С.Нарангэрэл: Албан ёсоор хууль тайлбарлах эрх шүүгчид байдаггүй

С.Нарангэрэл: Албан ёсоор хууль тайлбарлах эрх шүүгчид байдаггүй

С.Нарангэрэл: Албан ёсоор хууль тайлбарлах эрх шүүгчид байдаггүй

Монгол Улсын Гавьяат хуульч С.Нарангэрэл байр сууриа илэрхийллээ.

-Бүрэн эрх нь дуусаагүй Их хурлын гишүүнийг шүүхээс цагдан хорилоо. Энэ асуудлыг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын их хурлын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Ерөнхий  сайд асан Ж.Эрдэнэбатыг баривчлан хорих шүүгчийн захирамж гарсан нь хэрээс хэтэрсэн шударга бус бөгөөд улс төрийн дээрээсээ ирсэн захиалгыг монголын шүүгчид хэрхэн яаж биелүүлдэг, монголын шүүх яаж шударга биш болсны нэг тод баримт болж Монголын түүхэнд үлдэнэ гэж хуульчийн хувьд, эрдэмтний хувьд үзэж байна. Яагаад гэхээр АТГ, Мөрдөн байцаах газраас шүүхэд түүнийг баривчлуулах үндэслэлээ “дуудсан үед удаа дараа ирээгүй” гэсэн байна лээ. Тэгэхээр Ж.Эрдэнэбат бол Ерөнхий сайд байсныхаа хувьд төрийн тусгай хамгаалалтад байгаа. Энэ хүнийг УИХ-ын Тамгын газар мэднэ. Өөрт нь бас туслах, ажлын хэсэг ажилладаг. Тэгэхээр юуны өмнө АТГ тэдгээр хүмүүст мэдэгдсэн эсэхийг шүүх шалгасан уу, үгүй юу. Хоёрдугаарт, нэгэнт тусгай хамгаалалтад байгаа учраас төрийн тусгай хамгаалалт энэ хүний амь нас, аюулгүй байдлыг хариуцаж байгаа. Тэдэнд асуудал тавьсан уу гэдэг бас сонин. Тэрнээс биш жирийн нэг иргэн шиг оргож зугтаад, хаана байгаа нь мэдэгдэхгүй болчих ийм хүн биш шүү дээ. Шүүгч бол энэ шийдвэрийг гаргахдаа энэ бүхнийг зориуд сайн шалгах ёстой байсан. УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулиар халдашгүй эрхтэй. Халдашгүй эрх гэдэг бол улс төрийн хувьд хэлмэгдэхвий гэдгээс болгоомжилсон дэлхий нийтийн жишиг эрх. Энэ удаад улс төрийн захиалга, өрсөлдөгчдийнх нь гар хөл орсон юм биш биз гэдгийг шүүгч бас шалгах ёстой байсан. Даанч ийм шалгалтыг огт хийсэнгүй. Мөн анхны барьцаа гэж 10 тэрбум төгрөгийн асуудлыг ярьсан юм билээ. Энэ мөнгө бол хэмжээлшгүй их мөнгө. Эгэл жирийн иргэний хувьд энэ бол сэтгэлд нь буухааргүй том мөнгө. Тэр тусмаа их хурлын гишүүн, Ерөнхий сайдаар ажилласан төрийн хүн 10 тэрбумыг бариад шүүхэд өгчих мөнгө биш, тэр хүнд ч тийм мөнгө байхгүй. Магадгүй Ерөнхий сайд байсны хувиар танил тал, найз нөхдөөсөө гуйлга гуйгаад бүрдүүлээд өгчихсөн бол эх сурвалжаа хэл гээд л хорьчихно. Дээр нь Сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвшээд үнэмлэхээ авсан хүмүүс хамгаалалтад орчихдог. Ийм хүнийг хорьж байна гэдэг бол сонгогчдын сонгох эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Сэлэнгэ аймгийн олон сонгогчид буюу мэдээллийн хэрэгслээр хэлж байгаагаар 16 мянган иргэн сонголтыг маань хорьчихлоо гэж СЕХ, шүүхэд асуудал тавьсан байна лээ. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуулийг захирамж гаргасан шүүгч уландаа гишгэсэн. Шүүх Үндсэн хуульд ноцтой халдсан. Ер нь тэр шүүгч яагаад ийм шийдвэр гаргав гэдгийг хуульч хүний хувьд үзэхэд улс төрийн захиалга хэрэгжүүлэх нээнтэгтэй барьцаалагдсан хүн байна. Улс төрийн захиалга өгсөн тэр хүнийхээ захиалгыг хэрэгжүүлж биелүүлэхээс өөр аргагүй байдалд тэр шүүгч орчихсон юм байна гэж харагдаж байгаа юм. Ганцхан энэ хүн дээр ийм асуудал үүссэнгүй. Н.Номтойбаяр, Х.Бат-Ялалт зэрэг олон хүмүүсийг яг л ийм аргаар хорилоо. Энэ бол ерөөсөө Монголын шүүх шударга байх шинж чанараа алдаж улс төрийн захиалга биелүүлдэг, шүүгч эх орон ард түмний язгуур эрх ашиг, Үндсэн хууль болоод бусад хуульд үнэнч байх өргөсөн тангарагаа дэндүү ноцтой зөрчсөн бусармаг явдал боллоо гэж бодож байна. Магадгүй шүүх санал хураалтаас өмнө Ж.Эрдэнэбат гишүүнийг гаргахгүй байж магад. Тэгсэн ч гэсэн сонгогчид саналаа өгдөгөөрөө л өгнө. Нэмээд хэлэхэд шинээр бүрэлдэх их хурал Монголын шүүхийг шударга, хараат бус, бие даасан болгох тал дээр онцгой анхаарах ёстой цаг үетэй бид золголоо. Энэ бол зөвхөн Ж.Эрдэнэбат гишүүнтэй ч холбоотой асуудал биш, жирийн иргэдтэй хамаатай гэдгийг цохон хэлье.

