Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчдаа дэлхийд гаргана

Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчдаа дэлхийд гаргана

Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчдаа дэлхийд гаргана

Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Занданшатар” клубын нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээний талаар Монголын цахим шатрын холбооны ерөнхийлөгч, “Занданшатар” шатрын клубын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-“Занданшатар” шатрын клуб анх хэдэн онд байгуулагдсан бэ?

-“Занданшатар” клуб маань үүсэн байгуулагдаад тав дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд маш олон тэмцээн уралдаан зохион байгуулсан. Улсын аварга шалгаруулах анхан шат, хагас шигшээ тэмцээн, байгууллага, клубын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байхдаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. Шатрын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн. Тэр талаасаа шатарчдыг дэмжиж олон улсын тэмцээнд оролцуулах,  өрөө танхимаар хангах зэрэг олон талын туслалцаа үзүүлдэг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Төрийн ордонд шатрын улсын аварга шалгаруулах рапид, блиц тэмцээнийг зохион байгуулж байсан бол УИХ-ын дарга болоод мөн л шатарчдаа дэмжин хамтран ажиллаж байгаа.

Нэг жишээ дурдвал, саяхан УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийслэл, дүүрэг, 21 аймаг, 330 сумаас шатар сонирхогчдын төлөөлөл оролцож оюун ухаанаа сорилоо.

Шатар хаан спорт гэж хүндлэгддэг. Англичууд өөрсдийгөө шатар тоглодог элит хүмүүс гэж үздэг учраас ийнхүү өргөмжилсөн. Монголчууд  энэхүү оюуны том спортоор тив, дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй 14 их мастертай болсон нь үнэхээр бахархалтай амжилт юм.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Занданшатар” клубын нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээний гол онцлог нь юу вэ?

Энэхүү тэмцээний гол онцлог нь өрсөлдөж байгаа өсвөрийн шатарчдын дотоод чансааг тогтоох, ур чадварыг нь дээшлүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэнд оршино.

Өнөөдөр дөрвөн өрөг, маргааш дөрвөн өрөг тоглоод аваргаа тодруулна. Хөвгүүдийн ангилалд эхний таван байр, охидын ангилалд эхний гурван байр шагналтай. Оролцогч хүүхдүүдийн хувьд чансаа өндөртэй шатарчид олон байгаа нь тэмцээний цар хүрээг илтгэж байна. Жишээ нь, Сурагчдын Ази тивийн аварга Г.Түвшинтулга, Зүүн Азийн аварга Б.Цолмон, 2018 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Төгстөгөлдөр, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Сурагчдын Ази тивийн аварга Ерөөлтэй, 11 настайдаа насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээ тэмцээнд тоглож байсан, өсвөрийн блицийн улсын аварга, стандарт мөнгө, Цодгор хүү хүрэл медальт Э.Хүслэн  гэх мэт шилдэг хүүхдүүд өрсөлдөж байна.

-Томоохон тэмцээн зохион байгуулснаар хүүхэд багачуудын шатрын спортоор хичээллэх сонирхол нэмэгдэх нь дамжиггүй гэж бодож байна. Нэгэн гол ач холбогдол нь энэ биз дээ?

Тэгэлгүй яахав. МҮОНТ, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэглээр энэхүү тэмцээний талаар мэдээлэл гараад ирэхээр олон хүүхдэд шатрын спортоор хичээллэх урам зориг төрнө гэж бодож байна. Нэг үеэ бодвол сүүлийн үед шатрын спортыг сонирхох хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Цар тахал дэгдээгүй үед мянга мянгаараа цуглаад улсын аваргаа хийдэг байсан.

Өнөөдөр болж байгаа энэхүү уламжлалт тэмцээнд маань л гэхэд 200 гаруй хүүхэд оролцдог байлаа. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад оролцогч хүүхдүүдийн тоонд хязгаар тавихаас аргагүйд хүрсэн.

-Ингэхэд шатар гэдэг оюун ухааны спорт тоглоом анх хэзээ үүссэн бэ?

Анх манай эриний  V зуунд Энэтхэгт үүссэн гэж ихэнх эрдэмтэд үздэг. Зарим эрдэмтэд Монголоос үүссэн гэх нь бий.  Би хувьдаа Монголоос үүссэн гэдэгтэй  санал нэг байдаг.

Жишээ нь: Шатрын морьны нүүдлийг сайн ажвал чөдөр шиг хэлбэртэй. Чөдрийг ихэнхдээ монголчууд ашигладаг байсан. Өөр нэг том нотолгоо нь Баянхонгор аймагт байрлах “Шатар чулуу”  нь манай эриний өмнөх 3000-аад жилийн өмнө нүүдэлчид шатар тоглож байсныг харуулдаг.

Монгол шатар өөрийн дүрэм, өөрийн гараатай. Жишээ нь: Уран  бэрийн нээлт, таван халуун, хоёр тэмээний тойруулга гэх мэт уран хожлууд байдаг. XIII зууны үед Өгөдэй хааныг таалал болоход монголчууд хоёр жил урамгүй бэрсээр тоглосон. Урамтай бэрс гэдэг нь орчин үеийн шатрын бэрсний нүүдэлтэй адил, урамгүй гэдэг нь богиноор нүүдэг.

Монгол шатрын дүрмүүдээс  цухас дурдвал ноён сэлгэхгүй, мориор мадлахгүй, ноёныг нүцгэн үлдээхгүй гэх мэт.

Та Монголын цахим шатрын  холбоог үүсгэн байгуулсан. Ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Цахим шатрыг сонирхох хандлага ямар түвшинд байна вэ? Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Монголын цахим шатрын холбоо үүсгэн байгуулагдаад 3 жил болж байна. Энэ хугацаанд шатрын цахим сургалт, цахим тэмцээнүүдийг олноор зохион байгууллаа. Одоо шатрын аппликейшн гаргахаар ажиллаж байна. Энэ аппликейшнаар хүүхдүүд, насанд хүрэгчид цахим сургалт, тэмцээн уралдаанд орох, гадаадад байгаа найз нөхөд, гадаад хүмүүстэй тоглох бүрэн боломжтой. Ирээдүйд Монголд цахимаар зохион байгуулагдаж байгаа бүх тэмцээн уралдаанууд энэхүү аппликейшныг ашиглах бүрэн боломжтой.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account