Д.Батням: Э.Оюунболд шавиас минь мөнгө нэхэж, гүтгэж байна

Д.Батням: Э.Оюунболд шавиас минь мөнгө нэхэж, гүтгэж байна

Д.Батням: Э.Оюунболд шавиас минь мөнгө нэхэж, гүтгэж байна

Монгол Улсын aварга Э.Оюунболдын багш, дасгалжуулагч Д.Батнямтай ярилцлаа.


-Э.Оюунболд аваргын хувийн чат ил боллоо гэх мэдээлэл олон нийтэд цацагджээ. Багш Д.Батням нь түүнд тариа хэрэглэхийг зөвлөсөн гэх агуулгатай, тарианы зурагтай тэр мэдээг та харсан байх. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Тэр тухай харсан. Баттогтох гэж багш руугаа бичиж байсан чат мэтээр эвлүүлсэн байсан. Баттогтох биш л дээ. Ш.Бямбатогтох гэж Э.Оюунболдын хүчний бэлтгэлийг хийлгэж байсан багш нь. Тэр эвлүүлгийн дундуур оруулж ирсэн тарианы зураг явуулсан хүн нь өөрөө Ш.Бямбатогтох байгаа биз дээ.

-Тэр багштайгаа үл ойлголцсон зүйлс гарсан юм уу. Та энэ талаар мэдэж байгаа юу?

-Сая энэ сарын эхээр Э.Оюунболд надад хэлсэн. Багш надаас мөнгө нэхэж байна, яавал дээр вэ гэж асуусан. Та хоёр ярилцаарай, авлага, өглөгийн асуудал надад хамаагүй. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандаж болно шүү дээ гэдгийг хэлсэн. Намайг муу хэллээ, муухай харагдууллаа гээд би тоохгүй. Яг үнэндээ Э.Оюунболдоос мөнгө нэхээд байгаа өөр хүмүүс ч байгаа. Тэд л ийм зүйл хийж байгаа. Хэн гэдгийг нь мэдэж байгаа, санаатай гүтгэлэг шүү дээ.

-Яагаад мөнгө нэхсэн юм бол. Та юу гэж ойлгосон бэ?

-Хоёр жилийн өмнөөс хүчний бэлтгэл дээр нь ажиллаж байгаа багш нь юм, уг нь. Нэг нутгийн хүмүүс л дээ. Өнгөрсөн жил бэлтгэлд хамт гарсан гээд мөнгө асуудаг юм билээ. Маргааны тухайд бол саяын наадмын өмнөх асуудал. Аваргын гэрт согтуу очиж, мөнгө нэхсэн. Тэрэнд нь дургүйцсэн найз нь Ш.Бямбатогтохтой маргалдсанаас болоод хиймэл шүд нь унасан гэсэн. Тэгээд мөнгө нэхэмжилсэн юм байна гэж би ойлгосон. Баянзүрхийн цагдаа дээр энэ асуудал шалгагдсан. Эхлээд гомдол мэдүүлээд, дараа нь гомдлоо татаж аваад, мөнгө шаардсан юм байна. Юуг нь нуухав, Э.Оюунболд надад багш хөл дүүжлэх унаатай бол гээд машин авч өгсөн юм. Тэрэнд зарим багш нар нь дургүй байгаа ч юм билүү, мэдэхгүй. Сая хэвлэлд гараад байгаа чатыг Э.Оюунболд руу өмнө нь явуулсан байсан. Ийм юм олон нийтэд цацна шүү гэж… Өнөөдөр би ярьсан, Э.Оюунболдтой. “Худал зүйлийг битгий тоо. Угаасаа ийм өөдгүй зүйл хийхийг нь мэдэж байсан” гэж байна лээ.

-Тэгэхээр та Д.Батням гэж багш Э.Оюунболд аваргад эм, тариа хийсэн гэдэг мэдээлэл худал гэдгийг өөрөө баталж байна гэж ойлголоо?

