Р.Батсайхан: Шинэ хүн, шинэ намд боломж байхгүй

Р.Батсайхан: Шинэ хүн, шинэ намд боломж байхгүй

Р.Батсайхан: Шинэ хүн, шинэ намд боломж байхгүй

Найруулагч Р.Батсайхантай ярилцлаа.

Монголчууд 1992 онд УИХ-ын анхны сонгуулиа өгсөн. Тэр цагаас хойш юм юм л өрнөлөө, өөрчлөгдлөө. Ямар ялгаа гарч байна гэж харж байна даа?   

-Хуучин цөөхөн мэдээллийн хэрэгсэлтэй байх үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд жигтэйхэн ач холбогдол өгдөг байлаа. “Цагийн хүрд”-ээр гарсан мэдээг туйлын үнэн гэж боддог. Тэгвэл бид тийм ертөнцөөсөө айжмаар хөндийрч дэлхий нийтийн түгээмэл хандлага руу орж байна. Үүний нэг илрэл нь манай өнөөдрийн сонгуулийн үйл явц юм. Улстөрийн намуудын нэр хүнд муу байна гээд манайхан яриад байна. Үнэндээ бол манайд намуудын рейтинг өндөр байгаа шүү дээ. 10 хувь гэдэг чинь бага үзүүлэлт биш. Өндөр хөгжилтэй оронд улстөрийн намын нэр хүнд тав, зургаахан хувьтай байдаг.  Бид тийшээ ойртоод л байна. Хуучин 60 хувьтай гардаг аймаар байлаа шүү дээ.

1992 онд бид их цайлган, гэнэн байж дээ. Улстөрч нь ч тэр, сонгогч нь ч тэр гэнэн байсан. Бүх юманд сэтгэлээсээ, зүйрлэх юм бол янз бүрийн харилцаанд орж үзээгүй, хөдөөгийн гэнэн цайлган, эрсдлийг харах чадваргүй хүмүүс байж дээ. Энэ ингэж амласан юм чинь хийх л байх гэдэг тийм хар хоргүй сэтгэлтэй байсан. Жаахан жаахан хар юм байсан л даа. Нэгнийгээ хужаа мужаагаар нь дуудах ч юм уу.

-Баахан дуучдыг цуглуулж тоглолт хийхээр хүмүүс хуйлраад саналаа өгнө гэж итгэдэг байсан үе сонгуулийн сурталчилгааны түүхэнд бий. Одоо бол урлаг, спорт ч юм уу бүх нийтийг хамарсан арга хэмжээгээр өөрийгөө олонд таниулах боломж хаагдсан. Тэгэхээр өөрийгөө илэрхийлж таниулах ямар боломж байна вэ?  

-Би түрүүн хэлсэн. Монголчууд дэлхий нийтийн хандлага руу ойртож байна гэж. Дуу хөгжим, концерт тоглуулдгаа болиод, туг далбаа намируулдгаа болиод, самбар босгодог нь ч улам багасаад байгаа юм. Би Герман, Австрали, Америк, Хонгконг, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын сонгуулийг харсан. Сонгууль болж байгаа шинж юу ч байхгүй. Зүлгэн дээр өрсөлдөж байгаа хоёр хүний зурагтай самбар л тавина. Ойролцоогоор А2-ын хэмжээтэй юм уу даа. Сонгууль гээд нийгмээрээ бужигнаад, гудамж талбай улаан эрээн болж байгаа юм ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл тэд тийм үеэ өнгөрөөсөн. Бид нар шиг дүвчин, сүржин сонгуульддаг улс алга. Өндөр хөгжсөн оронд улстөр сонирхдог нь улстөрөө сонирх, сонирхдоггүй нь заавал сонгууль өгөх албагүй гэж үздэг. Улстөр гэдгийг мэддэг хүн л сонголт хийх ёстой. Огт мэдэхгүй авгай зөв сонголт хийнэ гэдэг худлаа шүү дээ. Тэр хүн бол зурагтаар олон харсан хүнээ л сонгоно уу гэхээс мөн чанар нь хэн юм гэдгийг мэдэхгүй ш дээ.

-Шинэ хүмүүс бие даан нэр дэвшиж байна. Тэр хүмүүс богино хугацаанд яаж сонгогчдод танигдах вэ?

