэд рүүгээ чиглээгүй шийдвэрүүд гараад байгаа учраас үүнийг өөрчлөх ёстой гэж бодсон. Би өөрөө төрийн удирдлагаар магистр хамгаалж, одоо докторантурт суралцаж байна. Төрийн албаны тогтвортой байдлын талаар нухацтай судалгаа хийдэг гэх үү дээ. Төрийн алба тогтворгүй байгаагаас өнөөдрийн хямралууд үүсэн бий болоод байгаа юм. Төрийн албан хаагч гэдэг бол энэ улсын менежер. Иргэдийн төлсөн татвараар тэдний өмнөөс Монгол Улсын менежментийг хийх ёстой хүмүүс. Тийм өндөр хариуцлага хүлээсэн албан хаагчид өндөр чадвартай, тодорхой шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой. Харамсалтай нь төрийн алба тогтворгүй, халаа сэлгээ маш их, төрийн албанд чадварлаг гэхээсээ даргын цүнх барьж гүйсэн ч юм уу сул хүмүүс ар, өврийн хаалгаар албан тушаалд дэвшдэг, дөрвөн жил болоод солигддог. Үүнээс болоод улсын хөгжил урагшаа явахгүй, эдийн засаг, нийгмийн хямрал үүсээд байгаа юм. Төрийн захиргааны албан хаагчийн хувьд эдгээр асуудлуудыг шийдэхэд оролцох, зөв голдиролд нь оруулах боломжгүй. Тийм учраас энэ тогтолцоо болтлоо ужиграсан буруу жишгийг засая, дуу хоолойгоо гаргая, асуудлыг зөвөөр шийдэхэд өөрөө оролцое гэдэг бодлоор 2016 онд төрийн захиргааны албанаас татгалзаж, дүүргийн ЗДТГ-ын ажлаа өөрийхөө хүсэлтээр өгөөд улстөрд орохоор шийдэн, НИТХ-д нэр дэвшин, сонгогдож улстөрд хөл тавьсан даа.

Улстөр будлиантай, бас булингартай байна. Төрийн албанд болж бүтэхгүй зүйл их байна гэж бодож эхэлсэн тэр үеэс чинь хойш нөхцөл байдал хэр зэрэг өөрчлөгдөв. Өөрчлөхийн тулд та өөрөө юу хийв?

-Би 2016 онд НИТХ-д сонгогдсон цагаасаа хойш төрийн захиргааны ямар нэгэн давхар ажилд очихгүй, улстөрийн албан тушаал эрхлэнэ гээд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Энэ хугацаанд бүх ажил хууль тогтоомжийн хүрээнд явах ёстой, томилгоо, халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт гэх бүх зүйлс хуулийн хүрээнд байх ёстой гэдэг бодлогыг хатуу барьж ажиллаж байлаа. Энэ хугацаанд УИХ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Шинээр батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд төрийн албыг тогтвортой байлгах тодорхой заалтууд тусгагдлаа. Дэвшил мөн. Гэхдээ нам дагаж халаа сэлгээ хийдэг асуудал, нам дотроо дарга солигдохоор халж сольдог явдал цэгцрэхгүй байна. Цаашид хийж хэрэгжүүлэх, сайжруулах ажил их байна.

2019 оны 1 дүгээр сарын 16-нд шиг санагдаж байна. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар та төлөөлөгчдийн 55,8 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон. МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэвшүүлээд байсан ч та заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж улмаар олонхийн санал авч байсан. Гэхдээ тухайн үед Ерөнхий сайд өөр байр суурь илэрхийлснээс болоод та хотын дарга болж чадаагүй. Нам доторх байр суурь чинь тэр дороо л ганхсан уу?