-Яалаа гэж тийм зүйл байх билээ. Шавийгаа хорлоод сууж байдаг багш байдаг юм уу.

-Та Э.Оюунболд аваргатай яг хэзээнээс холбогдож байсан бэ?

-Арваад жилийн өмнө. 2010 оноос хойш над дээр чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг байсан. Удалгүй “Үндэсний бөх барилдах хэрэгтэй байна” гээд явсан. Ингэж явсаар гурван жилийн өмнө “Багш аа, миний ачааллыг тааруулж өгөөч. Надад яг тулж ажиллах, судалгаа, шинжилгээтэй хандах хүн хэрэгтэй байна” гэж хандсан. Их бэлтгэл хийснээрээ хүн сайн болохгүй л дээ. Бэлтгэл, ачааллыг зөв тааруулж хийж байж сайн барилдана. Ингээд “Таниар төлөвлөгөөгөө гаргуулъя” гээд ирсэн. Би зөвшөөрсөн. Аварга болдог жил нь бол бүр илүү тулж ажилласан. Дагестан руу авч явсан. Төлөвлөсний дагуу сайн барилдсан.

-Дагестан руу та хамт явсан. Тэнд хэр хугацаанд байсан билээ?

-Э.Оюунболдын жин 150-аас дээш гарчихсан байсан. Тийм жинтэй хүн барилдахгүй л дээ. Монголд ийм жинтэй хүн жингээ буулгах гээд өндөр ачаалал авбал ядарна. Тиймээс Дагестан явж, далайн түвшнээс дээш 0 метртэй газарт бэлтгэл хийе гэж шийдсэн. Төлөвлөгөөтэй хийж байсан бэлтгэлийн нэг хэсэг л дээ. Дагестанд 28 хоног ажилласан. Э.Оюунболд тэнд өөрөө өөртэйгөө л тэмцсэн. 28 хоногоос илүү удвал бие нь эргэж сэргэхгүй. Бид 2019 оны нэгдүгээр сард Монголд буцаж ирсэн. Ирэхдээ 25 кг хассан. Ажиллах чадвар нь илт сайжирч ирсэн. Үндэсний бөхөд хүн ер нь хөл л сайн ажиллаж байвал барилдана. Э.Оюунболд тэр жил нэг сараас хойш хүнд унаагүй юм шүү. Э.Оюунболдыг барилдааны дараа галзуу юм шиг гүйлээ гэж ярьдаг. Хүн гүнзгий амьсгаадсаны дараа хурд авбал аяндаа ядрах нь бага байдаг. Удаан амьсгаадахгүй. Гэх мэтээр энэ хүний амьсгал, хөдөлгөөн, алхаа гишгээ бүртэй нь тулж ажиллаж ирсэн болохоос биш эм, тариа, допинг гэх зүйл хэрэглүүлэх байтугай хамгаалж, тойрч ирсэн юм шүү. Би ажлаа л хийж байгаа хүн. Хэдий өнөөдөр надад ийм байдлаар хэлүүлэх, гүтгүүлэх хэцүү санагдаж байгаа ч Э.Оюунболд маань бүтэн жилийн турш сэтгэл зүйн ямар хүнд дайралтыг туулж явааг бодоод хүмүүстэй хэрүүл маргаан хийж явахаас цааргалж, хойш сууж ирлээ.

-Б.Адьяахүү начин Э.Оюунболд аваргын багш байсан. Одоо бол түүний үндэсний бөхийн бэлтгэлийг удирдаж та байгаа юм байна. Аварга болдог жил нь наадмын бэлтгэлд хамт гараагүй юм уу?

