Ц.Нямдорж: МАНАН мафийг сэргээх зорилго АН-д байна

Ц.Нямдорж: МАНАН мафийг сэргээх зорилго АН-д байна

Ц.Нямдорж: МАНАН мафийг сэргээх зорилго АН-д байна

УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөхөө мэдэгдсэн гишүүн асан Н.Номтойбаяр таньтай “дайн” зарлаад байна. Та тэр хүнийг гишүүнээс нь чөлөөлүүлэхийн төлөө ажилласан гэдэг үнэн үү?

-Н.Номтойбаярын өөрийнх нь хүмүүжил тийм юм. Яг үнэндээ бол Н.Номтойбаяр надаас өөр хүмүүстэй аймшигтай зөрчилтэй байснаас үүдэж энэ байдал үүссэн. Хоёрдугаарт, миний хуучин нэр дэвшиж сонгогдсон Хан-Уул дүүрэгт дэвших гэсэн зорилгодоо хүрэхийн тулд наадах чинь нохой зан гаргаж байна. Түүнээс Н.Номтойбаяртай муудалцсан зүйл надад байхгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хэлэлцэж байх үед Н.Номтойбаяр УИХ-ын гишүүдтэй ордны хуйвалдаан маягийн юм зохион байгуулаад, үлдэх ажил нэлээд хийсэн юм байна лээ. Тэрийг нь таслан зогсоосон хүн нь би мөн. Би Н.Номтойбаярыг яг энэ өрөөнд дуудаж уулзаад, “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Чи эхлээд хүн бол. Хоёрдугаарт, чамайг хүний амь нас хохироосон хэрэгт холбоотой гэж олон хүн хардаж байна. Хардах шалтгаан ч бас байна. Үүнийгээ цэвэрлэ. Түдгэлзүүлэх хугацаанд хүний амь настай холбоотой хардлага сэрдлэгийг цэвэрлэж дуусга. Тэгэхгүй бол чамд холын улбаатай хохиролтой явдал болно” гэдгийг хэлсэн. Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх саналыг би ганцаараа гаргаагүй. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн бүгд санал нийлж шийдвэрээ гаргасан. Тэднийг ч ийм шийдвэр гарга гэж би ятгаагүй. УИХ дээр санал хураахад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал олонхи болсон. Дахин санал хураалт явуулах саналыг АН-ын дарга С.Эрдэнэ гаргаж, хуйвалдаан зохион байгуулахад нь таслан зогсоосон. Үүнд шаралхаад яваад байгаа юм байна лээ.

Ер нь намганд живж байгаа хүн амиа аврахын тулд дэрснээс татдаг. Тийм юм хийж давхар алдаа гаргаад байна уу даа гэж би ойлгож байна. Тэрэндээ хүрэх юм бол хоёр нүүр гаргалгүй, яг бодитой зүйл ярьсан хүн нь би шүү. “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, энэ хугацаанд чи хүн амины хэргийн хардалт сэрдэлтээс нэрээ цэвэрлэ. Наадах чинь гурван үедээ хонзон болж хувирна. Аюултай шүү” гэж хэлсэн.

Г.Батхүү агсан нас бардаг орой Н.Номтойбаяр  их хэмжээний согтолттой байсан. Тэр үед нь талийгаач өрөөгөөр нь ороод гарсан, нас барсан. Ар гэрийнхэн нь Н.Номтойбаярыг энэ асуудалд шууд холбож харддаг, гомддог. Буруу гэхийн арга байхгүй. Алдсан хүн арван тамтай гэдэг үг байдаг. Яахаараа зүгээр явж байсан хүн Н.Номтойбаярын өрөөнд орсны дараа нас бардаг юм гээд ургуулаад бодвол асуудал байна. Ийм ноцтой зүйлээс нэр төрөө цэвэрлээд авах ухаан тэр хүнээс гаргахгүй байна. Харамсалтай л байна.

