С.Батчулуун: Барилгын ажлыг мэргэжлийнхэнд өгөх хэрэгтэй

С.Батчулуун: Барилгын ажлыг мэргэжлийнхэнд өгөх хэрэгтэй

С.Батчулуун: Барилгын ажлыг мэргэжлийнхэнд өгөх хэрэгтэй

 MBC ХХК хэмээх нэр хүндтэй компанийг С.Батчулуун гуай олон жил амжилттай удирдаж ирсэн юм. Энэ хүн 30 гаруй жил барилгын салбарт зүтгэхдээ 100 орчим барилга барьжээ. Нэг жишээ татахад л  ШУТИС-ийн 6 барилгын өртгөлийн ажлыг хийж, угсралт, засварын ажлыг нь гүйцэтгэсэн байна. Мөн Үндсэн хуулийн Цэц (ҮХЦ)-ийн ордныг барьсан гэдэг. ҮХЦ-ийн Хүндэт гишүүн ингэж болсон түүхтэй. Салбарын тэргүүний ажилтнаас гадна “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ. Түүний удирдсан компани ч оны шилдэг аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч байсан юм. Зан аашийн хувьд гүдэсхэн, шударга, зарчимч, олон нийтэч, тусархуу гэж магтах хүн олон. Хамгийн гол нь ямар ч асуудалд чин сэтгэлээрээ хандаж ирсэн ажгуу. Яг тэр зангаа ажил дээрээ гаргаж ирсэн учраас л амжилтад хүрч, олны талархалыг хүлээсэн биз ээ.

 

БАРИЛГЫГ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ МЭРГЭЖИЛ, ИТГЭЛ, СЭТГЭЛЭЭР БАРЬДАГ

-Барилгын салбарт бол та тод мөрөө үлдээсэн хүн. Ярилцлага маань олон нийтэд зориулагдаж байгаа учраас өөрийнхөө тухай танилцуулахгүй юү?

-Юуны өмнө барилгын салбарынхандаа болон Монголынхоо нийт уншигчдад хамгийн сайхныг хүсэн ерөөе. Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Тэндээ 1976 онд дунд сургуулиа дүүргээд МУИС-ийн Модны технологич инженерийн анги элсч, 1982 онд төгссөн. Дунд нь цэргийн албаа хаасан. Манай ангийнхны хувьд их сайхан залуус байсан даа. Хамт олонч, нөхөрсөг гэж жигтэйхэн. Нэг нэгнээ гэсэн тэр сайхан сэтгэл одоо ч хэвээрээ. Насан туршдаа л холбоотой явна даа.

Ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхлэв?

-МУИС-ийг 1982 онд төсгөөд Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад Зүсмэлийн заводын инженер, технологичоор орж 3 жил ажиллаад 1985 оноос Хөнгөн үйлдвэрийн яамны Барилга угсралтын конторт даамлаар ажилд орсон. П.Дамдин, С.Найдан гээд мундаг сайд нарын үе л дээ. Би Улаанхуарангийн хүүхдийн тэжээлийн үйлдвэр, хуурай сүүний үйлдвэрийг Оросуудтай хамт барьж байгуулж байлаа. Барилгын гараагаа ингэж эхэлсэн түүхтэй. Мөн Нэхмэлийн үйлдвэрийн бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж, АПУ гэх мэт тухайн үеийн бүх үйлдвэрийг засдаг байлаа. Улсын циркийг бариулсан “эрүү” Ганболд гэдэг Монголын барилгадаа том хүний нэг надад олон зүйлийг зааж сургасан. Сонирхуулахад би өөрөө урлаг, уран зохиолыг бага залуугаасаа л шимтдэг байв. Гэтэл Модны үйлдвэрт нэрт сэтгүүлч Г.Жамьян гуайтай таарлаа. Хувь заяаны эрхээр тэнд ажиллаж байсан юм. Бид ч ах дүү шиг нөхөрлөж ирлээ дээ. Мөн Нацагдорж, Очирбат нарын зохиолч, яруу найрагчид ч байсан. Тэд бидэнд ухаарал хайрлаж, амьдралын мөн чанарыг ойлгоход их тусласан. Барилгын конторт байхдаа Монголын анхны ариун цэврийн цаасны үйлдвэрийг барилаа. Япончуудаас дайны төлбөрт ноосны үйлдвэрийн шугамаар тоног төхөөрөмж нь орж ирээд байсан юм. Ариун цэврийн цаасны үйлдвэрийн гол тоног төхөөрөмжийг өргөж оруулах кран байхгүй. Найдан сайд Батлан хамгаалах яамны сайдтай ярьж хүнд даацын кранаар тоног төхөөрөмжийг өргүүлж байлаа. Санаачилга гэдэг чинь тэр шүү дээ. Тийм том хүмүүсийн хүчинд би өдий зэрэгт хүрсэн. Япончууд бидэнд багаж яаж барих, яаж ажиллахыг зааж өгсөнд ихэд олзуурxсан.