-Эхний санал хураалтад 43 хүн оролцож санал өгсөнөөс С.Амарсайхан 19 хүний, би 24 хүний санал авч ялалт байгуулсан. Улмаар хуулийн дагуу миний нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Тэр мөчөөс хойш яг нэг сарын хугацаа өнгөрсөн. Хуулиараа бол албан бичиг шийдвэрлэх дээд хугацаа 30 хоногт юм. Тэр хугацаандаа Ерөнхий сайд хариугаа илгээсэн. Гэхдээ НИТХ-аас өргөн барьсан албан бичгийг ямар нэгэн үндэслэл заалгүйгээр буцаасан, албан бичиг шийдвэрлэх эцсийн хугацааг гүйцээсэн зэргээс харахад “Шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл байхгүй байна, дахиад өрсөлдөөч” гэсэн санаа юм болов уу гэж ойлгосон. Хачирхалтай нь миний нэрийг буцаасны дараа намын Хяналтын ерөнхий хорооны дарга намайг дуудаж уулзаад дахиад нэр дэвшвэл намаас хөөнө гэж сануулдаг байгаа. Би хоёр хоногийн дараа хариугаа өгөхдөө нэр дэвшихээ илэрхийлсэн. Яг л тэр өдөр намайг МАН-аас хөөсөн дөө. Нам доторх байр суурь ганхах, өөрчлөгдөх байтугаа юм болсон байгаа биз? Би тухайн үед НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн намын дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн байлаа шүү дээ. Энэ бүх байр суурь маань маш хурдан хугацаанд өөрчлөгдсөн. Сонгох, сонгогдох эрхтэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа л юм бол өрсөлдөх нь хууль ёсны асуудал гэж үзсэн хэрэг л дээ, уг нь.

-Ингэхэд та яагаад хотын даргад нэрээ дэвшүүлэх болов? Төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг яаж татав? МАН-ын удирдах дээд байгууллагаас дэвшүүлсэн С.Амарсайханыг ялна гэдэг итгэл үнэмшил байхгүйгээр түүнтэй өрсөлдөнө гэдэг боломжгүй шүү дээ?
-Нэр дэвшсэн минь үнэн, ялалт байгуулсан нь ч үнэн. Хамгийн гол нь миний төрийн албаны туршлага, мэдлэг, бодлого, зорилт, бодол санааг маань төлөөлөгчид дэмжсэн гэж боддог. НИТХ дотоод ардчилал сайтай гэдгээ харуулсан үйл явц болсон гэж ойлгож болно.

Хотын даргаар МАН-ын Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн хүн сонгогдсон болохоор та намын гишүүнчлэлээ сэргээсэн үү?

-Гишүүчлэлээ сэргээгээгүй байгаа. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд бие даагч гэж болохгүй нам бус төлөөлөгч юм. Учир нь намаас нэр дэвшиж сонгогдсон, тэгэхдээ аль нэг намд харьяалагдахгүй байгаа учраас тэр л дээ.

Ирэх сонгуульд өрсөлдөх үү?

-Ер нь бол нийслэлийн Засаг даргад нэр дэвшихдээ зөв нийгмийг төлөвшүүлье, зөв Монголыг бий болгоё л гэж бодсон юм. Ярилцлагын эхэнд хэлсэн шүү дээ. Улстөрийн албан тушаалд хүрч, зөв шийдвэр гаргалцаж байж улсаа хөгжүүлэх юм байна гэж харсан учраас би улстөрд орсон. Зорилгоо биелүүлэхийн төлөө л явж байна. Хотын даргад өрсөлдөөд ялж, дараа нь намаас хөөгдсөний дараа сонгогчид, МАН-ын гишүүдээс “Ерөнхий сайд намын даргад өргөдөл гаргая, гарч жагсая, нам дээр асуудал тавья” гэх хүмүүс байсан. Би “Асуудал хуулийнхаа хүрээнд шийдэгдэх ёстой. Ямар нэгэн байдлаар жагсаал цуглаан, эсэргүүцэл зохион байгуулах нь буруу юм” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэрхүү үйл явцын дараа иргэд, намын гишүүдээс ч “Та УИХ-д заавал нэр дэвшинэ шүү” гэж хэлж, захиж эхэлсэн. Миний хувьд төлөөлөгчөөр сонгогдоод 4 дэх жил рүүгээ орж байна. Ажлаа иргэдээрээ үнэлүүлнэ. Түүний дараа ямар шийдвэр гаргахаа шийднэ дээ.

