Б.Ганхуяг: Тавантолгойн IPO-г энэ Засгийн газрын үед гаргахгүй

Б.Ганхуяг: Тавантолгойн IPO-г энэ Засгийн газрын үед гаргахгүй

Б.Ганхуяг: Тавантолгойн IPO-г энэ Засгийн газрын үед гаргахгүй

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “2020 онд бидний нуруун дээр хоёр зүйл байгаа. Нэг нь Зүүнбаянгийн төмөр зам. Энэ төмөр зам ашигтай. Яагаад гэвэл стратегийн хувьд шинэ гарцууд бий болно. Нэмүү өртөг шингэнэ. Зам дагуу хүнд болон хөнгөн үйлдвэрүүд хөгжинө. Тиймээс энэ замыг хийхээс өөр аргагүй. Төв терминальтай холбогдоно. ОХУ, бусад орон руу гарна. Дөрвөн гарц шинээр бий болж байгаа юм. Мөн Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замыг зайлшгүй барих  ёстой.  Одоо бид нэг тонн нүүрсийг 32 ам.доллараар тээвэрлэж байна. Энэ төмөр замыг тавьснаар 8 ам.доллар болно. Ингэснээр 24 ам.доллар нь төр болон иргэддээ ашиг болж очно. Тийм учир энэ төмөр замыг байгуулах ажлыг зогсоож үл болно. Зогсоохгүй байх санхүүгийн чадавх нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д байна. Төрийн эрх бүхий байгууллагаас зөвлөмж, чиглэл гарсан. Түүнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа Тавантолгойн бассейнийг цогцоор нь хөгжүүлэх асуудал яригдсан. Цогцоор нь хөгжүүлнэ гэдэг нь энэ хоёр төмөр зам, дээр нь Оюутолгой- Хангимандалын авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Хими технологийн үйлдвэр, Коксын үйлдвэр, үүнийг дагасан хот байгуулалт, хүнд, хөнгөн үйлдвэр гээд 8 төрлийн том бүтээн байгуулалт явагдана. Үүнд нийт 5 тэрбум доллар зарцуулна гэдэг тооцоо хийсэн. Энэ бол тухайн үед буюу эрх бүхий байгууллагын зөвлөмж, чиглэлийн хүрээнд хийсэн бидний тооцоо. Үүнээс хойш Олон улсын байгууллага болон зөвлөхүүдтэй ажиллаад бодит үнийн дүнг гаргаж ирсэн. 5 биш 3.7 тэрбум ам.доллар гэдэг тооцоо гарсан. Үүнээс  нэг тэрбум гаруй ам.долларыг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн өөрийн ашиг орлогоороо санхүүжүүлэх бүрэн боломжтой. Энэ санхүүжилтын хүрээнд 2019 онд Зүүнбаянгийн  чиглэлийн төмөр замыг 370 тэрбум төгрөгөөр анхны санхүүжилт хийгээд явуулчихлаа. Одоо хоёрдахь санхүүжилтыг нь хийх гэж байна. Дээрээс нь Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замд 110 сая ам.долларын санхүүжилт хийсэн. Хоёрдахь санхүүжилт болох 90 сая ам.долларын санхүүжилтыг дахин Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замд хийчихлээ. Цаашилбал энэ жил хэдий хэмжээний зам, хэдий хэмжээний суурь бүтэц баригдах юм, түүнд гаргах зардал “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д байгаа учраас IPO-г энэ Засгийн газрын үед буюу 2020 онд гаргах шаардлага байхгүй” хэмээгээд “Улсын Онцгой комиссын шийдвэрээр хилийг өнөөдөр буюу 16-ны өглөөнөөс нээсэн. Нүүрсний тээвэрлэлтийг Цагаан хаднаас Гашуунсухайт боомтоор хийхийн тулд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд нэвтрэх ёстой. Өнөөдрөөс тээврийн компаниуд ажилдаа орлоо. Жолооч нар онцгой бүс дээр ажиллаж байгаа учир хамгаалалт, хувцас хэрэглэнэ. Энэ долоо хоногийн гурав дахь, дөрөв дэх өдрөөс тээвэрлэлт жигдэрнэ. 90 гаруй компани, 2000 жолооч нүүрсний тээвэр хийнэ” гэв.

Б.Ганхуяг мэдээллийнхээ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг үйл ажиллагааг улстөржүүлэх хэрэггүй. Энэ жил гуравдахь удаагаа улстөржлөө. 2012 онд яг ингэж байгаад унагаасан юм. Тийм учир би улстөржих шаардлагагүй гэдгийг байнга хэлж явдаг” гэлээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account