-Б.Адьяахүү багш дээрээ хоёр жилийн өмнөөс бэлтгэл хийхээ больсон. Багш нь зэмлэж, битгий ирээрэй гэсэн юм шиг байна лээ. Залуу хүн болохоор гомдох, туних зүйл хэн хэнд нь байсан байх. Гэхдээ би Э.Оюунболдод “Багш хүнийг гомдоож болохгүй шүү” гэж захидаг. Үндсэндээ сүүлийн хоёр жил үндэсний бөхийн бэлтгэл, сургуулилтын төлөвлөгөө, ачаалал дээр нь би ажиллаж байна. Өнгөрсөн жил аварга “Та миний багш болно уу” гээд шар хадаг барьж ирсэн. Багш, шавь болсон.

-Та Э.Оюунболд аваргыг сүүлийн жилүүдэд дасгалжуулж, зөвлөж, хамт бэлтгэлд гарч, хамт байжээ. Гэтэл өнгөрсөн жилийн наадмын дараа допинг илэрлээ. Шинжилгээний хариу, шүүхийн шийдвэр, Э.Оюунболд аваргын байр суурины алинд нь та итгэж байгаа вэ?

-Би аваргад итгэж байгаа. Шинжилгээний дүн гарсны дараа би асуусан. “Чи надаас нууцаар юм хэрэглэсэн үү, эсвэл сэжиглэж байгаа зүйл байна уу, хаана алдаа гарчив, ний нуугүй ярья. Допинг байж болох зүйл хэрэглэсэн бол багшдаа үнэнээ хэл” гэж. Э.Оюунболд бүх зүйлээ надтай илэн далангүй ярилцдаг. “Багш аа, би үнэхээр юу ч хэрэглээгүй. Та ядаж надад итгээрэй” гэж хэлдэг. Нэг зүйлийг хэлсэн нь зөв байх гэж бодож байна. Бүтэн жил чимээгүй явлаа. Өнгөрсөн жилийн наадмын өмнө Э.Оюунболд надад хэлж байсан юм. Яг наадмын өмнө, долдугаар сарын эхээр. Багш аа, намайг “Чи түрүүлбэл чамаас допинг илрүүлнэ шүү” гэж дарамталж байна гэж. Мөнгө төгрөг нэхсэн ч байсан. Би яалаа гэж тийм юм байдаг юм. Барилдаанаа л бод гээд өнгөрсөн. Гэтэл наадмын дараа үнэхээр л тийм зүйл болсон.

-Одоо Дээд шүүхэд хандсан байгаа. Тэр юу болсон бэ?

-Э.Оюунболдын асуудал дээр улс төрийн нөлөө ч гэх юм уу зүйл орсон гэж би харддаг. Энэ хүнд шийтгэл ногдуулаад, тэрийг нь хүлээгээд үндсэндээ тэр хугацаа нь дууслаа шүү дээ, сая. Тэгээд би хэлсэн. Одоо шүүхээр явж, цаг хугацаагаа үрэх хэрэг байна уу гэж. Тэгэхэд “Би хэрэглээгүй л юм чинь өнгөрсөн ч гэсэн үнэнийг нь олж, нэр төрөө сэргээмээр байна. Би буруугүй байж хүлээн зөвшөөрч байгаа юм шиг орхиж чадахгүй” гэж хариулсан. Танилцуулсан шинжилгээний дүнгээр бол Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрсэн. Логикоор сэтгэхэд сүүлийн хоёр бодис нь далдлагч бодис гэсэн байгаа юм. Тэр хоёр бодисыг хэрэглэвэл өмнөх нь гардаггүй байх ёстой юм уу даа. Ийм юм гэж юу байхав.

-Та үнэхээр Э.Оюунболд аваргад ямар нэгэн эм, тариа хэрэглүүлж байгаагүй юу?