Ерөнхий сайдын хувьд би “битүү морь” байсан

Бүхэл бүтэн нийслэл хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөөд ялалт байгуулна гэдэг хэр баргийн аавын хүүгийн давах даваа биш гэж бодож байна. Таныг ялалт байгууллаа гэх мэдээлэлтэй зэрэгцээд зарим сэтгүүлчид “Хотын даргаар “битүү морь” тодорлоо” гэж бичээд эхэлсэн. Ингэхэд Ерөнхий сайд тухайн үед чухам юунаас болоод эсрэг байр суурь илэрхийлэх болсон юм бол? Ямар нэгэн гаргалаа олсон уу?

-Та сая хэллээ, “битүү морь” гэж. Би улстөрд орж ирээд НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга зэрэг алба хашиж байсан ч өмнөх ажлаа хийж л байсан хүн. Ямар нэгэн дарга цэрэгтэй холбогдоод байдаггүй. Тийм учраас Ерөнхий сайдын хувьд “битүү морь” л байсан байх. У.Хүрэлсүх даргатай өмнө нь арга хэмжээн дээр хэдэн удаа таарч байсан. Түүнээс өөр хувийн ч юм уу, ажил хэргийн шугамаар уулзаж байгаагүй. Ерөнхий сайдад хангалттай мэдээлэл байгаагүйгээс тийм шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Намаас хөөсний дараа “Намын даргад мэдэгдээгүй, түүнтэй ямар нэгэн холбоогүй хийгдсэн асуудал” гэдэг мэдээллийг надад өгсөн. Хяналтын ерөнхий хороо намын даргаас хараат бус ажилладаг. Би сонгуульд ялаад МАН-ын дүрмээр хөөгдсөн анхны хүн л дээ. Тухайн үед надтай хамт Ц.Сандуйг хөөсөн. Намайг ганцааранг нь хөөх эвгүй байсан учир 60 тэрумын гэх асуудлаар түүнийг хөөсөн. Саяхан УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хоёрыг намын Бага хурлын гишүүнчлэлээс хассан тухай мэдээлэл гарч байна. Үүнээс харахад Хяналтын хороо гэдэг байгууллага хэтэрхий их эрх мэдлийг төвлөрүүлээд, хуучны До яам гэдэг шиг ажиллаад байна. Хамгийн гол нь дүрэм журмыг хэрэгжүүлэхийн төлөө бус дураараа асуудлуудыг шийддэг болсон харагдаад байна. Дураараа биш дүрмээрээ гэдгийн эсрэг юм уу даа.

Ер нь бол шинэ залуу хүн өөрчлөлт хийе гээд зүтгэхээр Монголын улстөрд орон зай байх юм уу?

-Амар хялбар зүйл гэж хаана ч байдаггүй. Хэцүү байна гээд хойшоо суух бодол надад байхгүй. Өнөөдөр Засаг даргад нэр дэвшээд шударга ёс байна уу, үгүй юү, намын дотоод ардчилал байна уу, үгүй юү гэдгийг харуулъя гээд явж байгаа маань, өнөөдөр болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг засаж сайжруулахын тухай ярьж байгаа маань ч улстөрийн зорилгоо биелүүлэх нэгэн үе шат, миний улс төрийн орон зай юм. Юм болгон хүссэнээр байхгүй л дээ. Үр дүнд хүргэхийн тулд хичээн зүтгэх ёстой. Заавал дарга нарын хэлснээр, бүлэглэл фракцийн заасан замаар явдаг байж болохгүй. Энэ үүднээс би шантрахгүй.

-Намын гишүүнчлэлээ сэргээх бодол байна уу?

