Н.Амарзаяа: Би шударга ёсыг хүсэмжилж гарын үсгээ зурсан

Н.Амарзаяа: Би шударга ёсыг хүсэмжилж гарын үсгээ зурсан

Н.Амарзаяа: Би шударга ёсыг хүсэмжилж гарын үсгээ зурсан

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах яриаг өрнүүлэв.

ЖДҮ-ийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд, албан тушаалтнууд зээл авсан асуудал нийгмийг бухимдуулж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Бүх асуудалд хуулийн дагуу л хандах ёстой. Үнэхээр нэр бүхий сайд дарга, гишүүд албан тушаалын давуу байдлаа ашиглаж өөрийн хамаарал бүхий хүмүүстээ олон сая, тэрбумын зээл олгосон бол хариуцлага хүлээх ёстой. Сайд асан Б.Батзоригоос эхлээд зээлтэй нэр холбогдсон хүмүүс уучлалт гуйж, зарим нь буцаан төлж байгаагаас үзвэл хууль бус үйлдэл гаргасан нь тодорхой байна. Цаашид ийм асуудал давтагдахгүй байх нь хамгийн чухал. Өнөөдөр тодорхой үйлдвэрлэл эрхлэе гээд санхүүжилт хүсч байгаа хүмүүст хүссэн хэмжээний зээл нь олдохгүй байхад эрх мэдэлтнүүд дундуур нь ороод авчихаж байгаа нь шударга биш. Ард түмэн бухимдах нь аргагүй. Үнэхээр “Би ийм юм хийх гэсэн юм. Төдий хэмжээний зээл олгооч” гээд төслөө бариад дарга, түшмэдийн үүдийг өдөржин сахиж буй хүмүүс цөөнгүй. Тэднийг дэмжих нь төрийн үүрэг. Манайх шиг хүн ам цөөтэй оронд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж дэмжих нь хөгжлийн нэгэн гарц. Тодорхой үйлдвэрлэл эрхлээд, ашиг орлого олоод эхэлж буй хүнд урам зориг төрдөг. Урам ороод ирэхээр дараагийн санаа нь бий болох нь дамжиггүй. Нэг ёсондоо хувь хүн хөгжиж, өрх гэр бүлийн орлого нэмэгдэнэ гэсэн үг. Хүний хөгжлөөс улс орны хөгжил хамаарна шүү дээ. Дахин хэлэхэд уг асуудалд улстөрийн ашиг хонжооноос илүү хуулийн дагуу л хандах ёстой.

-Дээрх асуудал дээр дөрөөлж улстөр хийх хандлага идэвхжлээ. Энэ нь эрх баригчдын байр суурийг ганхуулах түвшинд хүргэх аюултай юм. МАН-ын лидерүүдийн үл ойлголцсон, хуваагдмал байдал өдрөөс өдөрт хурцдаж байх шиг. УИХ-ын гишүүнийхээ хувьд та мэдээж санаа зовж байгаа. Энэ нэн таагүй үзэгдлийг таслан зогсоож, асуудлыг намжаах ямар гарц байгаа бол?

-Зарим улстөрчид, улстөрийн хүчнүүд МАН-ыг улам  эвдрэлцэж, тарж бутраасай гэж хүсч байгаа нь илэрхий. Тэдний улстөрийн явцуу эрх ашгийг хангаж байгаад сэтгэл шимширч байна. Уг нь ингэж хэрхэвч болохгүй байгаа юм. Яагаад гэвэл энэ улсын өнгөрсөн, одоо, ирээдүй МАН-тай салшгүй холбоотой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө хамгийн ихийг хийсэн, хийсээр ч байх улстөрийн хүчин. Энэ утгаараа улс, түмний маань хувь заяа цаашид ч шууд хамаарна. Үүнийг ойлгох ухамсар, ухаан ард түмэнд, сонгогч олонд маань бий гэдэгт итгэдэг. Хариуцлага, шударга ёс, ёс зүйг өөрсдийн намаасаа тэр дундаа төрийн албан тушаалтнаас эхлэх хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байгаа.

-Байдал энэ хэвээрээ үргэлжлэхийн хор хохирлыг хэрхэн харж байна вэ?

