Иргэд мах, гурилаа өдөр өдөрт нь граммлаж авдаг болсон

Иргэд мах, гурилаа өдөр өдөрт нь граммлаж авдаг болсон

Иргэд мах, гурилаа өдөр өдөрт нь граммлаж авдаг болсон

“DNN-Тодруулга” буланд хүнсний дэлгүүрийн худалдагч, эздээс тодруулга авлаа.

Хан-Уул дүүргийн III хороо Тэлмүүн хотхонд байрлах “Шинэхэн” мини маркет, М.Шинэтуяа:

-Хүмүүсийн худалдан авалт хөл хорионд орохоос өмнөх үеийг бодвол их муудсан. Манай дэлгүүр зээлээр бараа өгөөд байдаггүй. Манайхаар үйлчлүүлж байгаа иргэд голчлон өндөг, сүү, талх, нарийн боорцог, гурил, будаа авч байна. Нэг удаагийн худалдан авалтаар өдөр өдрийнхөө хүнсэнд хэрэглэх хэмжээгээр авдаг. Амттаны борлуулалт муудсан.Манайх 2 цаг тутам хаалгаа онгойлгож агаар сэлгэдэг. Мөн 14 хоног тутамхалдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгадаг. Касс, худалдагчид маань бээлий, маск, малгайөмсөж иргэдэд үйлчилж байгаа. Ер нь манай дэлгүүр хүн хоорондын зайгаа маш сайн баримталдаг. Харин дотроо АТМ-тэй болохоор тэнд л хүн цугларах гээд байдаг. Иргэддээ зөвлөхөд ганц хүнсний дэлгүүр гэлтгүй аль ч салбарын байранд очсон өөрийгөө болон гэр бүлээ халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөөсэй гэж хүсэж байна.

Дархан-Уул аймгийн Өргөө багийн “Зааны соёо” хүнсний дэлгүүрийн худалдагч Н.Буян-Эрдэнэ:

-Манай дэлгүүрээр өдөрт 150 гаруй хүн орж гардаг. Хөл хорионы дэглэмд орсноос хойш иргэдийн худалдан авах чадвар энгийн үеийнхээсээ 30-40 хувь буурсан. Оройн цагаар бараг хүн орж ирэхээ больсон. Зээл авахаар олон хүн ханддаг ч ойр хавийн таньдаг хүмүүстээ лзээл өгдөг. Танихгүй хүмүүс гар утас, эд зүйлээ барьцаалжхүнсний бүтээгдэхүүн зээлье гэж хааяа орж ирдэг. Гэхдээ манайх тийм хэлбэрээр зээл өгдөггүй, хуульдаа ч энэ хориотой. Дархан хот энэ сарын 7-ноос Ногоон бүс болсноо зарлаж, зарим төрлийн согтууруулах ундаа худалдаалах эрхийг нээснээс хойш пивоны борлуулалт ихэссэн. Ерөнхийдөө гурил, будаа, талх, нарийн боов зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд л “гүйж” байна. Коронавирус гарснаас хойш иргэд байгаа мөнгөндөө талхаа л авна уу гэхээс чихэр, жимс, зайрмаг авах нь ховордсон. Хамгийн ихдээ 20-30 мянган төгрөгөнд юм авдаг.

Чингэлтэй дүүрэг 7-р хороо “Элбэг” дэлгүүрийн худалдагч А.Сандаг: Хөл хориотой байгаа иргэдийн худалдан авалт эрс буурсан. Хөл хорио тогтоогүй байхад иргэд мах, ногоогоо их хэмжээгээр авдаг байсан. Одоо мах, ногоо, гурилаа граммаар авч байна. Энэ байдлаас харахад иргэдийн орлого огцом буурсан. Хүнсний бараа бүтээгдэхүүний түгээлт харьцангуй сайн байгаа. Ер нь бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Бидний хувьд хууль дүрмээ барьж өглөөний 08.00 цагаас оройны 21.00 цагийн хооронд ажиллаж байгаа. Дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэд хоорондын зайгаа барьж үйлчлүүлж байна. Би энд 4-5 жил худалдагчаар ажилласан үйлчлүүлэгчдийнхээ ихэнхийг танина. Ажилгүй, орлогогүй болсон ч гэсэн өдөр хоногийнхоо хоол хүнсийг болгоод л байх шиг байна. Зээлээр ганц, хоёр танил маань энэ хугацаанд авсан. Барьцаа гар утас, болон бусад зүйл тавьж зээл авсан удаа байхгүй. Шинэ жилийн үеэр хэдэн залуучууд пиво зээлэх гэж орж ирсэн, өгөөгүй.