 Харин 1990 оноос зах зээлд шилжиж эхэлснээр барилгын салбар зогсонги байдалд орж үйлдвэрүүд нь дампуурч, миний бие бусдын жишгээр ганзагын наймаанд орж 1993 он хүртэл “гахай” үүрсэн. Тэгж хэдэн төгрөг олоод өөр бизнес хийвэл боломж байлаа. Гэхдээ зүрх сэтгэл маань барилгаа орхиж чадаагүй. Ингээд ёстой сэтгэлийнхээ дуудлагаар барилгын конторын хуучин ажилтнуудтайгаа нийлж “Ар тархи” хувиараа эрхлэх аж ахуй байгуулж засварын ажил хийж эхэлснээс хойш тэтгэвэрт гартлаа барилгын салбарт зүтгэсэн дээ. Хөнгөн үйлдвэрийн яамны Барилга угсралтын конторт хангамж эрхэлсэн орлогч дарга хүртэл албан тушаалыг хашиж яваад хувиараа компани байгуулсан хэрэг.

1990-ээд оны тэр ороо бусгаа үед таныг хөл дээрээ босоход хэн туслав. Зах зээлийн нөхцөл байдал мэдээж амаргүй байсан биз дээ?

-1990-1993 онд зах зээл гэж юу ч байгаагүй. Хэдэн тохиролцооны дэлгүүр л байсан байх. Улсын үйлдвэрүүд бараг бүгд зогсч, аймаг болгонд байсан барилгын материалын үйлдвэрүүд тоногдоод дуусч байсан бараан үе л дээ. Хуучин ажилтнуудтайгаа эв нэгдэлтэй сайн байсны  хүчинд засварын ажилд хамтран орж, 1993 онд нэгдэж анх ноолуурын “Мана” гэдэг үйлдвэрийг шинээр барьж өгч байлаа. Бүх зураг төслийг нь өөрсдөө гаргаад л зүтгэсэн. Хамгийн гол нь би олон дүүтэй, ажил хөдөлмөр хийхгүй бол болохгүй гэдгийг багаасаа ойлгосон учир хэзээ ч зүгээр суухыг бодоогүй.

Анх хувиараа аж ахуй эрхлэхээр гарах үед  санхүү мөнгө, ажиллах хүний нөөцөө хэрхэн яаж зохицуулж байв?

-Тэр үеийн хүмүүс одооных шиг бүхнийг мөнгөөр харахгүй. Бүгд л сэтгэлээрээ ажил хийж, амьдрахын төлөө байсан. Барилга угсралтын конторт хамт ажиллаж байсан мужаан, арматурчин, барилгачин гээд олон хүн намайг дагаад гарч байлаа. Тэр ч бүү хэл инженерүүд, тухайлбал Орост дээд боловсрол эзэмшсэн Цэцгээ инженер надтай нэгдсэн. Цалин голно гэж байхгүй, хийж бүтээх л зорилготой. Өнөөдрийн идэх хоолноосоо илүү маргаашийг, ирээдүйг харж байсан юм. Барилга барихад сэтгэл, хамт олны эв нэгдэл, мөнгө гэсэн гурван зүйл байхад болдог гэдгийг бидний хамтын хичээл зүтгэл харуулсан гэж боддог. Мөнгөний хувьд ганзанганд яваад хэдэн төгрөгтэй болсон нь их нэмэр болсон. Гэхдээ ажлаа эхэлж түрүүлж хийчихээд араас нь мөнгийг нь хөөцөлддөг байлаа. Өнөөдөр ч гэсэн ийм байдал арилаагүй л байна. Төрийн захиалгаар барилга барьчихаад дараа нь мөнгөө олж авах гэж бөөн юм болох юм. Тэр хооронд барилгын компаниуд мөнгөний ханшны уналт, цаг хугацаанаас эхлээд олон зүйлээр хохирч байна шүү дээ.

МЭРГЭЖЛИЙН АЖЛЫГ МӨНГӨӨР ШИЙДЭХ ГЭСНЭЭС БОЛООД МЭРГЭЖЛИЙН БАРИЛГА ХӨГЖИХ ТӨЛӨВ ХАРАГДАХГҮЙ БАЙНА

ШУТИС-ийн барилга, засварын ажлын нэлээдгүй хэсгийн таныг хийж гүйцэтгэсэн гэдэг юм билээ?

