Тэтгэврийн доод хэмжээг 500.000 болгох санал уламжиллаа

Тэтгэврийн доод хэмжээг 500.000 болгох санал уламжиллаа

Тэтгэврийн доод хэмжээг 500.000 болгох санал уламжиллаа

Монголын ахмадын холбооноос тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг болгох саналын танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад илгээлээ. Уг танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэе.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН  ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА ТАНАА

  Танилцуулга хүргүүлэх  тухай

            Тэтгэврийн доод хэмжээг 500000 төгрөг болгох асуудлаар зарим нам, УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан саналын талаар ахмадууд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.

Иймд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Монголын ахмадын холбооны баримталж байгаа бодлого, байр суурийн талаарх товч танилцуулгыг Танд хүргүүлэв. Хүлээн авч танилцана уу.

Хүндэтгэсэн,       ЕРӨНХИЙЛӨГЧ   Ц.СҮХБААТАР

ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500000 ТӨГРӨГ БОЛГОХ САНАЛЫН ТАЛААРХ  МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ БАЙР СУУРИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн буюу хуваарилалтын тогтолцооны үед тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаа /ажилласан жил/, мөн шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нь хамааралтайгаар тогтоодог дэлхий нийтийн жишиг байдаг. Монгол улсад энэ тогтолцоог сонгож авахдаа энэ зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл даатгуулагч олон жил ажилласан, өндөр цалин хөлс авч байсан бол түүнтэйгээ шууд хамааралтайгаар шударгаар тэтгэвэр тогтоолгох эрх эдэлдэг.

Эв санааны нэгдлийн тогтолцооны үед тэтгэврийн хэмжээг авч байсан цалин хөлс болон амьжиргааны баталгаажих доод түвшингээс хэт бага байлгахгүй, түүнчлэн их хэмжээгээр шимтгэл төлж өндөр тэтгэвэр авахыг хязгаарлах зорилгоор тэтгэврийн доод дээд хэмжээг хуулиар тогтоодог зарчимтай. Энэ зарчмыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас багагүй байна” гэж заасан. Тэтгэврийн дээд хэмжээний хувьд Засгийн газрын 1998 оны 92, 2017 оны 251 дүгээр тогтоолуудаар тэтгэврийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хэтрээгүй цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож байхаар хязгаар тогтоосон байна.

Хууль тогтоомжийн энэ заалтаар бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 315000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 210000 төгрөг байх ёстой. Энэ хэмжээ нь үнэ инфляцийн өсөлт, амьжиргааны түвшинтэй харьцуулахад харьцангуй бага байгаа учраас Засгийн газраас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300000 төгрөгөөр тогтоосон нь дээрх хуулиар тогтоосон доод хэмжээнээс 35000-90000 төгрөгөөр илүү байна.

Засгийн газар, Нийгмийн зөвшилцлийн З талын хэлэлцээрээр цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл тэтгэврийн одоогийн доод хэмжээ 300000, 350000 төгрөг нь  цаашид нэмэгдэх нь мэдээж.

Энэхүү доод хэмжээний тэтгэврийг ямар хүмүүс авч байна вэ гэвэл:

1. Улсад дөнгөж 20 гаруйхан жил ажилласан, бага цалин хөлс авч байсан 1990 оноос өмнө 300 хүртэл төгрөгийн, 2010 оноос өмнө 400000 хүртэл төгрөгийн бага цалин хөлснөөс тэтгэвэр тогтоолгосон цэвэрлэгч, манаач зэраг үйлчилгээний бага тушаалын ажилтай хүмүүс;

2. ХАА-н нэгдлийн гишүүний тэтгэвэр авч байсан /тэр үед нэгдлээс 60 төгрөгийн тэтгэвэр авч байсныг улсын тэтгэврийн системд шилжүүлж тэтгэврийн доод хэмжээ олгосон/ цөөн ахмадууд;

3. 20 жил ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн болзлоор нас харгалзахгүйгээр 1991 онд өндөр насны тэтгэвэр тогтоогдсон эмэгтэйчүүд;

4. Улсад огт ажил хийгээгүй буюу 10 хүртэл жил ажилласан, тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө цалин хөлс авч байгаагүй хүмүүс УИХ-аас баталсан хуулийн дагуу 12 жилийн нөхөн даатгал хийлгэж хувь тэнцүүлсэн буюу бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгож сард 300000-350000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэд;

5. Улсад цөөн жил ажиллаж байхдаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж өндөр насны тэтгэвэр авах нас хүртлээ тахир дутуугийн тэтгэвэр авсан хугацаагаа ажилласнаар /шимтгэл төлснөөр/ тооцуулж бүрэн тэтгэвэр тогтоолгосон иргэд.

