Чадварлаг залуусаасаа эрх мэдэл бүү харамла

Чадварлаг залуусаасаа эрх мэдэл бүү харамла

Чадварлаг залуусаасаа эрх мэдэл бүү харамла

1980-аад оны сүүлчээр Сингапур хэмээх улсын нэр дэлхийд алдаршиж эхэллээ. Азийн бар хэмээн хүлээн зөвшөөрөгдөв. “Энэ жижигхэн арал улс яагаад ингэтлээ үсрэнгүй хөгжих болов?” гэдэг асуулт оньсого мэт түгэж, олон улсын анхаарлын төвд ороод ирэв. Сингапурын өөрчлөлтийн нууц нь өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэж эхэлсэнд байсан нь сүүлд ил болсон. Өөрөөр хэлбэл, оюуны бядтай залуусаа дэмжиж, дэлхийн алдартай их, дээд сургуульд олон зуугаар нь илгээсэн нь тус улсыг богино хугацаанд хөгжлийн манлайд хүргэсэн гэдэг. Мөн дэлхийн хамгийн шилдэг сургуулиудыг амжилттай дүүргэсэн хүмүүсийг шилж сонгон төрийн өндөр албан тушаалд томилсон нь хөгжлийг түүчээлэх гол хүчин зүйл болсон байна. Өнөөдөр л гэхэд тус улсад тэр зарчим хадгалагдаж, Оксфорд, Кембриж, Харвард болон барууны бусад нэртэй том сургуулиудыг амжилттай төгссөн хүмүүс шийдвэр гарах түвшинд ажиллаж байна шүү дээ.

Манай Монгол Улсын хувьд хөгжлийнхөө шатанд яваа гэдэг тайлбар, тодотголтойгоор мөн ч олон жилийг илээж байна даа. Хөгжөөд гийгүүлсэн юм даанч алга. Өнөөх л эдийн засгийн хямралаа ярьсаар, өнөөх л ажилгүйдэл, ядуурал, цалин, тэтгэврээ ярьсаар, өнөөх л түлээ нүүрс, утааны хэрүүлээ хийсээр бүдчиж явна.

Сонгуулиас сонгуулийн хооронд хамаг боломжоо алдсан нь нууц биш. Хэн нам дагаж намирсан нь, хэн их мөнгө хандивласан нь, хэн цүнх барьж долоосон нь  УИХ-ын гишүүн, сайд дарга болохоос биш өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтнүүдэд төрийн босго дэндүү өндөрдсөөр өдий хүрлээ.

Уг нь улс орноо боддог бол намын харьяаллыг харгалзаж албан тушаалын томилгоо хийдэг гажиг тогтолцоог халмаар байна. Боловсрол, мэдлэгийн түвшинг л гол шалгуур үзүүлэлтээ болгомоор байна. Төрийн өндөр албан тушаалыг намд үйлчилсэнд нь шагналын журмаар өгдөг жишиг улсын маань хөгжлийг чөдөрлөчихсөн нь үнэн биз дээ? Энэ утгаараа сонгуулийн дараа сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан тушаалтнуудыг эргүүлэн татах нь хамгийн зөв бөгөөд шударга ёсонд нийцэх болов уу.  

Нөгөө талаар мерит буюу шатлан ахих зарчим албан тушаалын томилгоон дээр яригдах босон нь өндөр боловсролтой залуусын шийдвэр гаргах түвшинд очих боломжийг хаах сөрөг талтай. Тийм учраас гадаад, дотоодын нэртэй сургуулийг өндөр оноотойгоор төгсөөд ирсэн залуус хувийн хэвшилд хүчээ өгөхөөс өөр зам үлдсэнгүй. Үүнд буруу юм байхгүй л дээ. Гэхдээ төрийн ажил сайн байж гэмээнэ улсын хөгжил урагшаа явах нь зүй тогтол. Энэ талаасаа шууд бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай, мэдлэг боловсролын түвшин нь хөгжлийн өнөөгийн болоод хэтийн чиг хандлагад нийцсэн залуусаа цаг алдалгүй дэмжих ёстой биз дээ? Яг энэ талаас нь харвал залуу Ерөнхий сайд чадварлаг залуу мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэх бодлого барьж байгааг буруутгах учиргүй санагдана. Хөгжихийн тулд өөрчлөе. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр арга алга.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account