Халдварын тоо маргааш 10.000 хүрэхэд эргэлзэх юм алга!

Халдварын тоо маргааш 10.000 хүрэхэд эргэлзэх юм алга!

Халдварын тоо маргааш 10.000 хүрэхэд эргэлзэх юм алга!

Улаанбаатарт коронавирусын халдвар буурах биш улам өсөх нь хэнд ч тодорхой боллоо. Яагаад гэвэл хүний бөөгнөрөл үнэхээр хяналтаас гарчээ. Оюутнуудын хичээл эхэлсэнтэй зэрэгцээд угаасаа битүү байсан автобусны ачаалал улам ихэсч, хөл гишгэх зайгүйд хүрч. Хойд хаалгаар бууж чадахгүй урд хаалгаар “гоожиж” байгаа дүр зураг хаа сайгүй. Автобус хамгийн эрсдэлтэй орчин. Гэтэл ямар ч зохицуулалт алга!

Нийтийн хоол, баар, ресторанд ч хүн хоорондын зай энээ тэрээ үнэндээ л гонж болжээ. Зах, худалдааны төвүүд ч энэ тал дээр хангалтгүй дүн авахаар байна. Зарим сүлжээ эмийн сан, супермаркетууд үүдэнд байдаг халуун хэмжигчээ хураачихаж. Гар ариутгагчийг мартаад удаж байгаа дэлгүүрүүд ч олон байгаа бололтой. Халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байхад хариуцлага, ухамсараа улам өндөржүүлэх ёстой байтал эсрэгээр сулруулж байгаа этгээдүүдэд хатуухан гар үгүйлэгдэж байна.

Нэг үеэ бодвол амны хаалтгүй хүн өдрийн од шиг байна. Гэхдээ л хүмүүсийн 90 гаруй хувь нь нэг удаагийн маскаар ам хамраа торгоож, нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа нь нүдэнд даанч ил. 2-4 цаг тутамд солих ёстой хальс шиг цэнхэр маскийг урагдаж, сэмэртэл зүүж байгаа хэнэггүйчүүдийн арми хүрээгээ тэлсээр… Архи авдаг мөнгөөрөө хангалттай маск авна гэдгийг ухаарах цаг хэзээ вэ? Гудамж, талбайд цэр нус, шүлсээ хаях хүмүүс нийгэмд ямар их гай тарьж байгаагаа ойлгохгүй явсаар хорвоог барах уу? Өнөөдөр 3000 давж байгаа халдварын тоо маргааш 10000 хүрэхэд эргэлзэх юм алга!

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • маш үнэн

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account