-Яагаад ч танигдаж чадахгүй. Ийм богинохон хугацаанд байгаагаараа орохоос л өөр арга байхгүй. Угаасаа хүний тархи сэтгэхүйн онцлог чинь богино хугацаатай биш. 10 жил суралцаж байж анхан шатны ерөнхий боловсрол олж авдаг. Суурь  боловсролыг хурдан олж авдаг байсан бол чамайг тийм удаан сургах ямар шаардлага байна. Одоо бүр 12 жил болгочихоо биз дээ? Энэ юуг хэлээд байна вэ гэхээр юмыг гүн бат ойлгоно мэднэ гэдэг бол хугацаа шаардсан ажил. Улстөрч болох гэж байгаа бол урт хугацааны, ядаж дунд хугацааны зорилт дэвшүүлэх ёстой. Түүнээс биш хоёр сар нүдээ тормолзуулаад, хэлээ хазаад яваад байвал сонгогдоно гэж гонж. Тэр бол зүгээр л үзэгдэл.  

Шинэ нам ч адилхан уу?

-Цэгцрээгүй хүмүүс өөрсдийгөө илэрхийлж гаргаж чадахгүй. Төлөвшөөгүй нам хэзээ ч гарч ирж чадахгүй. Өнөөдөр улстөрийн том хэмжээний компанит ажлыг зохих түвшинд хийж чаддаг хоёрхон л нам бий. Тэр утгаараа МАН, АН  улстөрийн зах зээл дээр ноёлож байна. Түүнээс биш шинэ хүн гарч ирэх цаг болжээ гэхээр л түүнийг сонгодог ид шидийн юм хаа ч байхгүй. Нэг хоёр тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Нийтлэг зүй тогтлын тухайд ярихад шинэ нам, шинэ хүнд боломж байхгүй.

Өөрсдийгөө мэргэшсэн парламентч гэж зарлаж, “нотлох” хүмүүсээс үнэхээр мэргэшсэн үнэр үнэртэх юм уу?

-Ерөнхийдөө  улстөрд олон жил оршсон хүмүүс дандаа ахисан түвшинд оршиж байгаа. Байрандаа байгаад байвал цаг хугацааны шалгуураар хусагдана шүү дээ. Байнга өөртөө апдейт хийж, өөрийгөө шинэчилж чаддаг хүмүүс улстөрд олон жил болно. Тэгж чадахгүй бол ёстой л нөгөө Гүндалайгийн хэлдгээр чацга царайлаад үлдэнэ. Өөрийгөө шинэчилж чадахгүй улстөрчид байна. Хэдэн жилийн өмнө дөвчигнөөд, сагсаганаад л явж байсан. Тэр хэвээрээ яваад байвал хуучирсан пянз л болж хоцроно гэсэн үг.

-Өөрийгөө байнга шинэчилж ирсэн, ямар ч цаг үетэй хөл нийлүүлж чадах тийм улстөрчид тэгээд манайд байна уу?

-Ер нь бол тэгж чадсан улстөрчид байгаа. Сонгуулиар ямар ч сандрах юмгүй, бүх юмаа хийчихсэн. Зүгээр л  би энд дэвшлээ гэхэд л бараг болно.

Орилж хашгирдаг, үе үе “галзуу” мэдэгдэл хийдэг улстөрчдөд тэгвэл ямар фэйс зохих гэж? Та түүний шинэ имижийг яаж төсөөлж байна даа?

-Мэдэхгүй. Хошигноод хэлэхэд, түүнд магадгүй зар сурталчилгааны менежерийн ажил илүү зохих байх.

Та олон жил PR буюу олон нийтийн харилцааны чиглэлээр тодорхой ажил хийлээ. Монголчуудын сэтгэлзүйн онцлогийг яаж мэдэрсэн бэ?

-Дэлхийн хүн төрөлхтөн хоорондоо адилхан. Онцгой ялгаа нэг их байхгүй. Монгол хүний онцлог гэвэл хоёр нүүртэй, хэзээ ч бодлоо үнэнээр нь хэлдэггүй. Гудамжинд явж байгаа хүнээс “Чиний үзэх дуртай нэвтрүүлэг юу вэ?” гэж асуухаар “Цагийн хүрд” л гэж хариулдаг. Уг нь янз бүрийн судалгаагаар “Цагийн хүрд”-ийг сонирхдог хүний тоо буурсан. Жишээлбэл, чи  хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ? Би хувьдаа тав, зургаан жилийн өмнө нь л үзэж байсан санагддаг юм. Одоо ч тэгээд “Цагийн хүрд” үзээд сууж байдаг маанаг хүн байхгүй дээ. Аль “Чингисийн үеийнхээрээ” байгаа юм чинь. Тэгэхлээр жинхнээсээ Солонгос кино үздэг мөртөө “Цагийн хүрд” л үздэг гэж ярьдаг нь хоёрдмол сэтгэлгээтэй, зан суртахуунтайн илэрхийлэл юм. Албан ёсны чухал мэдээлэл хүлээж авдаг мундаг хүн болж харагдах гээд байна шүү дээ.

