М.Энхболд: УИХ-ын шинэ дарга цагаан сарын өмнө тодроно

М.Энхболд: УИХ-ын шинэ дарга цагаан сарын өмнө тодроно

М.Энхболд: УИХ-ын шинэ дарга цагаан сарын өмнө тодроно

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 Уг албан бичигт УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурснаар тогтоолын төслийг өргөн мэдүүлэх боломжтой болсон юм. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийж “Өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүд тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаралтай горимоор хэлэлцэх журманд оруулдаг. Захирамж гарч байж энэ асуудал шийдэгдэх ёстой. Өнөөдөр 15.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай ирэх долоо хоногийн мягмар гаригт 09.00 цагаас ТББХ-г хуралдуулж, 10 цагаас нэгдсэн чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаар санал солилцсон. Мягмар гаригт хэлэлцэх шалтгаан бий. “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр тухайн хууль хэрэгжих заалттай. Тэгэхээр ирэх даваа гаригт “Төрийн мэдээлэл” сэтгүүл хэвлэгдэнэ. Би сандал ширээтэйгээ зууралдахгүй, хуулийн дагуу огцроход бэлэн. Гагцхүү асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэх ёстой. УИХ-ын шинэ даргыг Цагаан сараас өмнө томилуулах хугацааг ч тооцсон байгаа” хэмээн мэдэгдлээ.  Үүнээс үзвэл УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өнөөдөр биш ирэх долоо хоногийн мягмар гарагт хэлэлцэхээр болж байх шиг байна. Цагаан сарын өмнөхөн УИХ шинэ даргатай болох нь ч тодорхой боллоо.

Л.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account