-ШУТИС-ийн бараг бүх барилгыг барьсан гэхэд хилсдэхгүй. 1993-2004 он хүртэл 10 гаруй жил ШУТИС-ийн барилгыг барьсан. Монголдоо анх удаа сэндвичээр ШУТИС-ийн хичээлийн байрыг зургаан давхар болгон өргөтгөж байлаа. Одоогийн ШУТИС дөнгөж үүсэн байгуулагдаж байсан үе л дээ. Хүнсний сургуулийн захирал Гомбо, Эрчим хүчний сургуулийн захирал Мандах нар сургуулиа өргөтгөх шаардлагатай боллоо гээд ид гүйж байсан үе. Хятад сургуулийн дотуур байрыг Мандах захирал хөөцөлдсөөр байгаад хичээлийн байр болгох зөвшөөрөл авч, бид засч өгч байлаа. Одоо болтол янзын сайхан дулаахан байна.

2009 онд та төр засгаас хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжихгүй, татвар, гааль, элдэв түрээс төлбөрөөр дарж байгаагаас бяр суухгүй байна гэж ярьж байсан. Тэр цагаас хойш 10 жил өнгөрчээ. Байдал өөрчлөгдсөн үү?

Барилгын  салбарыг төрөөс дэмжиж байна гэж хэлэхэд хэцүү л дээ. Удирдлагаар хангаж чадахгүй байна, нэгдсэн бодлого алга. Уг нь хувийн хэвшлийг хөгжүүлж байж улс орон урагшаа явна шүү дээ. Ядаж л ажилгүйдэл багасна. Түүнийг олж хардаг бол юм хийх гээд байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Үнэн хэрэгтэй манай барилгын салбар  4 жил тутам унаж ирсэн. Зургаагаас дээш жил тогтмол өссөн түүх байхгүй. Энэ байдлыг мэргэжлийн компаниуд төрийн дэмжлэгтэйгээр засч чадна. Барилгаа тогтмол хөгжүүлье гэвэл мэргэжлийн компаниа сайжруулах ёстой. Сонгон шалгаруулаад, зэрэглэл өгөх гэх мэт олон арга байна шүү дээ. Тусгай зөвшөөрлийг хавтгайруулахгүй байх хэрэгтэй. Салбарын яамнаас гадна Барилгын ассоциоци гээд манайд төрийн болон төрийн бус олон байгууллага байгаа ч эвээ л олохгүй байна. Яг барилгаар дагнасан хүн мэргэжил дээрээ өсөх ёстой юм. Салбарын сайд заавал мэргэжлийн бөгөөд тухайн салбартаа олон жил нухлагдсан хүн байх ёстой. Улстөрийн албан тушаалтан гэдгээр хаа хамаагүй  хүнийг тавьж болохгүй. Барилгын компаниудаа дэмжихгүй, улсад ажил хийж өгөөд мөнгөө олж авч чадахгүй, авлига хээл хахууль, ханшны уналтад цохиулаад байгаа үзэгдлийг зогсоох ёстой.

Барилга бол хөгжлийн толь. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд танд бахархах, шүүмжлэх зүйл байгаа биз дээ?

-Шүүмжлэлттэй хандах ч юм бий. Магтан сайшаах, бахархах дэвшилттэй зүйл ч их байна. Олон барилга босч байгаа нь сайхан хэрэг ч зөв гольдиролоороо хөгжих ёстой юм. Мөнгөтэй баян хүн барилгын бизнес рүү их ордог болжээ. Барилга чинь биеэ даасан том шинжлэх ухаан, том мэргэжил. Гэтэл одоо тэр ухагдахуун хамаагүй болсонд сэтгэл дундуур явах юм. Мөнгийг нэгдүгээрт, мэргэжлийг хоёрдугаар шатанд ухраасан. Мэргэжлийн ажлыг мөнгөөр атгах гээд байгаа болохоор мэргэжлийн барилга хөгжих тухай ойлголт одоохондоо харагдахгүй байна. Хэзээ нэгэн цагт энэ байдлаас гарч, сайжрах л байх гэж найдах юм. Ажилтнуудынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Түүнээс биш манайхан авьяастай. Саяхан л Хятад барилгачдын чадвартайг гайхдаг байлаа. Зааж сургаад өгвөл  монголчууд юм хийж сураад байна. Удирдан чиглүүлэх нэгдсэн том юм хэрэгтэй байна.

