Муу сэтгэлийг хийдэд ном уншуулах төдийхнөөр засахгүй!

Муу сэтгэлийг хийдэд ном уншуулах төдийхнөөр засахгүй!

Муу сэтгэлийг хийдэд ном уншуулах төдийхнөөр засахгүй!

Билэгт сайн өдөр. Хийдэд хөл гишгэх зай алга. Нөгөө хүн хоорондын зай энэ тэр утгаа алджээ. Зарим нь амны хаалтаа эрүүндээ наачихаж. Хөөрхий амьтан халууцсан бололтой.

-Наад хүн чинь байгаагүй ш дээ. Гаргаач ээ.

-Битгий урдуураа хүн оруулаад байгаач.

-Адилхан оочерлож байж яах гэж урдуур дайраад байгаа юм бэ?

-Ямар олон ном бичүүлдэг юм бэ?…

Иймэрхүү “бэсрэг” хэрүүл өрнөнө. Уг нь буян номын газар шүү дээ. Харин хүмүүсийн хувьд дэлгүүрийн “сээл” зарласан бараанд оочерлож байгаа юм шиг авирлаж, аашлах нь гайхмаар.

Бурхны сургаалиар бол буян гэдэг нь товчхондоо бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулах ариун гэгээн үйл хэрэг бөгөөд амиа бодохыг хамгийн түрүүнд цээрлэдэг. Гэтэл хүмүүст ном уншуулж  өмнөх замаа аятайхан засаад авах нь л чухал болохоос биш буян энээ тэрээ нь нэг их эрхэм дээд зүйл биш бололтой юм.

 Муу муухай үйлдэл хийчихсэн бол түүнийгээ ном уншуулаад л цайруулчихна, ажил төрлөө бүтээхийн тулд сүм хийдийг зориод л болчихно гэсэн өрөөсгөл, богино бодолтой хүмүүс л өнөөдөр зонхилж байна гэхэд хилсдэхгүй. Уг нь нүглийг тэвчиж, буяныг шүтэн арвижуулахын тулд явдал, үйлээ хянах ёстой биш билүү? Мөнгөөр лай ланчигаа барагдуулчихна гэдэг итгэл үнэмшилтэй байж болох уу?

Бурхан багшийн ном сургаальд зовлонгийн шалтгаан нь мунхагийн харанхуй, тачаангуйн гэм, шуналын хорлонт сэтгэлд оршдог бөгөөд үүнээс ангижран салахыг буяны үндэс гэж үздэг. Өөрөөр хэлбэл, амьдралын утга учир бол  энэрэнгүй үйлс, нигүүсэх  сэтгэл. Гэтэл манай сүсэгтнүүдийн нэлээдгүй хэсэг нь  бурхны сургаалийн агуулга, мөн чанарыг мэддэггүй, ухаарч таниагүй байгааг дээрх хийдэд болсон хүмүүсийн хар амиа бодсон хандлага шууд л хэлээд өгч байна.

Энэ тэнд том, том суварга босгохыгоо буян хийж байна гэж боддог хүн олон. Хүссэндээ хүрэхийн тулд хэдэн төгрөгөөр ч хамаагүй засал хийлгээд л гүйцээ гэж төөрдөг хүмүүс ч байна.  Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй гэдэг  “философиор” харах юм бол үүнд болохгүй юм байхгүй. Суварга босгох нь номын ёсоор бол томоохон буяны нэг мөн гэгддэг. Хамгийн гол нь эзэн нь үйлийн үрээс эмээж, цааш цаашдаа сэтгэл сайтай, хүнлэг, шударга явж чадах уу, үгүй юү гэдэгт л асуудлыг мөн чанар харагдах юм!

 “Лам ингэж буян хийгээрэй гэсэн” гээд хүүхдэд бэлэг өгч, нохой, шувуу хооллон баясдаг үзэгдэл манайд түгээмэл. Мэдээж  буруутгах аргагүй. Гэхдээ жилдээ ганцхан өдөр энэ мэт эерэг сайн үйлс зохиогоод л арван цагаан буяны замаар орох нь юу л бол?

Надад хар цагаан хэл ам нүүрлээд байх шиг байна гэж хамаг байдгаа барьж гүйхээс ч буцахгүй хүмүүст хэлэхэд та хэрвээ зөв л явж байгаа цагт хэнээс, юунаас айх ёстой гэж?

Хамгийн гол нь буян хийе, ажил үйлсээ тэгшилье, гай барцадыг зайлуулая гэж бодож байгаа бол тухайн хүн өөрөө  л зөв сэтгэлтэй явах ёстой биз дээ? Үүнийг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаад л Монголын нэгэн  алдаа оршиж байна. Лам хуваргын хэлж бичүүлсэн номыг уншуулаад, тав арван төгрөг тараагаад бүх юм сайн сайхан болно гэдэг сэтгэлгээгээ орхин аль болох бусармаг,  буруу үйлдлийг тэвчих нь  амьдралынхаа зам мөрийг тэгшлэн засч, бусдад тустай буян үйлдэж байгаа хэрэг л дээ, уг нь. ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ГЭРЭЛ БОЛ (БУРХАН БАГШ).

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • ёстой үнэн дээ. Муу муухай юм хийж, бусдыг доромжилж яваагаа болиогүй цагт 1000 ном уншуулаад нэмэргүй

  • зөв зөв

  • хүний мууд дуртай зангаа л больчих. хол явахгүй шүү

  • яг үнэн

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account