-Тэр “10 тэрбумын барьцаа” гэдгийг ямар үндэслэлээр гаргасан юм бол?

-Хэрээс хэтэрсэн, хуульчлаагүй. Уг нь бол барьцаа гэдэг чинь биелэгдэх бодит боломжтой, хүний хөрөнгийн эх үүсвэр, чадвар, цалин хөлсийг судалж байж гаргаж ирэх ёстой шүү дээ. Тэртээ, тэргүй 10 тэрбум гэхээр, ялангуяа төрд үнэнчээр ажилласан хүмүүст байхгүй мөнгө. Нэгэнт өгөхгүй юм чинь хорьж л таараа. Анхнаасаа ингэж бодож боловсруулж байж ийм барьцааны мөнгийг тавьсан байх.

-Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн. Тэгвэл тус шүүгчийн захирамжийг Үндсэн хуулийн цэцэд өгөх боломжтой юу?

-Энэ сонгуулийн дараа энэ шүүгчид тэртээ, тэргүй ёс зүйн арга хэмжээ авагдана. Хамгийн гол нь яагаад ийм шийдвэр гаргасан гэдгийг тал бүрээс нь судлах хэрэгтэй. Улстөрчдийн нээнтэгт орсон учраас ар гэр гээд бүгдийг судлах ёстой.

-Ж.Эрдэнэбат гишүүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон. Тиймээс халдашгүй байдал огт хамаагүй гэж ШЕЗ-өөс хэлсэн. Ийм байж болох юм уу?

-Болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн байгаа энэ дөрвөн жилд нь тэр халдашгүй эрх нь үйлчилдэг. Хууль л бол хууль.

-Төрийн тусгай хамгаалалтыг нь баривчилхаасаа гурван цагийн өмнө гэнэт татан буулгасан байсан. Энэ нь ямар учиртай вэ?