Н.Номтойбаяр миний том хүүхдээс нэг ах хүн. Ээж нь надтай хамт Эрхүүгийн бэлтгэлд байсан. Аав нь Ленинградад байсан. Аавыг нь би танина. Тэрийгээ ч би хэлсэн. Би хэлэх хэлэхдээ “Аав, ээж хоёр чинь чамд халдаж хэлж чадахгүй байгаа үгийг би хэлж байна шүү. Миний хүүхдээс ялгарах юм чамд байхгүй. Хэтэрхий их алдаж байна. Алхам тутам чинь хэрэг явдал болж хувирч байна. Булганд гарсан аваарын асуудал. Бас л энэ чиний бүрэн эрхийн хугацаанд гарсан. Ийм байж болохгүй. Эхлээд хүмүүжиж хүн бол” гэдгийг хэлээд гаргасан. Хүн болоогүй байж төр түшинэ гэж юу байхав дээ. Эцгийнхээ босгосон хөрөнгөөр хэтэрхий их аархаж болохгүй л дээ. Тэр хөрөнгө Н.Номтойбаярын бүтээсэн хөрөнгө биш шүү дээ. Аавынх нь босгосон бизнес. Н.Номтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн. Бүхнийг мөнгөөр худалдаж авч, будилуулж, дарж, айлгаж болно гэдэг аархал, танхай авир түүнд байна. “Заан том боловч зам дагадаг, залуу том боловч хууль дагадаг” гэдэг үг байдаг. Үүнийг Н.Номтойбаярт дахин нэг сануулах цаг болсон.

-Та өмнөх сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдсон. Гэтэл энэ удаад Орхон аймагт өрсөлдөхөөр боллоо. Тойргоо сольж байгаа нь Н.Номтойбаяртай холбоотой юу. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тойргоо сольж байгаа нь миний гэхээсээ илүү намын удирдлагын шийдвэр. Эрдэнэтэд хоёр шинэ хүн нэр дэвшиж байна. Тэр хоёрт нөмөр нөөлөг бол гэж намын дарга надад санал тавьсан юм.

Хоёрдугаарт, миний нэг зарчим байдаг. Би олон сонгуульд шинэ хүмүүс дагуулж орсон. Тэд маань УИХ-ын гишүүнээр сонгогдоод дөрөө даах төвшинд хүрчих юм бол тойргоо тэдэнд үлдээдэг.

Би 2008 онд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг дагуулаад, хоёр шинэ хүнтэй сонгуульд орж байсан. Хоёулаа гарч ирсэн. Тэр хоёр дөрөө даах төвшинд хүрэхээр нь би тэр тойргоос явсан. Хан-Уул дүүрэг найман жилийн турш цэнхэртчихсэн байсан. Хот, дүүрэг, УИХ-ын сонгуульд найман жил дараалан ялагдсан тойрог дээр 2016 онд Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нарыг дагуулж очсон. Гурвуулаа ялсан, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нар сайд болсон. Одоо бол Д.Сарангэрэл дөрөө даах төвшинд хүрчихлээ.  Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгт шинээр нэр дэвших хүмүүсээ хариуцаад ажиллах төвшинд хүрчихсэн гэж дотроо тооцсон учраас намын удирдлагын саналыг хүлээж авсан. Тэрнээс биш дүүргээсээ зугтах муу юм би хийгээгүй. Бүгд мэдэж байна.

Таныг Н.Номтойбаяраас зугтаж, Орхонд нэр дэвшлээ л гэж бүгд ярьцгааж байна?

-Яг үнэндээ бол Н.Номтойбаяр надад өрсөлдөгч биш. Тэр мөнгөтэй л хүн. Ямар ч үед надад итгэдэг сайхан сэтгэлтэй хүмүүс Монголын нутгаар нэг байдаг. Тэд нар Ц.Нямдорж гэдэг хүн юуны төлөө зүтгэж байгаа, өнгөрсөн дөрвөн жил Эрдэнэтийн тухай яагаад ярив, “Яргын хэрэг”-ийн талаар яагаад ярив гэдгээс болж энэ хүн дээр ямар их цохилт, дайралт ирж байна вэ гэдгийг бүгд хараад сууж байгаа. Тэд нарын надад итгэх итгэл хэвээр байгаа. Миний сонгогчдын надад итгэх итгэл хэвээр байгаа. Би Хан-Уулаас Эрдэнэт яваад, тэндээс сонгогдоод УИХ-ын гишүүн болсон ч хуучин сонгогдож байсан тойргуудаа мартдаггүй юм. Хан-Уул, Увс гээд тойргууд байна. Хан-Уул намайг 1992 онд анх сонгож гаргасан дүүрэг. Би тус дүүргээс 1992 онд 55 хувь, 2016 оны сонгуульд 47 хувийн саналаар гарсан. Бараг хуучин саналаараа гарсан. Тэр хүмүүсийн надад итгэх итгэл хэвээр байгаа. Ийм л учиртай юм.

