Н.Номтойбаяр: “ЖДҮ”-тэй холбоотой асуудлыг шалгуулна

Н.Номтойбаяр: “ЖДҮ”-тэй холбоотой асуудлыг шалгуулна

Н.Номтойбаяр: “ЖДҮ”-тэй холбоотой асуудлыг шалгуулна

УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан нь нийтэд нэгэнт ил болоод байгаа билээ. Энэ асуудал эрх баригчдыг хоёр хувааж, Засгийн газар огцорч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Тэд “Засгийн газар, Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гарахгүй байгаагаас гадна ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан алга. Үүнд иргэд, олон нийт ихэд шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг төрөөс шаардаж байна. Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд бид УИХ-аас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулж, үүсэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзээд уг төслийг боловсруулсан” хэмээн тайлбарлалаа.

Харин ЖДҮ-тэй нэр холбогдсон журмын нөхөд нь уучлалт гуйх нь гуйж, авсан зээлээ буцааж төлөх нь төлж байгаа боловч хууль зөрчөөгүй үзэж буй гишүүд тэдний дунд байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮДС-гаас авсан зээлээ өөрийн Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан гэдэг хардлагад няцаалт хийж, уг асуудлыг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Юутай ч дээрх гишүүдийн энэхүү шийдвэрээс улбаалаад 65-ын бүлэг дотор шинэ үл ойлголцол нэмэгдэх бололтой.

С.Болд 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account