-Би хүссэн үедээ өргөдлөө өгөөд ороход болох асуудал. Манай тойргийн намын жирийн гишүүдийн зүгээс намдаа эргэж орооч гэдэг асуудлыг ихээр тавьж байгаа. НИТХ-ын төлөөлөгчдөөс ч тийм санал тавьсан. Гэхдээ энэ асуудал хэн нэгний хүсэлтээр, хүслээр болдог ч зүйл биш. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх. Ер нь бол нам хэн нэгнийг хөөдөг байж таарахгүй, намаас хассан нь Үндсэн хууль зөрчсөн шийдвэр. Гэхдээ өнөөдрийн шийдвэр гаргах түвшинд байгаа хэдэн хүн нь чамайг хаслаа гэж байхад би хасагдаагүй гээд гүйгээд байх нь зохисгүй. Намын удирдлагуудын түвшинд би уулзаагүй байгаа.

Нэг сая 300 мянга гаруй хүн амтай нийслэл хотын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг улстөрд хийж буй том алхам. Монголын улстөрийг ямар нүдээр харж байна вэ? Шантарч байна уу?

-Улс төр нь гэдэг нь нийгмийн зовлон бэхшээлийг шийдэхэд зориулагдсан зайлшгүй хэрэгсэл учраас улс төрийн өөрийнх нь мөн чанар бохир муу зүйл биш юм. Харин цөөн хэдэн авлигач, олигархи, амин хувиа хичээгчдээс болоод улстөрийн нэр хүнд унаж улстөр бохирдоод байна. Улстөрийг цэвэр болгож байж л Монголын хямрал арилна. Монголын хямрал бол улстөрчдийн үүсгэж буй хямрал юм. Иргэдийн төлсөн татвараар Монгол Улсыг хөгжүүлээч гээд сонгосон хүмүүс Монголыг хямруулаад байна. Үүнийг өөрчлөхийн төлөө зайлшгүй явах ёстой учир шантрах ойлголт надад байж болохгүй. Өөрчлөлтийг хийхийн тулд иргэн бүрийн оролцоо хамгаас чухал. Зөв сонголт хийдэг, сонгуульдаа идэвхтэй оролцдог байх ёстой. Намыг гэхээсээ тухайн хүнийг нь сайтар судалж, улс суурьтай сонголт хийж сурах хэрэгтэй байгаа юм. Э.Бат-Үүл төлөөлөгчийн хэлснээр 2016 оны сонгуульд МАН л бол бор халзан хонь ч байсан хамаагүй дугуйлсан гэдэг шиг иргэдийн төлөөлөл болж чадахгүй, даргын үгийг үг дуугүй биелүүлэгч хүүхэлдэй байж таарахгүй. Цаана нь иргэд бий. Бид иргэдийн төлөө гэж гарч ирсэн биз дээ? Ингээд бодохоор шантрах эрх алга. Ер нь аливаа улстөрийн намууд Монгол Улсын хөгжлийг алс хэтийн хараагаар харахгүй, зөвхөн 4 жилээр бодлогоо төлөвлөөд байвал улс орон урагшаа явахгүй. “Алсын зорилго үгүй бол ойрын зовлон оршино” гэдэг Чингис хааны үг бий шүү дээ. Аль ч улстөрийн хүчин зөвхөн дахиж сонгогдохын төлөө л бодлого төлөвлөлтгүй, алсын зорилгогүй ажлуудыг хийдэг, дараагийн нам нь гарч ирэхээрээ өмнөх эрх баригчдын алдааг нь эмчилж сэхээнээс гаргана гээд яваад байдаг. Ийм байдлаар дахиад 4 жил өнгөрдөг чөтгөрийн цикльтэй болчихлоо. 2040 он хүртэл хөгжлийн концепц, ерөнхий төлөвлөгөөгөө баталсан, тэрхүү баримт бичгийн хүрээнд Мөрийн хөтөлбөрөө боловсруулаад ажиллах ёстой байхад дөрөв, дөрөвхөн жилээр иргэдэд таалагдах гэсэн хөтөлбөр боловсруулаад өнөө маргаашийг аргацаасан ажил хийгээд байхаар улс хэзээ ч хөгжихгүй. Улстөрч зөв байж гэмээнэ улстөр цэвэр, улс орон эрүүл байна.

Иргэдийн эрх ашгийг эхэнд эрэмбэлээд явбал ямар ч асуудал шийдэгдэнэ

Би Засаг дарга болсон бол ямар ажил хийх байсан бол гэх бодол төрдөг үү?

