Б.Ганхуяг: Компанийн талаар үнэнд нийцэхгүй мэдээлэл гарсан

Б.Ганхуяг: Компанийн талаар үнэнд нийцэхгүй мэдээлэл гарсан

Б.Ганхуяг: Компанийн талаар үнэнд нийцэхгүй мэдээлэл гарсан

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа оролцож холбогдох мэдээлэл өгсөн юм. Б.Ганхуяг захирал ярихдаа “Өнөөдөр 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр. Бид ээлжит мэдээлээ хийнэ. Гурван асуудал ярина. Иргэд маань мэдээлэл маш муутай байна. Мэдээлэлтэй хэсэг нь хангалттай ойлголттой болж байна. Бараг 1072 хувьцааны тухай ч мэдэхгүй шахам хүмүүс ч маш их хандаж байна. Өнөөдрийн байдлаар “1072” мэдээллийн төв болон онлайнаар бүртгэж байгаа системүүдээр 80 мянган иргэн шинээр бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Энэ нь бүртгэгдсэн гэсэн үг. Бусад иргэд нь нарийн мэдээлэлгүй байгаа учир бид мэргэжлийн байгууллагатай хамтран тодорхой мэдээлэл өгөхөөр болно. Өнөөдөр ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хамтран мэдээлэл хийнэ. Хоёрдугаарт, маш их хэмжээний асуултууд ирж байна. Ялангуяа нас барсан иргэдтэй холбоотой, хувьцаа дутсан, анхан шатны баримт дутуу байгаа асуудал байна. Гуравдугаарт цахимаар буюу “Онлайнаар бүртгүүлцгээе” гэдэг аяныг өнөөдрөөс эхлээд явуулж байна. Ирэх 7 хоногоос мэдээллээ цомхон өгнө. Мэдээлэл эхлэхийн өмнө компанитай холбоотой товчхон зүйл дурдая гэж шийдлээ. Сүүлийн хэд хоногт компанийн үйл ажиллагаа руу хандсан, гүжирдсэн гүтгэсэн ташаа мэдээлэл гарлаа. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК борлуулалт хийхгүй байна гэдэг худал мэдээлэл хэд хэдэн удаа гарлаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш 1,6 сая тонн нүүрсийг экспортолсон. 1 дүгээр сарын 24 хүртэл экспорт тасралтгүй явсан. 1 дүгээр сар гэдэг маань онцлогтой сар. Учир нь БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурал тухайн жилийнхээ төлөвлөгөөг баталдаг хурлаа 3 дугаар сард хийдэг. Үүнээс өмнө квот тогтоогдоогүй учир 1 дүгээр сард экспорт жилийн жилд бага байдаг. 2 дугаар сараас өсч эхэлдэг. Энэ өсөлт тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөө тасраад компанийн үйл ажиллагаа хүндэрсэн зүйл байхгүй. Би өмнө нь мэдээлж байсан 3 дугаар сарын 2 хүртэл бидэнд санхүүгийн эрсдэл үүсэхгүй. 3 дугаар сарын 2-ноос хойш төлөвлөгөө тасалдах, эрсдэл бий болох нөхцөл байдал үүсч байна. 1, 2 дугаар сарыг харьцангуй эрдсдэл багатай давлаа” гэгчлэн мэдээлэв.

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авчээ. Системд нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. 

  • Web site-д хандсан – 15.300
  • Andriod хэрэглэгч – 38.200 
  • IOS хэрэглэгч – 14.300 
  • Системээс 1072 хувьцааныхаа тоо ширхэгийг  лавласан- 150,000 
  • Систем рүү логин хийсэн 111.600
  • Систем дээр бүртгүүлсэн нийт харилцагчийн тоо  – 80.500
  • Үүнээс ноогдол ашгийн хэмжээгээ харсан -63.600 
  • 1800-1072 утсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 3750
  • Facebook page хуудсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 4210

ТҮГЭЭМЭЛ  5 АСУУЛТ, ХАРИУЛТ

-Миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ? (40%)

-Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнээр дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, ЭТТ компанитай холбогдох, санал асуулгад оролцох боломжтой болох юм.

Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу? (30%)            

-ЭТТ компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ? (15%)    

-1068 ширхэг хувьцаатай бол-2011 онд эрүүл мэндийн даатгалын  8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.

-964 ширхэг хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.

857 -ширхэг хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.

-750 ширхэг хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.

-527 ширхэг хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545 ширхэг хувьцаа хасагдсан.

-544 ширхэг хувьцаатай бол-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528ш хувьцаа хасагдсан.

-536 ширхэг хувьцаатай бол- 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъяатаас гарсан иргэдэд хамаарна.

-Ногдол ашгийг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ? (10%)           

-Ногдол ашгийг 2020 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account