Чингэлтэй дүүрэг 8-р хороо “Амгалан” дэлгүүрийн худалдагч Д.Соёлмаа: Иргэдийн худалдан авалт бараг байхгүй болсон. Энэ нь хөл хорио тогтоож, ажил зогссонтой холбоотой байх. Иргэдийн хувьд хонины махыг хаа, гуяар авдаг байсан бол одоо махаа нэг хоол хийх хэмжээгээр буюу 300-500 граммаар авч байна. Будаа гурилаа гэсэн ч нэг хоол хийхээр л авч байна. Будаа гурилыг уут саваар авч байгаа хүн ховор байна. Ер нь өвлийн улиралд ногооны үнэ бага зэрэг өсдөг. Манай дэлгүүрт төмс нэг килограмм нь 1000 төгрөг үнэтэй байгаа. Харин сонгино, лууван манжин, байцаа 1500 төгрөгийн үнэтэй байна. Мөн он гарахаас өмнө худалдан авалт харьцангуй гайгүй байсан. Сүүлийн долоо хоногт эрс багассан, мэдээж хүмүүсийн худалдан авалт багассантай холбоотойгоор бид ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ бага багаар татаж авч байна. Чихэр, жимсний борлуулалт бараг байхгүй гэж хэлэхэд болно. Иргэд орлого багатай байгаа болохоор хэрэгцээтэй хүнсээ л арай ядан авч байна шүү дээ. Манайхаас хэд хэдэн айл зээл тавьж гурил, будаа авсан. Тэгээд ч энэ хэцүү үед яаж өгөхгүй байхав дээ. Төрийн ажил хийдэг. Цалин мөнгөтэй байгаа зарим хүмүүсийн хажууд бор зүрхээрээ хэдэн хүүхдээ хоол ундаар тасалчихгүй гэж л амь тэмцэж байгаа хүмүүс шүү дээ.

Дархан-Уул аймгийн 17-р багийн “Алаг уул” хүнсний дэлгүүрийн худалдагч Ч.Лхамсүрэн:

– Коронавирус гарснаас хойш мэдээж борлуулалт эрс буурсан. Ялангуяа хүүхдүүд орж ирэхээ больсон болохоор ширхгийн бохь,чихэр гэх мэт амттаны борлуулалт бараг байхгүй болсонгэж болно. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө буухаар өгнө гээд зээлээр юм авцгаадаг. Манайх дэлгүүрээ ажиллуулаад 17 жил болж байгаа болохоор энэ хавийнхаа таньдаг, мэддэг байнгын үйлчлүүлэгчдэдээ хэрэгтэй үед нь зээл олгодог. Зээлээ төлж чадахгүй хоёр, гурван сар болох үе бий. Хамгийн ихдээ 200 мянган төгрөгийн зээл бичүүлсэн хүмүүс ч байдаг.Үнэхээр иргэдийн амьдрал хэцүү байхад өгөхгүй гээд тас гүрийгээд байх хэцүү шүү дээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан “Good price” сүлжээ дэлгүүрийнхудалдааны зөвлөх Б.Цэндмаа:

-Худалдан авалт энгийн үеэс их өссөн. Худалдан авалтын үе гэж байдаг. 11, 12 дугаар сарын худалдан авалт нэгдүгээр сараас илүү байсан. Учир нь шинэ жил, коронавирустай давхцсан үе байсан шүү дээ. Одоо бол жимсний худалдан авалт муудаж, өндөг, талх, хиам, тахианы мах зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн.Өндөг л гэхэд өглөө 9 цагт ирээд 10, 11 цаг гэхэд дуусчихдаг. Мөн ариун цэврийн бүтээгдэхүүн, угаалга цэвэрлээний ариутгалын бодис, Санитол, нэг удаагийн бээлий, гар ариутгагчэрэлттэй, гүйлгээ сайн байгаа. Хөл хорионы энэ үед гэр бүлээрээ хөгжилтэй байх үүднээс хөгжөөнт тоглоом худалдан авч байгаа. Манай дэлгүүр хүргэлтийн үйлчилгээ ажиллуулдаг учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах үүднээс хүргэлтээр бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэхийг эрмэлздэг болчихсон. Хүргэлтийн үйлчилгээ их ачаалалтай байдаг. Ер нь Герман, Солонгос, Орос, Америк зэрэг улсаас бараа бүтээгдэхүүнээ татдаг болохоор манайхаар үйлчлүүлж байгаа иргэд сэтгэл хангалуун байдаг.

www.dnn.mn

cэтгэгдэлүүд
  • мэдээж хүмүүсийн амьдрал дор орох нь тодорхой. Хөл хорио тогтоохгүй бол тахал газар авах гээд байдаг. Хөл хориог сулруулахаар хүмүүс орлогогүй болчих гээд байх юм

  • орлогогүй юм чинь юугаараа хоол хүнсээ авах юм бэ?

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account