-Тухайн үед төлөвлөж байсан ажлууд байгаа. Төрийн алба түргэн шуурхай үйлчилгээтэй болох ёстой. Иргэдийг ялгаварладаггүй, тэдний төлсөн татвараар цалинжиж байгаагаа ойлгож үйлчилдэг байх ёстой. Түүний дараа бүх л асуудал цэгцрэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлээд явах юм бол ямар ч асуудал шийдэгдэнэ. Нийслэл 700 орчим тэрбумын төсөвтэй. Энэ бол хангалттай хөрөнгө мөнгө. Гагцхүү бодлого, үйл ажиллагаагаа зөв төлөвлөөд, зарчмын дагуу хэрэгжүүлдэг болчихвол асуудлууд аяндаа цэгцэрнэ. Агаарын бохирдол, түгжрэл энэ тэр бол жижиг салбар асуудлууд шүү дээ. Үүнийг шийдэхийн тулд төрийн албан хаагчид маань, улстөрчид маань эрх ашигийн эрэмбэ дарааллыг зөв тавиад явах ёстой юм л даа. Өнөөдөр нийтийн тээврийн салбараа ярьж байна, янз бүрийн өөрчлөлтүүдийг хийх гээд оролдож байна. Хамгийн түрүүнд байгаа нийтийн тээврээ тохилог, шуурхай, соёлтой болгоход анхаарах хэрэгтэй юм. “Зөвхөн картаар зорч” гэдэг шаардлага тавьж байгаагаас карт худалдаж аваагүй хүмүүс суух боломжгүй байгаа. Хөдөөний, гадаадаас ирсэн хүмүүстээ сонголт гаргаж өгөх ёстой юм. Дээр нь машины зогсоол, замуудын нөхцөл байдал, гэр хорооллоо барилгажуулах, дэд бүтэцжүүлэх гээд олон ажил байна. Энэ бүхэн мөн л салбар ажлууд. Дахиж хэлэхэд төрийн албан хүнд сурталгүй, авлигагүй болчихвол бүх асуудал шийдэгдэнэ. Нийгмийн гол вирус чинь төрийн албаны хүнд суртал, авлига, ашиг сонирхол шүү дээ. Энэ талаар яриад байгаа хэрнээ яаралтай цэгцлэх талаар удаан хойрго хөдлөх юм.

Намаасаа хөөгдсөн гэдэг утгаараа та бүлгийн хурал, бусад арга хэмжээнд оролцоод байдаггүй байх. НИТХ-д ганцаардах юм уу?

-Бүлэг дээр асуудлаа яриад олонхиор шийдэж байгаа. Олонхийн шийдсэн асуудал хууль эрхзүйн хүрээнд таарч байна уу гэдэг зүйл яригдах ёстой. Өмнө нь би МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа “Наад асуудал чинь болж байна, болохгүй байна. Хууль дүрмийн хүрээнд байна, байхгүй байна” гэдэг асуудлуудыг бүлэг дээрээ яриад аливаа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд явуулж байсан. Өнөөдөр гэсэн ч “Энэ асуудал чинь зөв байна, буруу байна” гэж хэлээд явж байгаа. Олонхиор шийдэж, цөөнхийн саналыг хүндэтгэх нь ардчиллын суурь зарчим. Энэ үүднээсээ ганцаардах тухай ойлгот байхгүй. Мэдээж 45 дотроо аль ч намын бүлэгтэй адилхан харилцаад асуудлуудаа хэлээд явдаг. Би хувьдаа Иргэдийн хурал өөрөө хуралдааны дэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын хуульд заасан заалтуудыг зөрчиж байгааг шүүмжилдэг. Өнөөдөр л гэхэд хотын төсвийг хэлэлцэхээр хуралдах гэж байна. Өчигдөр 10 цагт өөр асуудал буюу агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэнэ гээд НИТХ-ын хуралдааныг зарласан байсан. Гэтэл хуралдаанаа гэнэт хойшлуулаад 11 цагт тэргүүлэгчид хуралдаад төсвийн асуудал, газар зохион байгуулалтын асуудлуудыг оруулаад ирсэн. 15 цагаас чуулган дахиж хуралдахаар болж байна. Дэгээ зөрчиж байна гэсэн үг л дээ. Дүрмээрээ биш дураараа гэдэг чинь энэ. Өөрсдөө хууль дүрмээ уландаа гишгээд байвал ажил явахгүй шүү дээ. Төлөөлөгчид бид өөрсдөө зөв байж бусдыг зөв зүйлд уриалж, улмаар зөв үр дүн гарна биз дээ. НИТХ-ын хуралдааны дэгт хэлэлцэх асуудлыг 24 цагийн өмнө тараана гэдэг заалт бий. Гэтэл төсөв хэлэлцэх өдөр 30 минутын өмнө тарааж байна шүү дээ. Энэ мэт хууль дүрмээ зөрчиж байгааг төлөөлөгчид дэмжээд дуугүй явах нь буруу.