-Таныг хуулийн салбарт будлиан хутгадаг хүн гэж зарим нэг нь буруутгах юм. Ялангуяа “Зориг агсныг хөнөөсөн хэрэг”-ийг санаатайгаар будлиулдаг гэж Б.Хурц ярьдаг. Энэ үнэн үү?

-Будлиулж хүн яргалсан хүмүүс нь тухайн үеийн ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан. Тэд бүгдээрээ миний саналаар ажлаа өгсөн. Цахиагийн Элбэгдоржийн удирдлага заавраар зохион байгуулсан тэр яргыг, тэр будлианыг илчилж таслан зогсоосон хүн нь би мөн. Үүний хариу дайралт над дээр ирж байгаа юм. Яргалсан нь үнэн гэдгийг ард түмэн нүдээрээ үзсэн. Энэ хэрэгт гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, “37 оны хэрэг”-ийг сэргээж байна гэж би баримттай юм ярьж анх гарч ирсэн. Одоо энэ яргын хэргийн шүүх хурал болох гэж байна.

-Хуулийн салбарт будлиан хутгасан гэдэг дээр…?

-Хуулийн байгууллага гээд нийтээр нь надад хамааруулж яриад байгаа юм. Шүүгч, прокурор, авилгатай тэмцэх газар, тагнуулыг би томилдоггүй. Эд нар надад ажлаа тайлагнадаггүй. Би тэдний ажилд оролцдоггүй. Зовлон энд байгаа юм. Би эд нарыг томилдог байсан бол энэ “яргын хэрэг” чинь тэр дороо шийдвэрлэгдэх байсан. Тэднийг Ерөнхийлөгч томилдог тогтолцоотой. Надад харьяалагддаг 12 газар байна. Бүгд хөл дээрээ зогссон. Манай яам, системийн алба хаагчид өөр аль ч системд байхгүй орон сууцны хангалт авдаг.

Би 2000 онд сайд болсноос хойш албан конторыг нь сайжруулчихъя гэж системийнхаа бүх байшин барилгыг шинэчилсэн. 5500 орчим алба хаагчийг орон сууцтай болгосон. 2008 оны Засгийн газарт ажиллаж байхдаа яамныхаа 74 хүний 40 гаруйг нь байртай болгоод явсан. Сая ирээд дахиад яамныхаа албан хаагчдад зориулж орон сууц бариулж байна. Ирэх долоодугаар сарын нэгэн гэхэд айлууд нь орох байх. Манай яамны 108 хүний 80 гаруй нь энэ шинэ орон сууцанд орно. Энэ яамны конторыг би сая бариулсан. Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар гээд Төрийн ордны баруун талд миний бариулсан долоо найман байшин байна. Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн сайдад хууль бичихээс гадна системийнхээ бодлого, хөрөнгө оруулалт, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх гэсэн туйлын хүнд хоёр асуудал байдаг. Энэ хоёрыг шийдэж байж хүмүүс ажиллана. Дотоод хэргийн сургууль гээд бараг гурван мянган сонсогчтой сургууль байна. Дотуур байр, хичээлийн байрны асуудлыг шийдсэн. Одоо номын сан, спортын цогцолборууд ашиглалтад орох гэж байна. Ингээд нэг цогц сургууль байгуулах мөрөөдөл маань биелж байна. Тэнд цэргийнхнээс бусад бүх мөрдөстэй алба хаагчид бэлтгэгдэж байгаа. Энэ яамны дэргэдэх эмнэлгийг гайгүй шинэ барилгатай болгох юмсан гэдэг мөрөөдөл олон жил өвөрлөж явсан. 2017 онд ашиглалтад ороод, 2017, 2018 онд найман сая еврогоор шинэ тоног төхөөрөмж тавьж өгсөн. Энэ эмнэлэг бол бараг Монголд байхгүй эмнэлэг болсон. Манай Дотоод хэргийн сургуультай өрсөлдөх сургууль Монголд байхгүй. Спортын цогцолбор бол 25 метрийн дөрвөн замтай. Онцгойгийнхон усны гүнд бэлтгэл хийх гурван метрийн бассейн, сагс, гар бөмбөгийн заал, самбо, жудогийн бэлтгэлийн өрөө, номын сантай найман давхар сургууль баригдаж байгаа. Одоо бүртгэлийн газарт шинэ барилга бариулна. Мөрдөн байцаах газрын конторыг найман сард бариулсан. Монголд ийм том хэмжээний байшин найман сарын хугацаанд баригдаж байсан түүх байхгүй.