Барилгыг дагаад барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж байна. Гэвч бас л мэргэжлийн талаас учир дутагдал байна. Барилгын материалыг мэддэг хүн байхгүй, удирдаж байгаа хүн ч алга. Цементийн хэд хэдэн сайхан үйлдвэр байх нь байгаа боловч бусармаг хүмүүс үнстэй холиод МАК, Монполиметийн уутанд савлаад зарах явдал байна. Харахад үйлдвэрийн цемент шиг боловч чанар байхгүй. Ийм хулгайн хулхи аргаар мөнгө олж байгаа хувь хүмүүс барилгын нэр хүндэд цөв суулгаад байна. Энэ бүхнийг цэгцлэж, хууль бус үзэгдлийг таслан зогсоох эрх бүхий байгууллагууд олигтой ажиллахгүй байх шиг. Айл гэрээр бол аав нь удирдаж чадахгүй болохоор хүү нь хэдийгээр мэргэжилтэй ч урагшаа явахгүй байна. Хамгийн гол нь чанартаа л анхаарах хэрэгтэй юм. Үнэнийг хэлэхээр хүлээж авахгүй уурладаг муухай зангаа одоо болих хэрэгтэй. Улаанбаатарт 6000 орчим тусгай зөвшөөрөлтэй барилгын компани байна. Манай барилгын зураг бол мэргэжлийн түвшинд хүрсэн сайн. Гүйцэтгэл дээрээ мэргэжлийн хүмүүс биш голдуухан мөнгөтэй хүмүүс очоод компани, инженер, мэргэжлийн хүмүүсээ “сороод” байна. Монголд ажилчин хүний боловсрол дутаад байна.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтэрч, чанартай сайхан барилга сүндэрлэж байгааг үгүйсгэхгүй. Лифттэй ярих юм алга. Саяхан бид лифтээ тавьж мэдэхгүй, 6 давхараас дээш барилга барьж чаддаггүй л байлаа. Одоо 20 гаруй давхар барилгыг босгож байна. Ганцхан сайны хажуугаар саар гэгчээр сая миний дурдсан зарим нэг муу жишээний балгаар нэр хүнд нь унаад байгаа юм. Би насаараа барилга барилаа. Сэтгэлээрээ л барьсан. Тиймдээ ч том, жижиг 100-аад барилга байгууламжийг босгосон гэж боддог.

ЗАЛУУСАА ДЭМЖИЖ, ХӨГЖҮҮЛЖ БАЙЖ УЛС ОРОН УРАГШАА ЯВНА

Гэр хорооллын барилгажилт нэг хэсэг овоо идэвхтэй яригдаж байснаа одоо бүр таг боллоо?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал уг нь их зөв санаачилга, үйл хэрэг юм. Зөв санаа гаргаж ирчихээд төслийн удирдлагаар хөгжүүлж чадахгүй байна. Төслийн удирдлагаар нь хөгжүүлбэл уг нь амархан зорилгодоо хүрэх юм. Инженерийн шугам сүлжээтэй, дэд бүтцийг нь тавьсан, түргэний тэрэг ямар ч саадгүй хүрэх боломжтой, түүнийг дагаад төрөл бүрийн үйлчилгээ, үйлдвэрлэл хөгжсөн тийм ахуй нөхцлийг Азийн хөгжлийн банк /АХБ/ гэр хороололд хийгээд өгөх санаа хэлсэн ш дээ. Даанч манай дарга нар үүнийг ойлгохгүй байна. Мэргэжлийн улс биш болохоор аргагүй л дээ. Ийм чухал цогц төслийн санааг дарга нар дундаас нь авч “Баянхошуу”, “Сэлбэ” ч гэх шиг юм байгуулна гэж үймүүлээд байна. Энэ бол бусдаас санаа авч  өөрсдөө бизнес хийх гэсэн санаа л болохоос хүндээ хүргэх бодол алга. Үнэн хэрэгтээ дахин төлөвлөлт бол нийгмийн төсөл. Засгийн газартай гэрээ байгуулж явдаг, 10-20 үргэлжилж байж үр дүнгээ өгдөг огт өөр төсөл. Үүний төлөө мөнгөө гаргаж байх ёстой төслийг аж ахуйн төсөл болгоод байна. Нийгмийг шинжлэх ухааны үндэстэй удирдахгүй болохоор чинь ямар ч санаачилга хэрэгжихгүй. Баянхошуу, Толгойтын чиглэлд татагдаж байгаа инженерийн шугам сүлжээ чинь АХБ-аас эхлүүлсэн төсөл. Даанч дарга нараас болоод зогсчихоод байна. Үнэхээр төвлөрлийг сааруулая гэж бодож байвал их, дээд сургуулиудыг Багануур руу нүүлгэх биш гэр хорооллоо АХБ-ны яриад байгаа шиг зураг төслөөр хөгжүүлэх ёстой юм. Тэндээ бүх үйлчилгээгээ авчихдаг болвол хотын төв рүү орж ирж түгжрэл үүсгэхгүй шүү дээ. Ер нь иргэдэд хашааны газрыг нь яарч, түргэн түүхий өгснөөс болоод их асуудал үүсч байгаа. Буцаагаад авах гэж бөөн л юм болох юм. Нөгөө талаар барилгын нормчлол, барилгын үнэ зэрэг нь төсвийн барилгад үнэ нь сууж өгөхгүй байна. Хувийн хэвшил өөрсдийн мөнгөөр материал оруулж ирчихээд сайн гэж яриад байна. Улсын барилга ингэж явж болохгүй ээ. Нормчлол, цалин хөлсний системээ зөв болгох ёстой.

