Я.Бат-Ирээдүй: Оюу толгойн гэрээг өөрчлөхөд төвөгтэй

Я.Бат-Ирээдүй: Оюу толгойн гэрээг өөрчлөхөд төвөгтэй

Я.Бат-Ирээдүй: Оюу толгойн гэрээг өөрчлөхөд төвөгтэй

Эрдэмтэн судлаачдын, мэргэжилтнүүдийн үгийг сонсч, зөвлөгөө авч, улмаар бодлого шийдвэртээ тусгаж байх нь төр засгийн зорилго, үйл ажиллагааны нэгэн цөм байх  учиртай.  Энэ үүднээс “МоЭнКо” ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч, манай шилдэг геологичдийн нэг Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

-Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол Монгол Улсын гадаад өр 28 тэрбум долларт хүрсэн бололтой юм. Ийм хүнд үед улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар маань өдийж байна уу? МАН-ын УИХ, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 2 жил өнгөрчээ…

-Мэргэжлийн  хүний хувьд нааштай үр дүнг олж харахгүй байна. Хоёр жил  богино хугацаа биш. Энэ хугацаанд улс орны эдийн засгийн чухал салбар болох уул уурхай урагшаа хөдөлсөнгүй. Харин ч зарим үзүүлэлтээрээ хойшоо ухарлаа. Яахав, нүүрсний салбарын тухайд байдал арай өөр байгааг үгүйсгэхгүй. Сүүлийн нэг жилд жин дарсан экспорт хийлээ. Энэ жил 30 гаруй сая тонн нүүрс гаргалаа гэж сонссон. Энэ нь мэдээж манай эдийн засагт маш бодитой нөлөөлсөн нь дамжиггүй. Ерөнхий дүнгээрээ бол уул уурхайн салбар маань нэг л  явж өгөхгүй байна.

Уул уурхайн салбараас олсон мөнгөөрөө бусад сектороо дэмжие гэж үе үеийн Засгийн газрууд яриад байдаг мөртөө өөр, өөр бодлого барьдаг. Үүнээс болоод хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх шиг  санагдах юм. Таны бодлыг  сонсоё?

-Жил бүр Канадын Торонто хотод (PDAC) Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог. Тэнд уул уурхайн бүх л салбарын төлөөлөл оролцож ажлаа, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулдаг. Миний бие өнгөрөгч 3 дугаар сард Торонтод болсон уг томоохон арга хэмжээнд оролцоод ирсэн. Би хувьдаа манай улсыг сонирхох хандлага харьцангуй буурсан байна гэж харсан. Угаасаа чуулганы уур амьсгалаас нь мэдрэгдэж байлаа. Энэ бол бодит жишээ. Манайхыг чиглэсэн хөрөнгө оруулалт ер нь зогсонги байдалд байна гэж хэлэх гээд байна л даа. Гаднын хөрөнгө оруулагчдыг татахын тулд салбарын яам зүгээр суухгүй байгаа байх. Ганц яам ажиллаад нэмэргүй. Төрийн тогтвортой, зөв оновчтой бодлого чухал юм. Засгийн газар солигдсон ч бодлого үргэлжилж байх ёстой. Гэтэл Монгол Улсад намчирхсан, улстөржсөн байдлаас болж урагшаа явж чадахгүй байна. Улстөрчид, намууд эх орны ирээдүйн төлөө зовж байгаа юм алга. Бие биеэ үгүйсгэсэн, нэгнийхээ дээр гарах гэсэн эдийн засгийн улстөржсөн үзэгдэл яваад байна. Энэ бол улс орны аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх хэмжээний аюултай үзэгдэл юм. Үүнийг л бид хаа хаанаa ойлгох цаг болсон. Нам ерөөсөө хамаагүй, эх орноо гэсэн сэтгэлээр л ажиллах ёстой. Гэтэл аль ч яамны боловсон хүчний томилгоон дээр намчирхал газар авчээ. Намын томилгоогоор албан тушаалд  хүрсэн  хүн нь ажлаа мэддэггүй, тэнцдэггүй. Ийм байхаар чинь улс орон яаж хөгжих вэ? Боловсон хүчний бодлого дээр ингэж өрөөсгөл хандаж болохгүй ээ. Би МАН-ыг их тухтай, боловсон хүчний бодлогоо нарийн барьдаг гэж итгэдэг  байсан. Одоо тэр итгэл алдарсан. Хамгийн гол нь  эдийн засагт нөлөөлдөг улстөрийн гажуудлыг засах ёстой юм.

