Я.Бат-Ирээдүй: Уул уурхайн салбарт өөрчлөлт хийгдэнэ

Я.Бат-Ирээдүй: Уул уурхайн салбарт өөрчлөлт хийгдэнэ

Я.Бат-Ирээдүй: Уул уурхайн салбарт өөрчлөлт хийгдэнэ

-Үндэсний геологийн албанд шилдэг мэргэжилтнүүдийг томилсон нь стратегийн ач холбогдолтой-

Монгол Улсад Үндэсний геологийн  алба байгуулагдсаны 81 жилийн ой, Үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн тэргүүн, Монголын Геологийн холбооны ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

-Ойн баярынхаа хүрээнд та бүхэн ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсад геологийн алба үүсч, хөгжсөний 81 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолуулан Үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 60 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа юм. 2020 онд цар тахлаас болж бидний үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа ч салбарын хамт олныг сэтгэлзүйн хувьд дэмжих, ойн баярынхаа утга агуулгыг өргөх зорилгоор ойг угтсан арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс спортын арга хэмжээгээр эхэлсэн. Мөн 10 дугаар 17-нд шинжлэх ухаан, танин мэдэхүйн явган аялалыг манай холбоо зохион байгуулсан. Улаанбаатар хот болоод Богд уулын геологийн тогтоцыг тайлбарлан таниулах зорилготой тэрхүү аялал маань их сайхан болсон. Баярын үндсэн үйл ажиллагаа энэ сарын 23-нд өглөөний 09 цагт  МУИС-ын хурлын танхимд болох гэж байна.  Хурлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно. Харин орой нь хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулна.

-Эрдэм шинжилгээний хурлаар голчлон ямар асуудал хэлэлцэх вэ?

-Салбарын үүсэл хөгжил, мөн өнөөгийн төлөв байдал, маргаашийн чиг хандлагын талаар судалгааны илтгэлүүд хэлэлцэгдэнэ.

-1990 оноос хойш манай улсын геологийн салбар зарчмаасаа гажиж, өөр тийшээ хазайсан гэж би боддог. Харин Үндэсний геологийн алба байгуулагдсанаар  үндсэн утгаараа хөгжих боломжтой боллоо гэж ойлгож болох уу?

-Яг зөв. Төр засаг маань геологийн салбарт маш их анхаарал хандуулж байгаагийн нэг тод илрэл бол Үндэсний геологийн алба байгуулсан явдал гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого энэ салбарт бодит утгаараа хэрэгжиж эхлэх суурь нь Үндэсний геологийн алба байх болов уу гэж би үзэж байна. Цаашид бүтэц, бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт шинэчлэл өөрчлөлт ирэх байх. Зарим эрхзүйн орчинд өөрчлөлт орох ажил эхлээд явж байгаа. Салбарын хэмжээнд хууль эрхзүйн давхцал байна уу, үгүй юү, түүнийг яаж шийдэх вэ, салбарын бодлогыг төрийн түвшинд хэрхэн оновчтой хэрэгжүүлэх вэ  гэдэг асуудал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд бодлогын түвшинд хэлэлцэгдээд, салбарын төрийн бус байгууллагууд болон холбогдох эрх бүхий байгууллагуудаас санал аваад явж байгаа. Шинэчлэлийн ажил нэг өдөр хийгдэхгүй, мэдээж нэг хоёр жилийн хугацаанд асуудал өргөн хүрээнд тавигдана. Дараа нь холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ-д өргөн  баригдах байх.

-2020 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаж, мэргэжлийн хүн геологи, уул уурхайн салбарыг тэргүүлэх болсон. Мэргэжлийн хүний хандлага мэдрэгдэж байна уу?

-Тэгэлгүй яахав. Мэргэжлийн хүн гэдэг үнэхээр энэ салбараа мэддэг ойлгодог хүн гэсэн үг. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа манай энэ салбарыг мэргэжлийн хүн удирдах болсонд бид ихээхэн баяртай байгаа. Харьяа агентлагууд мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байгаад бүр их баяртай байна. Тухайлбал, Үндэсний геологийн албанд мэргэжлийн шилдэг сэхээтнүүдийг томилсныг стратегийн чухал алхам гэж би харж байна.


Ойн баяраа тохиолдуулан салбарынхаа нийт хүмүүст мэндчилгээ дэвшүүлэхийг хүсье?

-Үe үeийн салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь Монгол Улсад Үндэсний геологийн  алба байгуулагдсаны 81 жилийн ой, Үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 60 жилийн ойн мэндийг Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл, Монголын Геологийн холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний ирээдүй гэрэл гэгээтэй байгаа.

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • амжилт хүсье

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account