-Манай намынхан учраа олох ёстой. Хэл амаа ололцож, эв нэгдлээ хангаж нэгдсэн нэг зарчим, бодлого, зорилтын дор төвлөрөх потенциаль бүрэн бий гэж би өөдрөгөөр харж байгаа. Гагцхүү асуудлыг хүндрүүлж, хурцадмал байдал үүсгэж, намаа сөрөг хүчний идэш болгож буй хүмүүс буулт хийж, асуудлыг ширээний араас ярилцах ёстой гэж бодож байна. Өндөр албан тушаалтнууд хэн нэг нь буулт хийж чадахгүй бол шударга үнэний төлөө явж байгаа нь нэгдэж нийлж зөв гарц хайх ёстой. Нөгөө талаар хугацааны хувьд, нөхцөл байдлын хувьд дүгнээд үзэхэд зээлээ авснаас хойших хугацааны мөнгөн дүнг, хохирлыг төлүүлэх ёстой. Иймд намын бүлгээсээ байна уу ажлын хэсэг гаргаад хор хохирлын шинжилгээ хийлгэж бодит дүгнэлтийг хийх ёстой гэж үзэж байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ЖДҮ-ийн санд Засгийн газар мөнгө тавиагүй, харин УИХ-ын гишүүд ингэж идэх гэж мөнгө нэмдэг мэтээр тайлбарласан юм уу? Энэ талаар таны бодол?

-Энэ бол Монгол Улсын Сангийн сайдын хувьд хэлж боломгүй үг, гаргаж боломгүй алдаа. Засгийн газрын байр суурь ч энэ. ЖДҮ-т мөнгө тавьсан нь бүх УИХ-ын гишүүдийн дур сонирхол, ингэж идэж уухыг бодож уг хөрөнгийг төсөвлөсөн мэтээр ярьж байгаа. ЖДҮДС зөвхөн одоо л 2 жилийн хооронд бий болсон сан биш, олон жилийн түүхтэй, одоо ч төрөөс жил бүр төсөвт суулгасаар үлдэгдэл нь 600 гаруй тэрбум төгрөг болсон, тэр нь эргэн төлөгдөөд, эргэлдээд байж байдаг л сан. Мөн хамгийн бага хүүтэй, хугацаа боломжийн, бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг энэ. Банкны зээл олгодог шаардлагын дагуу барьцаа хөрөнгөө тавиад л авч байгаа. Үүнийг цааш нь олгох ёстой. Миний хувьд Сангийн сайдын эсрэг байр суурьтай байгаа. Яг бизнесийн зарчмаараа, эзнээ олсон зээл авсан эздэд маш хүнд дарамт үүсч, нийгмийг цочирдуулсан үзэгдэл болгож байгаад харамсаж байгаа. Мөн өөрөө УИХ-ын гишүүн. УИХ-ын онцгой бүрэн эрх нь төсөв батлах. Өөрөө хамт сууж төсвөө дэмжиж баталчихаад би өгөөгүй, Засгийн газар буруугүй, энэ УИХ л буруутай гэх нь байж боломгүй том алдаа. УИХ төсвөө батлаад өгдөг, төсвийн жилийн хэрэгжилтийг Сангийн яамны гүйцэтгэнэ, гол ажил нь энэ. Яамд, аймагт хуваарилна, Төрийн сангийн нэгдсэн тогтолцоогоороо дамжуулан гүйлгээгээ хийнэ. Төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлангаа дараа жилд УИХ-д тайлагнана. Төсвийн хуулийн дагуу санхүүгийн жилийн төсвийн орчил үе ингэж л явагддаг.

-Та харин энэ ЖДҮ-ийн сангаас зээл аваагүй юмаа даа. Энэ сан ч одоо татан буугдах байх. Сангийн сайдын ярьж байгаагаас тэгж ойлгосон?

-Би аваагүй ээ. Надад тийм ёс зүй, хүмүүжил байхгүй. Төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, хөдөөг хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг зогсоох, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг бий болгох гээд олон бодлогод тулгуурлан аймаг руугаа уг сангийн хөрөнгийг чиглүүлэх, тэднээ дэмжих нь миний үүрэг. 2018 оны ЖДҮДС-ийн хөрөнгөнөөс жамц давсны, чацарганы өтгөрүүлсэн шүүсний, хармагны төрөл бүрийн бүтээгдэхүүний, Мандал-Овоо сумын Баянхошуу багийн 23 өрхийн 46 иргэний нөхөрлөлийн ингэний сүүн үйлдвэр гээд 4 төрлийн 700.0 гаруй сая төгрөгийн төслийг нь холбогдох байгууллагад нь уламжилсан, дэмжигдсэн. Одоо зарим нь тоног төхөөрөмжөө захиалаад ирж байх шиг байна, зарим нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гарах гарцаа хайгаад дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцоод явж байна. Энэ сан байх ёстой, бүр 3 хувийн хүүтэйгээр эзэндээ очих ёстой, одоо харин хуулийн орчноо чангатгаж, хөдөө рүүгээ чиглүүлж, орон нутагт нь эрх мэдлийг нь өгөх ёстой. Харин ч ЖДҮ-ийн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ ажиллаж байна.

Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаагаа зарласан. Одоогоор 17 гишүүн гарын үсгээ зурсан бололтой юм. Тэдний дунд таны нэр ч байна. Та яагаад ийм шийдэлд хүрэх болов?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах биш алдааг нь засаад, хянаад явах боломжтой байсан гэж би хувьдаа боддог. Энэ байр сууриа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр бас хатуу илэрхийлж байсан гишүүний нэг. Харамсалтай нь огцруулсан. Үнэхээр муу ажиллаж, алдаа дутагдал гаргаж байсан юм бол дараагийн Засгийн газар нь илүү сайн ажиллах ёстой биз дээ? Одоогийн намын дарга, Ерөнхий сайдын хувьд бодлогогүй мэдэгдэл хийх, асуудалд эвээр, үг хэлээр биш хүч түрсэн байдлаар хандаж байгаа нь сөрөг үр дагавартай байна. МАН-ын түүхийг аваад үзэхэд эв эеийг хичээж, тулгарсан бэрхшээлийг яриа хэлцлийн замаар шийдэж ирсэн уламжлал бий, түүх ч гэрчилнэ. Хэрэв манай намын лидерүүдэд нэг нэгнээ үл зөвшөөрсөн, эгнээнээсээ холдуулах гэсэн арга барил давамгайлбал МАН-д халтай үр дүн гарч байна. Дахин хэлэхэд бид улс орноо, ард түмнээ бодох ёстой юм. Буурь суурьтай, түшиг тулхтай, ухаалаг шинж манай намын гол дүр шүү дээ. Энэ давуу талаа алдаж болохгүй.Одоо харин эсрэгээрээ намын дүр маань хатуу чанга, зорилго маань тэс өөр, гишүүд маань айдастай, дэмжигчид минь эргэлзсэн, нийгмийн бухимдлыг төрүүлсэн, шударгын дүр эсгэж тоглосон ийм дүр байж хэрхэвч болохгүй. Тэгэхээр би хариуцлага шударга ёсыг хүсэмжилж ийм шийдэлд хүрсэн.

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг та хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн парламент хэрэгжүүлдэг. Энэ утгаараа УИХ тарах, эсэхийг хууль тогтоогчид л шийднэ. Би хувьдаа одоогийн УИХ-ыг зарчмын дагуу үүрээ сайн гүйцэтгэж байгаа гэж хардаг. Тарах үндэслэл байхгүй.

-Та саяхан хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнаж байсан. Энэ талаараа товч мэдээлэл өгөөч. Цаашдаа тойрогтоо хандсан ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ намар 3 дахь жилдээ “Амьдрахад таатай говь нутаг” арга хэмжээгээ зохион байгууллаа. Тойргийн 8 сумын төв, хөдөөгийн 22 багийн төвөөр зорьж малчид, иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, санал хүсэлтийг сонслоо. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын үзлэгт хамруулж, аймгаас хүүхдийн эмчийн үзлэг болон лабораторийн шинжилгээ хийлгэсэн. Мөн иргэддээ зориулж бизнес сэтгэлгээний сургалт зохион байгуулсан. Сонгогдсоноос хойших ажлын тайлангаа 2 дахь жилдээ гаргаж өрх бүрт хүргэлээ. Нутаг ус, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг аймаг, сум, багийн удирдлагуудтайгаа хамтран шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Ер нь миний баримталдаг зарчим байдаг. Сонгогдож томилогдсон албан тушаалд очсон л бол тэдэнтэйгээ эргэх холбоотой байж, ахуй амьдралтай нь танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, уулзаж учирч, харилцаа холбоотой байж аливаа асуудлын гарц шийдлийг хамтдаа тодорхойлох нь хамгийн зөв гэж боддог. Хамтын хүч юу юунаас илүү хүчтэй. Цаашлаад аймагтаа бизнес эрхлэгчдээ төрөлжүүлж, чиглэл бүрийн уулзалтуудыг хийх, олон улсын шинэ технологиудыг нэвтрүүлэх, гадаад дотоодод туршлага судлах, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах, төр хувийн хэвшил их сургуулиудын гурвалсан түншлэлийг бэхжүүлэх гээд олон ажлууд төлөвлөж байна.

Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар зөв ярьсан байна шүү. Ялангуяа орон нутагт их хэрэгтэй байна

  • ХЯНАМГАЙ БҮСГҮЙ БАЙНА. АРД ТҮМЭН ХЭНИЙГ СОНГОХОО МЭДДЭГ ЮМ БАЙНА ДАА

  • МАН яагаад дотроо хагараад байнаа?

  • ard tumniig avrax estoi ardiin nam inhej boloxgui e

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account