Д.Чойжамц: Хулгана жил албан тушаалтнуудад хатуу байна

Д.Чойжамц: Хулгана жил албан тушаалтнуудад хатуу байна

Д.Чойжамц: Хулгана жил албан тушаалтнуудад хатуу байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эрхэм хамба цагаан сарын баярын мөн чанар, утга учир, онцлогийн талаар ярьж, эв нэгдэлтэй байхыг санууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ “17 дугаар жарны төмөр хулгана жил гарч байна. Энэ билэг дэмбэрэлтэй сайхан өдөр Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Хулгана жил гарахад манай ард түмэн билэгшээдэг. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэдэг яриа бий. Гэхдээ  бурханы шашны гүн ухааны үүднээс авч үзвэл цаг хугацааны үргэлжлэл юм. Бид урд нь ямар ажил хийж явсан, амьдралынхаа төлөө, өөрийнхөө төлөө боловсрол мэдлэг, ажил хөдөлмөртөө ямар амжилт гаргаж сайн сайхан явсны үргэлжлэл юм. Бид жаргалтай сайхан амьдралынхаа шалтгааныг тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй байна. Гэхдээ шашин номын талаасаа сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Тэд цаг хугацааг тооцож үздэг явдал бий. Ер нь энэ жил сайхан жил гарах янзтай. Хүн төрөлхтөн зурлага зурдаг, ганцхан бурханы шашин биш. Зурхайтай газар маш олон бий. Дэлхийгээрээ одон гараг, орчлон ертөнцийн орчлолыг тооцож үздэг.  Энэ ёсоор бол манай монголчууд эртнээс зурхайг хэрэглэж он тооллоо тооцоолж ирсэн уламжлалтай. Бидний өвөг дээдэс 1000 жилийн тэртээгээс цагаан сараа тэмдэглэж ирсэн. Тийм учир цагаан сарын баяр бол монголчуудыг тодорхойлсон, Монгол хүн гэж хэн бэ, ямар зан заншилтай, ямар уламжлалтай, ямар шашинтай юм бэ гэдгийг таниулдаг баяр. Монголчууд хуучин жилийнхээ хамгийн сүүлийн өдөр буюу битүүний өдрийг баяр ёслолтойгоор тэмдэглэдэг. Хог шороогоо цэвэрлэж, идээ будаагаа засдаг. Түүгээр ч зогсохгүй хөөрөг зөрүүлж эв нэгдлээ илэрхийлдэг. Харин шинэ жилийн эхний өдөр дандаа сайн сайхныг ярьж, билэгдэж баяр баясгалантай тэмдэглэдэг. Яагаад гэвэл хуучин оноо сайн сайхан үйл явдал дүүрэн өнгөрөөн, ирж буй ондоо эрүүл энх, элбэг дэлбэг байхыг билэгддэг. Монголчуудын олон зууны турш шүтэж ирсэн бурханы шашин бол эвлэрэл зохицол, жаргалтай сайхан амьдрал дотоод сэтгэл мөс чанарт нь байдаг гэж үздэг. Тийм учир бие биеэ хайрладаг, энэрдэг, ойлгодог, харилцаа сайхан байх нь жаргалтай амьдралын үндэс юм. Гэр орондоо ч ийм байх ёстой. Эр, эм хоёрын жаргалтай харилцаанаас үр хүүхдүүд жаргалтай байдаг.  Атаач, хар муухай, шуналтай сэтгэлээс болоод улс орон, гэр бүлд ч ан цав үүсдэг. Цагаан сарын сайхан өдөр бүх сайн сайхныг билэгддэг нь ийм учиртай. Хамгийн гол нь жилийн турш буюу 365 хоногт тэр ерөөл үргэлжлэх болтугай гэсэн утга санаа шүү дээ. Цагаан сараар бид зурхай зурдаг. Одон гарагтай бидний бие холбоотой учир шүтэн барилдлага дээр тулгуурлаж заслаа хийдэг. Хулгана жилийн тухайд хувь хүний хувьд хөгшчүүдэд гайгүй, залууст хатуу, нялхаст анхаарууштай гэж гарсан. Нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд түвшний дарга нарт бүр ширүүн байна. Тийм учир улс орныхоо төлөө зүтгэж буй хүмүүс ёс зүйтэй, шударга ажиллахгүй бол хэцүү гэсэн зурлага харагдаж байна” гэгчлэн айлдлаа.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account