-Хөрөнгө оруулалт хэрэггүй гэж үздэг ямар ч популист байхгүй гэж би хувьдаа боддог. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэж ярих нь нэг хэрэг. Хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Би Монгол Улсыг ямар нэгэн хурал чуулган зохион байгуулдаг улс орон болж хувирлаа гэж харж байгаа. Хурлаас гардаг үр дүн байхгүй. Хуралдаад л, чуулаад л байдаг. Эцсийн үр дүн алга. Яах гэж зардал гаргадаг юм бол хэрвээ үр дүн гарахгүй юм бол? Манай салбарт л гэхэд өчнөөн төчнөөн чуулга уулзалтыг явуулж байна. Түүнээс гарч буй үр дүн нүдэнд бодитоогоор харагдах ёстой. Хөрөнгө оруулалт өсөх ёстой. Нэг л их өөрсдийгөө рекламдсан, хийрхэлийн чанартай үзэгдэл яваад байна.

-Уг нь бодлого, үйл ажиллагаагаа чанаржуулахын тулд Засгийн газраа сольдог баймаар. МАН хоёр  жилийн дотор хоёр Засгийн газрын нүүр үзлээ. Өмнөхөөсөө ялгарах ялгаа байна уу?

-АН-ын Засгийн газрын үед бүтээн байгуулалт их хийгдэж байсан, мэдээж зарим нэг гажуудал гарсан. Хэдхэн жилийн өмнө  хот гайхалтай сайхан цэцэглэж байлаа. Одоо гэтэл эргээд өнгө төрхөө алдаад эхэллээ. Ажлаа мэдэхгүй хүмүүсийг дэвшүүлсэн байна. Яам тамгын газар ч ялгаа байхгүй. Чадварлаг боловсон хүчнээ доош нь дарахаас биш дээш нь гаргадаггүй. Танил тал мөнгө хөрөнгөтэй чинээлэг хүнд үйлчилж байна. Ийм байхаар улс орон хөгжихгүй. Уул уурхайн салбарт баримталж буй бодлогын хувьд энэ Засгийн газар, салбарын яамны үйл ажиллагаан дээр өмнөхөөсөө ялгарах онцын ялгааг олж харахгүй байгаа. Манайд болж байгаа үйл явдлаас болоод хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна. Эдийн засгийг улстөржүүлсэн хандлага тийм байдалд  хүргэлээ. Хэн нэгэн хүн юм хийе гээд байхад улстөржүүлээд урам зоригийг нь мохоогоод байна. Жишээ нь, Хармагтайн ордын талаар янз бүрийн л юм дуулдаж байна. Нэг л их агуу том орд юм шиг сүржигнээд л… Яахав том байж болно. Гэхдээ бүрэн судлагдаж дуусаагүй орд шүү дээ. Юуны туханд хүрээгүй байж ил далд хувааж авч байна гэж яриад байх юм. Иймэрхүү хийрхэл бүх зүйлд чөдөр тушаа болоод байна.

Мэргэжлийн хүмүүст салбар хариуцуулдаггүй юмаа гэхэд ядаж үгийг нь сонсч, зөвлөгөө авдаг баймаар юм. Шийдвэр гаргагчид мэргэжилтнүүдийн үгийг хэр сонсдог юм бэ?

-Мэргэжилтнүүдийн үгийг сонслоо гээд хэрэгжүүлж чадахгүй байна. Өндөр чадварлаг мэргэжилтнүүдийг гүйцэх мэргэжилтэн   төр засгийн яамдуудад алга, салбарын хэмжээнд алга. Хувийн компанид ажиллаж буй өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг төр засаг бодлогоор татаж улс орныхоо төлөө зүтгэх боломжоор хангамаар байгаа юм. Төрд ажиллая гэхээр оруулахгүй л дээ. Бие биенээ хуурсан амьдрал үргэлжилж байна. Ер нь манайд нэг сонирхолтой тоглоомын дүрэм үйлчлээд байна. Монголын ард түмний дийлэнх хэсэг нь надтай санал нийлэх байх. Хуулиа хэрэгжүүлдэггүй. Хууль нь ч гэсэн дандаа цоорхойтой. Гадаадын хуулийг голдуу өм цөм хуулаад тулгадаг. Энэ чинь нууц асуудал биш шүү дээ. Жаахан юм уншдаг, эргэцүүлж боддог ухаалаг хүмүүс ойлгодог байх. УИХ-ын 76 гишүүн хууль үйлдвэрлээд байгаа биш тэдний дор гар хөл бологчид нь тийм хууль боловсруулаад байна. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэгийн түвшин доогуур болохоор мэдээж цоорхойтой хууль гарна. Цоорхой хуулиуд манайд ямар нэгэн зөрчил үүсгээд байна. Хууль жирийн иргэнд хатуу үйлчлээд мөнгөтэй эрх дархтай хүмүүст үйлчлэхгүй байна. Энэ чинь л шударга бус байдлыг үүсгээд энэ чинь л улс төрийн хямралыг бий болгоод байна. Олон нийтийн сүлжээгээр янз бүрийн гүтгэлэг их байна. Зохион байгуулалттайгаар тийм мэдээлэл цацаж байна. Түүнийг нь ухвар мөчид хүмүүс тусгаж аваад байна. Ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ бодитой судалгаа хийгээд үр дүнг нь олон нийтэд зарлах сурталчилах ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Ард түмэн ухаантай, ойлгоно, хүлээж авна. Тэгээгүйгээс зөв юм чинь сүүлдээ буруу болж хувирах гээд байна. Өргөн  хүрээгээр манай эдийн засагт маш муухай байдалд бий болгоод байна.