-Тодорхой хүрээнд л гэхээс нийслэл хотод ая тухтай амьдрах орчин алга. Үүнд хэн илүү буруутай вэ?

-2020 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг хоёр сарын өмнө хэлэлцэхэд 29 хувьтай гарсан. Дүнгээр бол F-ийн талын тал нь гэсэн үг л дээ. Ийм үнэлгээтэй байна гэдэг өнөөдрийг хүртэл хот төлөвлөлт ямар түвшинд явсан юм бэ, хууль дүрмээ хэрхэн хэрэгжүүлсэн юм бэ гэдэг нь харагдаж байна. Нийслэлийн иргэдийн 52 хувь нь гэр хороололд амьдардаг. Уг нь орчин үед хаус байдаг юм уу, дэд бүтэц нь шийдэгдсэн газарт хүн амьдрах ёстой шүү дээ. Бүгдээрээ орон сууцанд орох боломжгүй. Гэтэл гэр хороололд дэд бүтэц байхгүй, цэвэр, бохир, хогны асуудлаа шийдээгүй, зарим нь бүр тог цахилгаангүй байна. Энэ бол төр засаг ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Зөв зүйтэй шийдвэр гаргаад боломжтой зүйлийг хийхгүй байна. Би мэргэжилтнээс нь эхлээд Тамгын газрын дарга, НИТХ-ын тэргүүлэгчээр гурван жил ажилласан хүний хувьд асуудал юунаас болоод байгааг нь мэдээд байна. Шийдэх гарцыг нь хараад байна. Яагаад шийдэхгүй байгааг нь ч анзаараад байна. Цаана нь ерөөсөө ашиг сонирхол яваад байгаа байхгүй юу. Нэг жишээ хэлье. Намайг Концессын хэлтсийн даргаар ажиллаж байхад олон ажил орж ирдэг байсан. Тэр болгоныг би концессын жагсаалтад оруулаад, бодлогын баримт бичиг болон гэрээнийх нь анхны драфтыг боловсруулаад явж байсан хүн. Концессын жагсаалтад хог боловсруулаад газ, эрчим хүч гаргах зорилготой гаднын хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах төслийг оруулж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. 2018 онд намайг намын бүлгийн дарга байхад дахиад хог боловсруулах төсөл орж ирж байлаа. Би хэлстийн даргыг нь уриад уг төслийг яагаад явуулахгүй байна вэ гэж асуухад “Манайд 30-40 ийм төсөл байгаа. Хэнийх нь төслийг явуулах вэ гэдэг дээр удирдлагууд шийдвэр гаргаж чадахгүй байна” гэж байгаа юм. 10 жилийн хугацаанд аль төслийг хэрэгжүүлэхийг шийдэж чадахгүй байна гэдэг нь цаана нь эрх ашиг сонирхол байгааг харуулж байгаа хэрэг. Энэ мэтээс болоод хөгжил явахгүй байна. Өөр нэг жишээ татая. Концессын хэлстийн дарга байхдаа Нэхмэлийн шар буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны барилгуудыг буулгаад орчин үеийн хороолол босгох зорилгоор концесс зарлахад “Өндөр-Буянт холдинг” ХХК шалгарч, улмаар гэрээгээ хийгээд явж байтал засаг солигдоод шинэ удирдлагууд орж ирсэн. “МАН-ын хүний компани байна, төслийг зогсооно” гээд л зогсоосон. Тэгж хандсанаас болоод өнөөдөр ямар ч төлөвлөлтгүй, нэгдсэн стандартгүй байрнууд баригдаж байна. Улстөрийн өнцгөөс харж тэр төслийг зогсоосны хор хохирлыг иргэд маань амсч байна шүү дээ. Нэгдсэн зураг төслөөрөө явагдсан бол өөр байх байсан юм. Энэ чинь нийслэл хот болохоос замбараагүй барилга шавсан, хүмүүс амьдрах орчин муутай суурин биш. Нийгэм ийм байгаа нь улстөрчдийн буруу шийдвэр гаргадгийнх. Төрийн албан хаагч харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохоос хуулиас гадуурх шийдвэрийг биелүүлдэг байж таарахгүй.

