МАН-ын үнэт зүйл бол ерөөсөө л Монгол хүн

МАН-ын үнэт зүйл бол ерөөсөө л Монгол хүн

МАН-ын үнэт зүйл бол ерөөсөө л Монгол хүн

1992 он. УИХ-ын анхны сонгууль болов. АН  ердөө дөрөвхөн суудал авав. Ганц хоёрхон жилийн настай, амны салиа нь арилаагүй, хий хоосон ардчилал ярьж хөөрцөглөсөн залууст монголчууд шууд итгэл хүлээлгэж гэнэн тэнэг ард түмэн биш гэдгээ яруу тод харуулсан юм. Харин 1996 оны сонгуулиар “Бид эвлэлдэн нэгдлээ, одоо алаад өгнө. Таны итгэл бидний зүтгэл” гэж “аймшигтай” пиар хийсээр байгаад олонх болж чадсан билээ. Анхны Засгийн газар нь хөдлөнгүүтээ ямар ч тооцоо судалгаагүйгээр суурь үнийг чөлөөлж, үр дагаварт нь инфляци жолоо цулбуураа алдлаа. Тухайн үед сөрөг хүчин байсан МАН “Суурь үнийг чөлөөлөхөд эхлээд эдийн засаг, нийгмийн хамгаалалтыг маш сайн хангах ёстой байдаг. Гэтэл “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар үүсэн гарах сөрөг үр дүнг тооцолгүйгээр суурь үнийг чөлөөллөө” хэмээн анхааруулаад эрх баригчдыг зогсоож дийлээгүй. “Ардчилсан холбоо” эвслийн анхны Ерөнхий сайд М.Энхсайхан “Тайван бай. Бүсээ чанга бүслэ. Манай улс 18 сарын дараа гэхэд тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ” гэж үнэхээр үнэмштэл сэнхрүүлэв. Ард түмэн итгэсэн, бас хүлээсэн. 18 сар өнгөрлөө. Эдийн засаг улам унаж, төсвийнхөн цалингаа ч тавьж чадахаа болилоо. Эрх баригчид алдаагаа эргэн харж, бодлогоо өөрчлөхийн оронд дараагийн дайралт руу яарч, өмч хувьчлал нэрээр улсын өмчит газруудыг хувьдаа авч эхлэв. Бүр улайрч банкны реформ гэдэг шинжлэх ухаанч нэр томьёон дор Ард, Даатгал банкуудыг хууль зөрчин байж хүчээр дампуурууллаа. Ядрахад яр гэгчээр  “Ардчилсан холбоо” эвслийнхний дотоод зөрчил гүнзийрч, энэ нь төрийн үйл ажиллагааг гацааж байлаа. Эдийн засгийн уналт үргэлжилж, ард түмэн жинхэнэ утгаараа элгээрээ хэвтэв. Нийгмийн хамгаалал, халамжийн бодлого үндсэндээ утгаа алдав. Бараг л мартагдсан дууль болох шахсан даа. МАН-ын хувьд нийгмийн бодлого мартагдах гэж байгааг удаа дараа шүүмжилж байсан ч эрх баригчид “Хамгийн зөв нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого” гэдэг зэрлэг капитализм үнэртсэн уриа хэлчихээд сууж байдаг болов.

Сөрөг хүчин “Нийгмийн бодлогогүйгээр улс орон урагшаа явахгүй. Гэдэс хоосон, толгой хоосон, маргаашдаа итгэлгүй баахан хүн бий болгочихоод одоо л нийгмийн асуудлаа анхаарая  гэх тухай яриа байж болохгүй” гэж сануулсан ч ардчиллынхан дөргүй бух шиг зүтгэсээр байлаа. Үнэхээр улс орныг аваад явах хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байжээ өдөр ирэх бүр нотлон харуулж байлаа. Эвслийн зарим шударга гишүүд нь ч үүнийг хүлээн зөвшөөрч байсан юм. 1996-2000 оны эрх баригчид өмч хувьчлал нэрийн дор улсын үйлдвэр, обьектуудыг тарааж, өөрсдөө банктай, үл хөрөнгөтэй болцгоосон билээ. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Жа. Пүрэв гуай “Хар дарсан зүүд шиг өнгөрүүлсэн 4 жил” номондоо тодорхой өгүүлсэн байдаг.

2000 оны их ялагдлынхаа дараа ардчилал ярьсан баахан наманцарууд нэгдэж АН гэгчийг байгуулж, улмаар 2004 онд Эрэлийн Эрдэнэбатын МАШСН-тай хамтарч “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулж сонгуульд ороод 36 суудал авлаа. Хачирхалтай нь өмнө нь буюу 1998 оны 4 дүгээр сарын 23-нд  Ерөнхий сайдаар томилогдоод ердөө 8 сар ажиллаад огцорсон Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж батлуулав. Угаасаа улстөржихөөс цаадахыг харахгүй хүн яаж улс орны эдийн засгийг толгойлж авч явж чадах билээ. Хоёр жилийн дараа мөн л бүрэн эрхээ гүйцээж чадалгүй огцров. Тухайн үед улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, нийгмийн халдварт өвчин даамжирч, ард түмний амьжиргааны түвшин буурч эхэлсэн учир МАН арга буюу огцруулах арга хэмжээ авч билээ. Түүнээс гадна АН-ын дотоод зөрчил хамтарсан Засгийн газрыг огцруулахад том нөлөө үзүүлсэн юм.

