Ерөнхий сайд болон Сангийн сайдад хүргүүлэх шаардлага

Ерөнхий сайд болон Сангийн сайдад хүргүүлэх шаардлага

Ерөнхий сайд болон Сангийн сайдад хүргүүлэх шаардлага

      Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ нэн даруй авах тухай шаардлага

“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”. Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан нь уг чанартаа урд өмнө нь тэтгэврээ тогтоолгосон ахмад настан, одоо тэтгэврээ тогтоолгож байгаа адил түвшний мэргэжил, албан ажил эрхэлж байсан ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах буюу ойртуулах бодлогын асуудлыг шийдвэрлэж өгсөн билээ.

Нийгмийн даатгалын хуулиудыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс  мөрдсөнөөс хойших хугацаанд  бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифын өсөлт, мөнгөний ханшны уналт, цалин хөлсний өөрчлөлт, тэтгэвэр тогтоолгосон хугацаа зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтайгаар үүссэн тэтгэврийн зөрүүг багасгах зорилгоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газраас нийтдээ 6 удаа шинэчлэн тогтоосон боловч хөрөнгийн эх үүсвэр байхгүй шалтгаанаар уг индексийг хэт багаар баталж байснаас тэтгэврийн зөрүүг арилгах бодитой арга хэмжээ болж чадаагүй юм. 1995 оноос өмнөх үеийн тэтгэврийн хэмжээ болон түүнээс хойших бүхий л үед тогтоосон тэтгэвэр /адил албан тушаал, адил даатгагдсан хугацаа, адил цалин, хөдөлмөрийн хөлс/-ийн түвшинд хүргэх асуудал 20 жилийн турш шийдвэрлэгдээгүй өдий хүрсэн байна.

Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хамгийн сүүлд 2014 онд тогтоохдоо 2011 оны улсын дундаж цалин /424200/-г суурь болгож авсан учраас өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудын тэтгэвэр бодитойгоор нэмэгдээгүй тэтгэврийн зөрүү нь улам ихэсч, авч байгаа тэтгэвэр нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс ихээхэн хоцорч, тэтгэврийн ахмадуудын амьдралд хүндээр тусч байгаа талаар санал гомдол байнга гарч ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байна.

Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор бүх тэтгэврийг 2014 онд тогтоосон итгэлцүүрээр шинэчлэн тогтоосноос хойш уг итгэлцүүрийг дахин өөрчлөөгүй зөвхөн тухайн ахмадуудын авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан 20.0-30.0 мянган төгрөгөөр тэгшитгэн нэмэгдүүлсэн, түүнчлэн 2014 онд тогтоосон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2011 оны улсын дундаж цалин 424200 төгрөгөөс тооцож байсан бол 2020 оны эцэст улсын дундаж цалин 1220600 төгрөг болж 2.87 дахин өссөн байхад олон жилийн өмнө тэтгэвэр тогтоогдсон хүмүүсийн анх тэтгэвэр тогтоосон цалинг нь энэхүү цалингийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй зэргээс шалтгаалан тэтгэврийн зөрүү улам ихсэх үндсэн шалтгаан болсон юм.

2020 оны байдлаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас 320 шахам мянган ахмад настан тэтгэвэр авч дундаж тэтгэвэр 430000 төгрөг, доод хэмжээ нь 300.0-350.0 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэврийн зөрүүг арилгаагүйгээс тэтгэвэр авагчдын дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.

Монголын ахмадын холбоо ахмад  настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний амьжиргааны эх үүсвэр болох орлогын баталгаат байдлыг бүрдүүлэх, төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг шударга, адил тэгш хүртээмжтэй байх зарчмыг хангуулах зорилгоор Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс дараахь шаардлагыг хүргүүлж байна.

1. Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг 2022-2023 онд багтан бүрэн шийдвэрлэх, ялангуяа тэргүүн ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78000 орчим ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны 1-р улиралд бүрэн барагдуулах

2. Тэтгэврийн зөрүүг арилгахын тул 1990-2011 он хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоосон цалинг 2096 дахин нэмэгдүүлсэн итгэлцүүрийг шинэчлэн, түүнийг үндэслэн өндөр насны тэтгэврийг өөрчлөн бодож бүрэн тэтгэврийн доод хэмжээг 400000 төгрөгөөр тогтоох.

3. Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2022 оны улсын төсөвт тусгах

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

cэтгэгдэлүүд
  • зөв шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account