-Долоо хоногт хоёр удаа үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. Тэгэхэд нь би төлөвлөгөөгөө танилцуулдаг. Дархлаа унасан бол дархлаа дэмжих эм тариа зөвлөнө. Хөлс муухай үнэртээд эхэлбэл бодисын солилцооны хямрал явагдаж байгаа тул эмчилгээ зөвлөнө. Зөвлөгөө өгнө. Энэ бүхнийг допинг зөвлөж байна гэж ойлгож болохгүй л дээ. Наадмын бэлтгэл дээр би Э.Оюунболдын хажуунаас ер нь холдоогүй шүү. Аав нь хүртэл хэлж байсан, “Та хүүгээс алхам холдохгүй, ажиглах юм. Ийм хүн ховор доо” гэж.

-Тэгэхэд хүчний багш нь Ш.Бямбатогтох байсан гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

-Би малын эмч мэргэжилтэй. Чөлөөтийн шигшээ багт бага эмчээр ажиллаж байсан. Спортын анагаах ухааныг сүүлийн жилүүдэд судалж, бэлтгэл сургуулилтдаа хэрэг болох мэдлэг, мэдээлэл олж авч яваа.

-Энэ жилийн наадмаар Сүүж ууланд бөхчүүд бэлтгэлд гарахад та хамт очсон уу?

-Тэгсэн. Би сар болсон.

-Архангайн Р.Пүрэвдагва арсланд та зөвлөсөн юм уу. Энэ жил гурван бөхөөс допинг илэрлээ гэсэн мэдээлэл ил болж, гурван бөхийн нэр яригдаж эхэлсний нэг нь түүнийг гэх юм.

-Тэгсэн. Р.Пүрэвдагва арслан 14 хоног болоод явсан.

-Арслан танд өөрөө хандсан юм уу?

-Тийм ээ. Арслан болсноосоо хойш сайн барилдаж чадахгүй байна ачаалал, төлөвлөгөөн дээр ажиллаж өгөөч ээ гээд ирсэн. “Хөл ажиллахгүй байна. Хөлний ажиллагааг засчихвал болно оо” гээд бид хоёр 14 хоног тусгай бэлтгэл хийсэн. Хөлний дасгал дээр ажилласан. Сайхан сэргээд явсан. Би шинэ мэх заадаг хүн биш. Дутуу хийгээд байгаа мэхийг яаж зөв хийж болох вэ? Ачаалал, хүний өөрийн биеийн онцлог дээр юу дутагдаж байна. Яавал ажиллагаа илүү сайжрах вэ гэдэг дээр илүү ажилладаг.

-Р.Пүрэвдагва арсланг допингийн төрлийн бодис хэрэглэснээс болж наадмын үеэр биеэр нь яр шарх гарсан байсан. Түүнийгээ нуух гэж крем, пудр биедээ түрхээд барилдсан гэх зүйлс хүртэл бичигдэх боллоо. Үнэхээр тийм шарх, сорвитой болсон байсан юм уу?

-Өндөр ачаалалтай бэлтгэлийн үед хүний бодисын солилцоо хямардаг. Тэгээд биед шарх үүссэн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар үндэсний бөхийнхөн наадмын өмнө олон удаа усанд орохыг цээрлэдэг тал ч бий. Хөлс их гарч гарч байгаа үед усанд орох хугацаа холдсоноос болоод тийм зүйл болж ч болно. Ямар ч шалтгаантай байж болно. Шинжилгээний эцсийн дүн ирээгүй байхад хүнийг шууд тэгж дүгнэх өрөөсгөл.

-Таны дасгал, сургуулилтад хамрагддаг хэчнээн бөх байдаг вэ?

-Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд арав гаруй аймгийн бөхчүүдийн ажиллах чадвар дээр би ажиллаж байна. Тэглээ гээд одоо энэ Л.Батнямтай бэлтгэл хийсэн байна гээд тэр хүүхдүүдийн нэр хүндийг, миний нэр хүндийг унагаагаад байж болдог юм уу.

-Улсын начин Д.Цэрэнтогтох энэ жилийн наадмын допингийн шинжилгээ, бас Э.Оюунболд аваргын чат ил боллоо гэх энэ мэдээлэлтэй зэрэгцэн ярилцлага өгсөн байсан. Тэнд мөн л таныг тариа зөвлөсөн, хэрэглэсэн гэж ярьсан байна?