-Таны хөөцөлдлөгөө нөлөөлсөн гэж хэлэх гээд байна уу?

-Миний хөөцөлдлөгөө л дөө. Ер нь бол төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг хүн чинь ийм л юм хийх ёстой. Манай хорих байгууллага 26 орчим салбар ангитай. Бүх хорих ангиа шинэчилсэн. Асар том бүтээн байгуулалт намайг байх хугацаанд хийгдсэн. Зөвхөн 2019 онд гурван аймгийн цагдаагийн байшин, гурван дүүргийн цагдаагийн байшин ашиглалтад орсон. Хамгийн сүүлчийнх нь Сүхбаатарынх өнөө маргаашгүй ашиглалтад орох гэж байна. Би өөрийнхөө хариуцсан яам болон 12 агентлагийн төвшинд бүгдийнх нь байр байшинг шинэчилж өгсөн. Энэ 20 жилийн 12 жилд би, үлдсэн найман жилд нь Ц.Бат, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Х.Тэмүүжин, Д.Дорлигжав,С.Бямбацогт гээд олон хүн энэ яамыг толгойлсон. Тэд миний эхлүүлснийг үргэлжлүүлж байсан юм. Зарим хүн намайг хорин жил сайд хийсэн гэж андуураад байдаг юм.  

-Хуулийн хэрэгжилт талаас нь бас шүүмжлэл гараад байдаг шүү дээ?

-“Шүүх хэрэг будлиулж байна. Хууль зүйн сайдаас болж байна” гэдэг юм явуулаад байдаг юм. Харамсалтай нь, би шийддэггүй. Үүний хариуцлагыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, УЕП, АТГ-ын даргаас асуух хэрэгтэй. Тэднийг Ерөнхийлөгч томилдог. Хуулийг би бол өрсөлдөгчгүй бичдэг. 1992 оны Үндсэн хууль батлагдаж байхад 55 хуультай байсан. Одоо 800-аад хуультай болсон. Энэ бүхэнд гар бие оролцсон хүн нь яалт ч үгүй би. Дээр нь хуулийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг арваад хууль байдаг. Энэ арваад хуулийг гардаж бичсэн хүн нь би. Харамсалтай нь миний бичсэн хуулийг Х.Тэмүүжин устгаад одоо энэ Эрүүгийн хууль, мууль гээд хачин юм гаргаж ирчихээд зовлон учруулаад байгаа юм. Гол асуудал бол би муу ажиллаж байгаад биш хуулийн сайдын цаад талд дотоодын аюулгүй байдлын асуудал байдаг. Үүн дотроо мафийн бүлэглэлтэй тэмцэх ажил цагдаагаар дамжиж, Хууль зүйн сайдтай уялддаг. Хоёр удаа хүндрэлтэй нөхцөлд ороход би Хууль зүйн сайд байсан.