АН 2012 онд олонх болж чадаагүй ч, засаг байгуулах хэмжээнд хүрлээ. Гэхдээ ердөө ганц хоёрхон жилийн дотор улс орны эдийн засгийг унагав. 2012 онд 17,3 хувьд хүрч дэлхийд гайхуулсан өсөлттэй, 4,1 тэрбум долларын валютын нөөцтэй эдийн засгийг МАН-аас хүлээж авсан атал 2012-2016 онд өсөлтөөс уналт, хуримтлалаас  өрөнд шилжсэн улсыг хээв нэг хүлээлгэн өгсөн юм. Чингис, Самурай, Мазаалай, Хуралдай бондоор 6,7 их наяд төгрөг авч, үргүй зарцуулан улс орноо өрөнд бариуллаа.  Тэрбум, тэрбум доллар буюу их наядаар тоологдох тэр их хэмжээний мөнгийг ард түмэндээ зориулах бус нэр бүхий албан тушаалтнууд завшсан хэрэг нь одоо шүүхийн шатанд байна. Валютын нөөц 1,3 тэрбум болж эрс буурч, Монгол Улс 5 төсөвтэй болж, төсөв санхүүгийн сахилга бат алдагдлаа. Оюутолгойн Дубайн төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэлгүй баталж, баялгийн эзэн Монгол Улс, монголчууд ногдол ашгаа хүртэх хугацаа 30 жилээр хойшлов. Монгол Улс, монголчуудын ганц саалийн үнээ болох Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан луйвар нь илрэхээс гадна  33,8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг шалгалгүйгээр өршөөж, асар их хэмжээний хууль бус мөнгийг угаасан. Үүнээс болж л  Монгол Улс саарал жагсаалтанд орсон шүү дээ.

Өр зээлэндээ баригдсан, данс нь улайсан улс орныг хүлээж авсан  У.Хүрэлсүхийн Засгийн газар 8,2 их наяд төгрөгийн өр төлж, хүнээр бол сэхээнд ухаангүй байсан эдийн засгаа богино хугацаанд эрчимт эмчилгээний тасгаас гаргаж, эдийн засгийн өсөлтийг  7,1 хувьд хүргэж чадлаа. Монгол Улсын төсөвт санхүүгийн сахилга бат тогтоон, түүхэндээ анх удаа ашигтай гарлаа. Засгийн газрын өр ДНБ-ий 80-иас дээш хувьд хүрсэн байсныг 50 хувь болгож чадав. Валютын нөөцөө 4,3 тэрбум болгон зузаатгаад байна. 20 жил ярьсан Улаанбаатарын утааг 2 жилд 50 хувь бууруулж, нийслэлчүүдийн цээжийг онгойлгов. Олон жил гацсан Зүүнбаян-Тавантолгойн 414км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267км төмөр замаа монголчууд өөрсдөө 3 дахин бага өртгөөр барьж эхэллээ. 234 шинэ сургууль, 180 шинэ цэцэрлэг үүдээ нээж, 3-н ээлжээр хичээллэдэг сургууль нэг ч үлдсэнгүй. Газрын тосны үйлдвэр бүтээн босгох ажил эхэлж, төмөр зам, эрчим хүч, автозам, дэд бүтцийг нь барьж дуусган, үргэлж хямд үнэтэй Монгол түлш, шатахуун хэрэглэх өдөр ойртсоор байна.

Монголын бүх салбарт ноёрхолоо тогтоож, өнгөтэй өөдтэй болгоныг хамж, сүүлд нь эх орны эрдэс баялгийг  тэр чигт нь гартаа оруулахыг санаархсан МАНАН бүлэглэлтэй тэмцэж, хууль шүүхийн тогтолцоонд үүрлэсэн хонгилыг нурааж эхлэв. Үр дүнд нь Эрдэнэт, Багануур, Салхит, Асгат зэрэг эх орныхоо алдагдсан өмч баялгаа монголчууд эргүүлэн авлаа. Байгалийн баялагийн тэгш хуваарилтын зарчмыг хангаснаар нийгмийн асуудал шийдэгдэж, Монгол хүний хөгжил шинэ түвшинд гарах билээ. Бүлэглэлээ, өөрсдийгөө тордох биш хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжин цэцэглэж, өнө удаан оршин тогтноно гэдэг уламжлалт бодлого, зарчмаа МАН хэзээ ч алдалгүй үргэлжлүүлсээр байгаа нь олз.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • АН-д ч сайн тал бий. МАН-д сайн тал бий. Бас хоёуланд нь дутагдал ч бий.

  • АХ эвсэл нээрэн самарсан

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account