-Д.Цэрэнтогтохыг анх Ховдын Н.Батзаяа дагуулж ирж байсан юм. Гуяны булчин нь задарчихсан байсан. Хөл нь гайгүй бол сайн барилдах хүү гэж ярьж байсан.

-Цагаан тариа тарьсан гэсэн байв уу?

-Цагаан тариа гэж юу байхав. Д гэе. Тарианы нэр хамаагүй хэлж болохгүй, хүмүүс буруу хэрэглэх учир дутагдалтай. Шаардлагатай бол би нэрийг нь гаргаж өгч болно. Тухайн үед би тариа санал болгоод өөрөө зөвшөөрөхөөр нь тарьж, боолт хийж өгсөн. Гурав хоног битгий хамаагүй хөдлөөрэй гээд явуулсан. Хоёр удаа тариагаа хийлгэсэн.

-2018 онд уу?

-Тийм ээ.

-2019 оны наадмаар Д.Цэрэнтогтохоос допинг илэрсэн. 2019 онд таниас 10 тариа авсан гэсэн байсан. Та тариа зардаг юм уу?

-2019 онд ямар ч тийм зүйл болоогүй ээ, надад бөхчүүдэд зараад сууж байдаг тариа гэж байхгүй. Гүтгэлэг. Харин ажиллах чадвар, ачаалал тэнцвэржүүлэх төлөвлөгөө гаргаж өгөөч, бэлтгэлд туслаач гэвэл би тэрийгээ үнэлдэг. Миний хөдөлмөр, цаг хугацаа, ажил учраас. Д.Цэрэнтогтох үнэхээр надаас болоод хохирсон ингэж ярьж явах биш ирээд уулзаж, юу болсноо ядаж ярих хэрэгтэй л дээ. Би тийм ярилцлага өгснийг нь шавь нараасаа л мэдлээ. Юу ч гэмээр юм бэ дээ, өнгөрсөн жил Э.Оюунболдоос машиныг нь худалдаж авъя гэж байгаад наймаа нь бүтээгүй юм билээ. Э.Оюунболд машинаа буцааж авсан. Тэрнээс болж худал юм яриад явна гэж баймааргүй л юм.

-Э.Оюунболд аварга өнгөрсөн нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хийж байсан уу?

-Хийж байгаа. Ер нь тасалдуулаагүй шүү. Өнөөдөр хүртэл бэлтгэлтэй. “Багш аа, би их гутаж байна. Дэргэд байсан хүмүүс л хүний сэтгэлийг их өвтгөдөг юм байна” гэж ярьсан. Би юу ч болж байсан шавийнхаа талд байна. Бид хоёр улам сайн бэлтгэлээ хийж, аварга цолны эрэмбийг нэр төртэй харуулна гэж зорьдог. Э.Оюунболдын амжилтыг хуваалцах ёстой хүмүүс олон бий. Тэрийг үгүйсгэж болохгүй. Анхны багш, Б.Адьяахүү багш нь, нутаг усныхан, дэвжээнийхэн, чөлөөт бөхийнхөн гээд олон хүн бий. Гэхдээ тэр хүнээс хариу нэхэж, мөнгө шаардаж, унаж яваа дээр нь улам дэвсэлж байгаа хүмүүс байгаад, өөрийнх нь хэлснээр дэргэдээс нь гарч ирж байгааг гайхаж л явна.

Эх сурвалж: Өглөөний сонин


 

cэтгэгдэлүүд
  • үнэхээр гүтгэж байгаа бол тийм хүмүүсийн үйлс бүтэхэв дээ

  • хүний мууд дуртай лалрууд өөрсдөө илүү зовлон үздэг. хэн тийм мессеж бичихэв дээ. хүүхэд биш

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account