П.Очирбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй

П.Очирбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй

П.Очирбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй

П.Очирбат: Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах онцгой шаардлагагүй гэж боддог. Тэр тусмаа цөөн хэдэн хүний үйл ажиллагаа, зан араншингаас болж үүссэн нөхцөл байдалтай холбож Үндсэн хуульд гар хүрэх нь ямар ч утга учиргүй зүйл. Гэтэл сонгуульд олонхийн суудал авсан намын дарга Ерөнхий сайд байхаар тулгуур өөрчлөлт орууллаа шүү дээ, сая. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь засаглалын эрх мэдлийг хуваарилах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг үндсээр нь өөрчилж 1960 оны Үндсэн хуулийн зарчим руу ойртууллаа. Энэ өөрчлөлт нь эрхзүйт төрийн тогтолцоог эрх баригч намын ноёрхолын тогтолцоонд шилжүүлсэн ноцтой үр дагаварт хүргэхээр боллоо. Төрийн хэргийг төрийн хуулиар биш эрх баригч намын дүрмээр хөтлөх болох нь ээ. УИХ-ын гишүүд нь эрх баригч нэг намын шийдвэр бодлогыг төрийн шийдвэр болгон хувиргагчид байх гэж үү? Үүний төлөө Монголын ард түмэн 1990 онд ардчилсан хувьсгалаар коммунист улстөрийн тогтолцоог халж, 1960 оны Үндсэн хуулиас татгалзсан хэрэг үү? Бид чинь нам төвтэй төрийн тогтолцоог төр төвтэй олон намын тогтолцоонд шилжүүлсэн биш бил үү? Яагаад заавал намын дарга Ерөнхий сайд байхаар зүтгээд байна вэ? Яахлаараа аль нэг нам, эвслээс нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч намаасаа түтгэлзэж үндэсний эрх ашгийг дээдлэн төрийн хэргийн төлөө зүтгэж байхад гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй Ерөнхий сайд заавал намын дарга байж тухайн намын бодлогыг төрийн бодлого болгон хувиргах ёстой юм бэ? 1990 оноос ээлжилж төр барьсан улстөрийн хоёр хүчин болох МАН, “Ардчилсан холбоо” эвсэл ийм авир гаргаж хоёулаа нэг, нэг удаа яг ижил концепциор Үндсэн хуульд өөрчлөлт хийлээ. Үүнээс үзэхэд Үндсэн хууль эрх баригч намын эрх ашигт нийцэхгүй байна гэсэн үг. Тийм л байгаа бол эцэг хууль маань зөвөөсөө зөв байна гэсэн үг. Үүнээс илүү баталгаа хэрэггүй. Намын сонирхол, хүний араншинд тохируулж Үндсэн хуулиа өөрчилж болохгүй. Харин намууд үйл ажиллагаагаа Үндсэн хуульд захируулан өөрчлөх хэрэгтэй. Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн ардчилсан тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийг аль нэг нам, эвслийн ноёрхолын зэвсэг болгон хувиргаж болохгүй. Дахин хэлэхэд аливаа нам хүчний дангаар ноёрхох нөхцлийг хязгаарлаж чадаж байвал Үндсэн хууль үндэсний эрх ашигт, ардчиллын зарчимд, төрийн тогтолцооны зарчимд нийцэж байна гэсэн үг шүү, та минь ээ. (Анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай сэтгүүлч Д.Лхагвадоржийн хийсэн ярилцлагаас. 2000 он )

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account