-Оюу толгойн гэрээтэй холбогдуулж экс Ерөнхий сайдуудыг баривчилж хорилоо. Уул уурхайн  салбарынхан яаж хүлээж авсан бол?

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг баривчилсны тухайд гэвэл би буруу ойлгож байж болно. Тэр гэрээг байгуулсан хүн биш учраас гэрээний талаар хомс мэдлэгтэй. Ер нь бол тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар хуулийнхаа хүрээнд л байгуулсан гэрээ шүү дээ. Одоогоос олон жилийн өмнө байгуулсан гэрээний нөхцөл байдал, өнөөдрийн нөхцөл байдал хоёр асар том зөрүүтэй. Үүн дээр бид ухаантай хандаж, ул суурьтай дүгнэлт хийхгүй бол болохгүй. Яагаад Оюу толгойн гэрээг үзэглэхээс аргагүй байдалд хүрсэн юм, эдийн засгийн ямар нөхцөл байдалд байсан юм гээд маш олон зүйлээс хамаарч байгаа. Тухайн үедээ энэ гэрээг байгуулахдаа манай сайд нар толгойлж орсон. УИХ-аараа алга ташаад дэмжээд баталсан биз дээ? Одоо юу яриад байгаа юм. Олон улсын түвшинд хийсэн гэрээ учраас нэгэнт хийгдсэн гэрээг маргааш сольё гэж болохгүй. Гэрээг сайжруулж болно. Муутгаж л болохгүй. Дубайд гарын үсэг зурснаас болоод нэлээд асуудал үүссэн гэдэг. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал нь ямар байсан юм, яагаад зурах  болсон юм, эсвэл хувь хүний ашиг сонирхол байгаа, эсэхийг судлах  ёстой. Би хувьдаа Монгол Улсын Ерөнхий сайд хүнд хувийн эрх ашиг байдаггүй гэж боддог. Үнэхээр буруу юм байвал нэгэнт байгуулагдсан олон улсын гэрээг засч залруулахад их хүнд. Бараг боломжгүй. Яагаад гэвэл нэгэнт үзэглэсэн, улс орноо төлөөлж зурсан гэрээ шүү дээ. Харин уг гэрээтэй холбоотойгоор авлига авсан нь үнэхээр  хөдлөшгүй баримтаар нотлогдвол тухайн гэрээ хүчингүй болгох  боломж гарч болох юм даа. Бусдаар бол бараг боломжгүй байх шүү.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн хувьчлал тойрсон маргаан Монголын томоохон  шүдний өвчний нэг болжээ. Монголд ашигтайгаар шийдэх ямар боломж байна вэ?

-“Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудлаар  би өмнө нь ч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсан. Юутай ч 100 хувь Монгол Улсын  эзэмшилд ирсэнд хувьдаа баяртай байдаг. Төр, хувийн хэвшил нь хамаагүй. Хувийн эзэмшилд төр хүчээр халдаж байгаа нь хэр зөв, эсэхийг би мэдэхгүй. Нөгөө талаас төр улс гэж байгаа юм бол юмаа мэдэх л ёстой байх.

                                                            Ярилцсан Д.Лхагвадорж

 

cэтгэгдэлүүд
  • Мэргэжлийн хүн аргаггүй олон талаас нь харж их ул суурьтай ярилцлага өгсөн байна.Цаашид бас иймэрхүү мэргэжлийн чанартай ярилцлага гаргахыг хүсэе.

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account