 –Энэ жил харьцангуй олон дуучин, жүжигчин, бөх нэр дэвшлээ. Зарим хүмүүсийн ам таагүй л байх шиг. УИХ-д бодлого боловсруулах хэмжээний хүмүүс очвол зүгээрсэн?

-Яагаад таагүй гэж. Тэр бол бидний таамаг. Хагас боловсорсон, өөрсдийгөө улстөр мэддэг гэж боддог хүмүүсийн л сэтгэгдэл. Яг сонгогчид ямар бодолтой байгааг мэдэхгүй. Ганцхан Монголд л тамирчин, жүжигчин, дуучин сонгогддог гэвэл худлаа. Орост Карелин гээд алдарт бөх улстөрд ороод ирсэн, Путинтэй нэр холбогдоод байсан гимнастикч Ирина Кабаеваг нэрлэж болж байна. И.Кобзон гэдэг алдарт дуучин миний мэдэхийн 1990 оноос хойш Думд сонгогдлоо.

Парламент ард түмний тусгал юм бол ямар ард түмэн байна, тэр болгоны тусгал байх ёстой. Энэ ард түмний зургаан хувь нь мэдрэл муутай юм бол УИХ-ын гишүүдийн зургаан хувь нь тийм хүмүүс байх ёстой. Малчин хүн байх ёстой. Нийгмийн төлөөлөл болоод тэр салбарын төлөө юм хийдэг байх ёстой. Дандаа хуульч гарчихвал энэ улс хөгжинө гэж худлаа. Амьдрал мэдэхгүй шүү дээ. УИХ-д янз бүрийн төлөөллүүд байж гэмээнэ тэнцвэрийг хангана.

-1992 онд Баабар “Ард түмэн ходоодоороо сонголт хийлээ” хэмээн даапаалж байлаа. Энэ удаад бид толгойгоороо сонголт хийж чадах болов уу?

-Ер нь өргөн утгаараа бүх ард түмэн ходоодоороо сонголт хийдэг. Ирэх дөрвөн жилд би ямар байх вэ, миний таваг дүүрэн байх уу гэдэг ийм л сонголт хийж байгаа.  Монголд хүмүүс номыг цөөхөн худалдаж авдаг хэрнээ, Ланд круйзерийг олон аваад байна гэх юм. Үнэндээ бүх ард түмэн тийм шүү дээ. Угаасаа зүй тогтол нь гэсэн үг. Ном уншдаг хүн нийт хүн амын олон хувийг эзлэдэггүй. Америкчууд ч, Германчууд ч ходоодоороо л сонгууль хийдэг. Бараг бүх хүн дөрвөн жилийн хоолоо бодож сонголт хийдэг.

-Миний бодлоор сэтгүүлчид сонгуульд нэгдмэл үзэл санаатай, нэг дуу хоолойтой оролцож чаддаггүй. Энэ талаар та юу бодож явдаг вэ?

-Сэтгүүлчид сонгуульд мэдээлэх үүрэгтэй л оролцох ёстой. Сэтгүүлзүйг олон нийтийн харилцаатай хутгадаг. Угтаа бол шал хоёр өөр юм шүү дээ. Сэтгүүлзүй хаана, юу байгааг мэдээлэх үүрэгтэй. Чиглүүлэх, ойлгуулах гэж чармайх ч  хэрэггүй. Энд 10 хонь байна гэж бодоё. Сэтгүүлч хүн цаад талаар нь тойрч хараагүй л бол наанаасаа цагаан өнгөтэй 10 хонь байна гэж бичих ёстой. Заавал наанаасаа гэж тодотгох ёстой. Гэтэл манайх тэгж чадахгүй байна.

Ярилцсан Д.Лхагвадорж

Create Account



Log In Your Account