Энд дурдсантай ижил нөхцөлтэй, ялангуяа бага цалин хөлстэй, цөөн жил ажилласан хүмүүс тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоогдох бөгөөд хэт бага тэтгэвэр олгохгүй байх зорилгоор цалингийн доод хэмжээний 75 хувиас багагүй тэтгэвэр авч байхаар хуульчилсан. Энэ нь цалингийн доод хэмжээ нэмэгдэхэд тэтгэврийн доод хэмжээ нэмэгдэж байх зарчимтай уялдаж байгаа бөгөөд тухайн даатгуулагчийн авах тэтгэвэр нь түүний авч байсан цалин хөлсний үргэлжлэл бөгөөд шимтгэл төлсөн орлого, хугацаа /ажилласан жил/-наас хамааралтайгаар тэтгэвэр тогтоогддог олон улсад байдаг нийтлэг журамтай холбоотой юм.

Энэ байдлаас үзэхэд тэтгэврийн доод хэмжээг механикаар 500000 төгрөг болговол цөөн жил ажилласан бага цалинтай хүмүүс  өндөр тэтгэвэр авч харин олон жил шимтгэл төлсөн боловч анх тэтгэвэр тогтоолгосон цалингаа одоогийн тэтгэвэр тогтоолгож байгаа адилхан ажил мэргэжлийн хүмүүсийн цалинд ойртуулсан итгэлцүүрээр өсгүүлж тэтгэврээ тогтоолгоогүй олон мянган ахмадууд хохирч шударга бус байдал улам газар авах болно.

Засгийн газраас тогтоосон одоогийн тэтгэврийн доод хэмжээ 350000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа дээрх хүмүүсийн дотор улсад 30, 40 жил ажилласан боловч итгэлцүүрээр цалинг нь өсгөж тэтгэврийн нь зөрүүг арилгаагүй олон арван мянган ахмадууд байна. Хэрэв эдгээр хүмүүсийн анх тэтгэвэр тогтоолгосон цалинг нь одоо тэтгэврээ тогтоолгож байгаа адилхан ажил албан тушаал, адил ажил, мэргэжлийн хүмүүсийн цалин хөлстэй дүйцүүлэн тогтоосон итгэлцүүр /2.9-2000 дахин өсгөсөн/-ээр өсгөж тэтгэврийг шинэчлэн тогтоовол тэд тэтгэврийн доод хэмжээ 350000 төгрөг биш 600000-800000 төгрөгийн тэтгэвэр авах тооцоо гарч байна.

Сүүлийн 20-оод жилд иргэдийн тэтгэврийг 10-30 хувиар, эсвэл 20-25 мянган төгрөгөөр нэмэгдүүлж ирсэн бөгөөд анх тогтоосон тэтгэврийг одоогийн цалин хөлсөнд ойртуулсан индекс /итгэлцүүр/-ээр өсгөж тэтгэврийг шинэчлэн тогтоогоогүйгээс тэтгэврийн зөрүү улам нэмэгдэж тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь  тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.

Улсын Их Хурлын зарим гишүүдийн саналаар тэтгэврийн доод хэмжээг шууд 500000 төгрөг болговол шударга хуваарилалтын зарчим алдагдаж олон жил ажилласан, тухайн үедээ өндөр цалин авч байсан хүмүүс цөөн жил ажилласан, бага цалин хөлс авч байсан хүмүүстэй адилхан тэтгэвэр авч шударга бус байдал улам нэмэгдэж ахмадууд бухимдсан хэвээр байх болно.

Монголын ахмадын холбоо нь Засгийн газрын тогтоолоор зөвхөн тэтгэврийн зөрүүг арилгахад баримтлах цалин хөлсийг өсгөх итгэлцүүрийг тусгайлан тогтоож /хамгийн багадаа 1990 оноос өмнөх цалин хөлсийг 1900 дахин, 1991-2018 он хүртэлх цалин хөлсийг 1.1-954.0 дахин өсгөх/ түүнийг үндэслэн бүх тэтгэврийг шинээр бодож тэтгэврийн зөрүүд тухайн тэтгэвэр авагчид хэдэн төгрөг нэмж олгохыг тогтоох, тэтгэврийн зөрүүд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган үе шаттай хэрэгжүүлэх, ялангуяа 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг эхний ээлжинд нэн даруй олгох шаардлагатай гэж үзэж 2020 оны 8 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайдад санал, шаардлага хүргүүлсэн билээ.

                     МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБОО

cэтгэгдэлүүд
  • баярлалаа

  • тэгвэл ч сайхан байна даа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account