2000 онд хар хүчирхийллийнхэн буюу рекет гаараад бараг төрийн толгой дээр гарчихсан байсан. Бирж дээр арилжаа хийгдэхэд утсаар яриад зогсоодог. Зарим нь Ерөнхийлөгчийнд очоод хэвтчихдэг, зарим нь Ерөнхий сайдындаа очоод хэвтчихдэг байсан.  Улс төрчдийг айлгахын тулд Сонсголонгийн гүүрнээс хүн дүүжилдэг. Далан давхарт авч ирээд нүх ухаж уйлуулдаг байсан үе шүү. Ийм байх үед нь би сайд болоод цэгцэлсэн. Харамсалтай нь, 2012 онд сайдын ажлаа өгөөд 2017 онд буцаж ирэхэд Ц.Элбэгдорж мафизим бүлгээ босгож чадсан байсан.

АТГ, шүүх прокурор, тагнуулд өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг томилж, тэднээр далимдуулж, хуулийн бүх байгууллагаар өөрийнхөө хүссэн шийдвэрийг гаргуулж байсан. Хонгил гээд байгаа юм чинь тэр. Үүнийг би нураах гэж тэмцэж байгаа учраас над дээр гал ирээд байгаа юм. Би “Эрдэнэт” үйлдвэр, С.Зоригийн хэргийн асуудлаар ярьж эхэлж байхдаа “Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж үг хэлсэн.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, АТГ, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, цагдаа, тагнуул гээд бүх эрх мэдэл, хөрөнгө санхүү, хэвлэл мэдээллийг гартаа атгасан найм, есөн хамгийн том дарга нартай ганц биеэрээ гардан тулаанд орсон. Би улс төрийн амьдралдаа олон тулаанд орсон. Энэ хамгийн хэцүү нь байсан. Толгойн хэсгийг бүгдийг нь сольсон. Одоо бие, гар, хөл нь үлдчихсэн байгаа. Гар, хөл нь үлдчихсэн учраас “яргын хэрэг” нь шийдэгдэхгүй бүтэн жил будлиулж байна. Над руу дайрах дайралт Ц.Нямдорж гэдэг хүн дээр ирж байгаа мэт боловч эцсийн дүндээ Хууль зүйн сайдынх нь зүрхийг үхүүлэн, Монголын хууль дээр гишгэх, үгнээсээ гардаггүй хүмүүсийг толгойд тавиад дээрэм тонуулаа дахин сэргээх нөхцөлийг бүрдүүлэх гэж байгаа юм. Энэ дайралт гурван чиглэлээр, асаалттай танк шиг 24 цагаар зогсолтгүй явагддаг. УИХ доторх дайрагчдын клуб, гудамжны дайрагчдын бүлэг, хөлслөгдсөн хэвлэл гэсэн ангилалтай.

УИХ дотор сайн дайрвал 100 мянган ам.долларын, гудамжинд сайн дайрвал УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх шагналтай. Хэвлэлд “Эрдэнэт”-ийн луйврын талаар материал гаргуулахгүйн тулд 10 сая төгрөгөөр хаалтын гэрээ байгуулдаг. Өнгөрсөн дөрвөн жил над руу дайрч “гавьяа байгуулсан”. Б.Энхбаяр, Х.Бат-Ялалт, Т.Энхсайхан, Б.Гүнбилэг, Д.Мөнх-Эрдэнэ, Мөнхцэлмэг, Д.Оросоо гээд бүгд л энэ сонгуульд нэр дэвшиж байна. Эд сонгогдвол “сахал” Эрдэнбилэгийн боол болно. Ардчилсан нам өмнө нь МАН-тай өрсөлддөг байсан бол энэ дөрвөн жилд Ц.Нямдорж гэдэг ганц хүнтэй тэмцэж, доош ороод эцэст нь Н.Алтанхуягийг намаасаа хөөж, О.Баасанхүүгээр эгнээгээ өргөтгөж, шившгээ дэлгэлээ. Үүний цаана нөгөө л МАНАН мафийг сэлгэх зорилго агуулагдаж байна.

Ярилцсан Т.Давааням. www.zindaa.mn

cэтгэгдэлүүд
  • аргагүй л төрд хэрэгтэй хүн юм даа

  • МАНАН одоо байгаа юү?

  • их л зөв ярьж дээ

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account