Мөнгөний биш бодлогын сонгууль байх ёстой

-НИТХ-ын даргаар ажиллаж байсан хүн 60 тэрбумын гэх хэргээр шүүхээс ял сонслоо. Асуудлыг тэгж шийдсэний дараа танд ямар бодол төрөв?

-Дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байхад хотын захиргаанд тэр хүнийг тэдэн төгрөгөөр тийм ажилд тавьж гэнээ гэдэг яриа сонсогддог байсан. Мөнгөөр, танил талаар, цүнх барьж гүйгээд албан тушаалд очдогийг би эрс эсэргүүцдэг хүн. Тийм учир улстөрд орж энэ асуудлыг цэгцэлье гэж бодсон хэрэг. 60 тэрбумын асуудлын хувьд тийм яриа болсон юм байна. Тэрийг нь зарим хүн сонссон юм байна. Нөхөр Доржзодов схем оруулж ирээд танилцуулсан юм байна гэдэг мэдээллийг бусдын адил сонин хэвлэлээс л авсан. Гэхдээ бодит байл дээр хэрэгжүүлээд хүмүүсээс мөнгө төгрөг аваад албан тушаалд томилсон гэдэгт итгэхгүй байгаа. Ямар ч байсан Ц.Сандуй гэдэг хүний хувьд тийм боломж байгаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бусдыг ажилд томилдог хүн биш шүү дээ. Гэхдээ шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж шүүх субьект нь бид биш. Үүнийг дараагийн шатны шүүх хуулийн хүрээнд хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, хамгийн зөв шүүгч бол цаг хугацаа. Ц.Сандуйгийн өмгөөлөгчийн “Улстөрийн өнцгөөс асуудалд хандлаа, зүйл ангийг нь өөрчиллөө” гэх мэтээс тайлбараас харахад улстөрийн учир шалтгаантай үйл явц боллоо гэж харсан.

Цаг зав гаргаж, сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны хуралдаандаа орох цаг болж байх шиг байна. Энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе. Сэтгүүлзүйн уламжлалын дагуу сүүлийн асуултыг танд үлдээх нь зөв болов уу.