-Хотын захиргааны дэргэд барилгын зөвлөх баг байвал ямар уу?

-Дахиад л мөнгө. Тендер явуулж байж зарлах болно. Хотын захиргааны удирдлагууд мэргэжлийнхээ удирдлагыг тухайн компанид өгч байж явна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол туйлын чухал. Даанч мэргэжлийн үүднээс хийхгүй байна. Дундаас нь авч давхиад “эрлийзжүүлээд” хаячих юм. Гэр хорооллыг барилгажуулах ажилд салбарын яам орж чадахгүй. Мөнгө нь байхгүй юм чинь. Мөнгө, эрх мэдэл нь хотын захиргаанд байгаа ч мэргэжлийн үүднээс удирдаж чадахгүй байна. Барилгын төслийг мэргэжлийн хүн гэхээс нэг дарга удирддаг юм биш.

-Мэргэжлийн хүнтэй уулзсаных энэ асуултыг үлдээвэл ёстой болохгүй. Манай шинэ барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?

-Тэсвэртэй. Зарим нэг барилга цемент, хайрга, арматурны чанарын хувьд асуудалтай болохоос биш тооцооллын хувьд ярих юм алга. Дахин хэлэхэд барилгын салбарыг мэргэжлийн хүмүүст өгөх хэрэгтэй.

Салбарын яам мэргэжилтүүдийн үгийг сонсдог уу?

-Сонсоод, сонсоод яах юм. 2 жил болоод солигдож байгаа юм чинь. Дандаа цүнх баригчид төрийн албанд шургалчихаад мэргэжлийнхнийг ойлгохгүй байна.

-Тантай ярилцаж суухад таны, та бүхний амьдралын түүх тэмцлийн, ажил хөдөлмөрийн, бүтээн байгуулалтын түүх юм гэж бодогдлоо. Манай уншигчдад хандаж юу хэлмээр байна даа?

-Хүмүүсийн эдийн засгийн боловсролыг сайжруулах хэрэгтэй. Том том боловсрол л яриад байгаа болохоос биш орлого зарлагаа яаж зохицуулах, амьдрах хар ухаанаар л урагшаа явна. Жишээ нь, жижигхэн гар урлалаар амьдарч байгаа хүмүүс олон байна. Энэ хүмүүст санхүүгийн тодорхой мэдлэг олгох ёстой юм. Ер нь манай монголчуудад асар том нөөц байна. Аливаа юмыг маш амархан сурдаг. Эдийн засгийн үр ашгийн тооцоо, банк санхүү, зээлийн системийн талаар тодорхой ойлголттой болгож, амьдралын хар ухааныг ахмадууд сайн зааж сургаж өгч байх хэрэгтэй. Олж байгаа мөнгөө зарцуулах боловсрол ухаан алга. Зааж сургаж байгаа хүн алга. Залуусаа хайрлаж байж Монгол хөгжинө. Би олон хүнийг хөл дээр нь  босгож, олон ч хүнд урам өгсөн. Заримд нь хатуу үг ч хэлж явсан. Амьдралдаа хөлөө олоосой гэсэн дээ тэр шүү дээ. Залуусаа л зөв хөгжүүлэх хэрэгтэй.

 Ярилцсан Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • мэргэжлийн хүн өөр юмаа. их мундаг ярилцлага болж

  • амьдралын ухаантай ийм хүмүүсээ сонсох хэрэгтэй ш дээ. яаманд сайдад ямар хүмүүс зөвлөдөг юм бэ?

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account