-Төрийн тусгай хамгаалалт ямар хугацаатай үйлчилэх вэ гэдгийг Ерөнхий сайдаас огцорсных нь дараа УИХ тогтоол гаргаж шийддэг. Энэ тогтоолыг их хурал өөрөө л хүчингүй болгоно. Тэрнээс өөр хэн нэгэн албан тушаалтан хүчингүй болгохгүй. Тэр бүү хэл Тусгай хамгаалалтын газар өөрөө ч ингэж чадахгүй.

-Шүүгч бас нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаасаа өмнө хэрэгт холбогдсон учраас Сонгуулийн тухай хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн тайлбар хийсэн. Ингэж болдог уу?

-Сонгуулийн хуулийн 35.2 чинь нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэгдээд үнэмлэхээ авснаас хойш хугацаатай үйлчилнэ. Өмнө, хойно огт хамаагүй. Өнөөдөр 600 гаруй нэр дэвшигчид дотор хэрэгт холбогдсон маш олон хүн байгаа шүү дээ. Энэ хууль чинь хугацаандаа л үйлчлэх ёстой. Хууль бол хууль гэж хэлсэн. Нэгэнт улс төрийн захиалгатай учраас ийм инээдэмтэй тайлбар хийгээд байгаа юм.

-Шүүгч хуулийг тайлбарлаж болох уу?

-Албан ёсоор хууль тайлбарлах эрх шүүгчид байдаггүй. Уг нь шүүгчийн шийдвэрийг жирийн иргэн ч ойлгохоор байх ёстой. Гэтэл сүүлйин үед энэ мэт захиалгатай хэрэг дээрээ тэдийн тэд гэсэн баахан хуулийн хуурай заалт хийдэг болсон. Түүнийг нь жирийн иргэд ойлгохгүй, үнэхээр хуулиа барьжээ л гэж ойлгоно. Хуулийн амин сүнс нь үнэн, нинжин сэтгэл, нэр төр болдог. Үүн дээрээ тулгуурлаж шүүх шийдвэр гаргах болохоос биш их хурлын гаргасан хуулийн хэдэн заалтыг барьж гаргадаггүй юм. Өнөөдөр иймэрхүү шийдвэр гаргаж байгаа шүүгч бол шүүгч биш. Шүүгчийнхээ итгэл, албан тушаалыг худалдсан байна. Би ингэж л дүгнэж байгаа.

-Иймэрхүү түүх дэлхийд ер нь бий юу. Үүнийгээ яаж шийдсэн байдаг юм бол?

-Шүүгч гэдэг бол ерөөсөө аливаа хэрэг маргааныг чин шударгаар, үнэнээр нь шийдвэрлэх эрхийг хуулиар эдэлнэ. Үүнээсээ хэтэрсэн ийм үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр шүүгч өөрөө гэмт хэрэгтэн. Өөрөө нөгөө хорьсон хүнийхээ оронд байгаа газар нь очно гэдгийг маш сайн бодож байх ёстой.

-Шүүгч хүн илтэд буруу шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээх үү?

-Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд шүүхийн шударга бус захирамжийн талаар заалтууд бий. Харамсалтай нь Монголын зарим шүүгчид улстөрчдийн хууль бус, шударга бус захиалгыг биелүүлж, түүнийхээ төлөө албан тушаал ахиж, алдар цол хүртсэндээ эрдэж, алдаж байна. Хүний хувьд нэр төр гэдэг бол хамгийн чухал, ялангуяа шүүгчийн нэр төр, ёс зүй. Үүнийгээ баримтлаагүй бол тэгээд л шоронгийн хаалга татна.

-Захиалагчийн дагуу шүүгч шийдвэр гаргасан нь тогтоогдвол яах вэ?

-Захиалагч хүлээдэг хариуцлагаа хүлээнэ. Ингэлээ гээд хууль бус шийдвэр гаргасан шүүгч хариуцлагаас мултарч чадахгүй. Үүрдэг хариуцлагаа хүлээгээд очдог газраа л очно.

Create Account



Log In Your Account