-Танд ч бас баярлалаа. Монгол улсын хөгжихгүй байгаа суурь шалтгаан болох улстөрөө өөрчилж, зөв чигт оруулах ёстой. Төрийн ажил хууль дүрмийн дагуу явдаг байх ёстой. Тэрний тулд ард түмэн сонголтоо зөв хийдэг болох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, болохгүй зүйлсийг цэгцлэх шийдэл, гарц гаргалаа нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиа зөв хийхэд л байгаа юм. Иргэд маань талх худалдаж авахдаа үзэж, шилж сонгож авдаг. Түүнтэй адилхан өөрсдийнхөө хувь заяатай холбоотой сонголтыг хийхдээ онц хариуцлагатай хандах хэрэгтэй. Саналаа мөнгөөр худалдаж болохгүй. Өнөөдрийн улстөрчид сонгуулийн хуулийг өөрчлөхдөө мөнгөний сонгуулиас татгалзах боломжийг гаргаж өгөх ёстой. Сонгуульдаа 200 саяас тэрбумыг зарцуулсан хүн юуны төлөө сонгогдох гэж байгааг иргэд асуух ёстой. “Яагаад та өч төчнөөн сая төгрөг зараад бидний төлөө ажиллах гээд байгаа юм бэ” гэдгийг нарийн лавла. Хувиасаа мөнгө гаргасан бол тэрийгээ олж авахыг л бодно. Хэрэв хүний өгсөн хандиваар өрсөлдсөн бол тэр хүнийхээ барьцаанд орно. Үүнийг л шийдэх ёстой. Энэ гажиг тогтолцоог шийдэх гарц гаргалаа бүрэн байгаа. Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй орны сонгуулиас үлгэр жишээ авч болно шүү дээ. Тэнд манайхан шиг тус тусдаа ажилладаггүй. Нэг цэг дээр, нэг самбар дээр нэр дэвшигчдийн зургийг ижил хэмжээнд байршуулдаг. Манайхан шиг тус тусдаа өчнөөн мөнгө төгрөгөөр сонин сэтгүүл хэвлүүлэх биш хамтад нь хэвлээд өгчихнө. Тэрийгээ цалинжаад явж байгаа хэсгийн ахлагч нараараа тараалгана. Нэг тайзан дээр нэр дэвшигчид ээлжилж гараад ярьчихна. Тэгээд л боллоо. Гэтэл өнөөдөр манай нэр дэвшигчид самбарт доод тал нь 20 сая, хэвлэлд дор хаяж 20 саяыг зарцуулахаас гадна ухуулагчдаа 500.000-1000.000 төгрөгөөр цалинжуулдаг. Ийм юмыг зохицуулах боломж байхад яагаад хөдлөхгүй байна вэ? Мөнгөний биш бодлогын сонгууль байх ёстой. Иргэд маань өөрсдөө алхам хийгээд зөв сонголт хийх ёстой. Энэ асуудлыг би ярьж, засах юмсан гэж хичээн зүтгэж байна. Зөв сонголт гэдэг маань жинхэнэ эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, чадвартай мэдлэгтэй, туршлагатай хүмүүсээ сонгож гаргаж ирнэ гэсэн үг. Ингэж чадвал улс хөгжихөд асуудалгүй.
Түүнтэй ярилцаад байвал сэдвүүд ар араасаа урган гарч ирээд байх төлөвтэй. Олон зүйлийг бодож тунгаадаг, түүнийгээ бодит ажил болгох юмсан, өөрчлөх юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй ажил хэрэгч хүн гэдэг нь ярианаас нь нэвт шувт мэдрэгдэнэ. Гэхдээ НИТХ-ын хуралдаан эхлэх болсон тул бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөсөн юм.

ярилцсан Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • зөв асуудал хөнджээ.

  • замбараагүй барилга барьж байгааг болиулаачээ. Хөл гишгэх зай алга. гэр хорооллоо хөгжүүл

  • Ард түмэн бид сонгууль өгөхдөө НАМ биш та бидний төлөө ЗӨВ юм хийж байгаа ХҮНЭЭ сонгох хэрэгтэй.Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

  • 11Байрны оршин суугчид

    12 сар 2, 2019 at 12:46 pm

    1 р хороололын 11 байрны арын АВТОБУСны буудалыг.(хотоос ирэх буудал.)зориулалтын болгож өгөх хэрэгтэй бна өөрийн чинь хариуцсан сонгогдсон газар хурдан шийдэж өгөхийг хүсэж бна

  • Үхсэн ацаа энэ муу сэлэм хочит гомдол нь барагдахгүй гоншигносоор байна уу . 60 тэрбумын Сандуй чамайг тэнд хонон өнжин хүлээж байгаа.

  • энэ чинь харин зөв бодолтой нөхөр байна ш дээ

  • Хотын дарга болсонгүй гээд хонзогноод байгаа юм байхдаа сонгогдсон газардаа юу хийсэн хийсэн юм харагдахгүй байна шүү

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account