Цагаан халад шигээ цагаахан сэтгэлтэй сувилагч

Цагаан халад шигээ цагаахан сэтгэлтэй сувилагч

Цагаан халад шигээ цагаахан сэтгэлтэй сувилагч

 Би 1985 онд Зүүнбаянд цэргийн алба хаахаар очоод удаагүй байлаа. Төдөлгүй манай ангийн он жав Лхагвасамбуу гэдэг шинэ цэрэг (Дорноговь аймгийн АУДуС-ийг төгссөн залуу) “Чөлөөгөөр Дорноговь аймаг яваад ирлээ. Сургууль дээрээ ч очлоо. Танай суманд 10 дугаар анги төгссөн нэг хөөрхөн охин байна. Чамайг танидаг гэнэ” гэлээ. Цэрэг хүнд хөөрхөн гэдэг үг их урамтай сонсогддог юм билээ. Бөөн эрч хүч орох шиг болов. Уг нь намайг олон л охин цэрэгт үдсэн ч алба хааж байгаа газартай маань ийм ойрхон ирсэн нь хаанаас бууж ирсэн аз юм бүү мэд. Нэг хоёр захидал бичээд хариу ирэхгүй болохоор Лхагвасамбуугаа дагуулаад оргоод Дорноговь Сайшандад очлоо. АУДуС-ийн хашаагаар хулмагнаж байгаад дотогш оров. Цав цагаан цас шиг цагаан халадтай охид сургуулийн байрны коридороор урсгал ус шиг цувах нь их сонин содон, урд хожид үзээгүй сайхан зүйл байв. Бүгдээрээ царай зүс гоё, цэмцгэр, үс гэзэгнийх нь үнэр хүртэл ямар сайхан гээч. Ер бусын ёстой л үлгэрийн дагинас дунд алмайран зогсож билээ. Тэр сургуулийн хөвгүүд тун цөөхөн бөгөөд нэг тасагт цугларч Лхагвасамбуу найзуудтайгаа уулзав. Би зорьж яваа охиноо дуудуулав. Түмэн хөөрхөн охид дундаас түүнийг минь гүйцэх нь байгаагүй юм. Миний хайр дурлалын халуун шуурга Зүүнбаянгийн цэргийн диктатуртай холилдож сүлэлдээд 2 жил өнгөрч, хань минь хэвлийдээ том хүүг минь тээгээд сургуулиа төгсөөд явлаа. Энэ бол 31 жилийн өмнө сувилагчийн сургуулийн оюутан охин эргүүлж явсан цэрэг эрийн дурсамж…

2 жилийн өмнө. Шивээ хүрэн боомт дээр бие тавгүйрхээд нилээд хэд хонолоо. Өөрөө өөрийгөө эмчилчих санаатай олон оролдлого хийлээ хөлсөө гаргалаа, бумба тавьж буцалгасан ингэний аарц ууж,  архи халааж шар тос үйгээд ууж үзлээ, хонины махтай битүү шөл ч уув. Манай хамт олон бүгд л санаа тавьсан. Зарим нь Хятад хар архи тат гэж зөвлөв. Олон арга хэмжээ авсан ч улам дордоод уурхайн эмнэлэгт очиж үзүүллээ. Залуу эмч шууд л “Та эмнэлэгт очих хэрэгтэй. Аймгийн төв ор” гээд өвчин намдаах тариа хийв. Шөнө дөлөөр жолооч залуу Дамдин, манай ажилтан Мэндээ хоёр намайг аваад гарлаа. Говьд будилж нилээд холуур тойрсоор Баяндалай сум хүрч засмал зам дээр гарлаа. Төрсөн дүү охин Баяржаргалынд очиж халуун цай уугаад хамаг бие янгинаж гэдэс цүрийж хий дүүрсэн мэт болоод дээр нь их халуурч байв. Шууд л аймгийн төв орохоор шийдээд гараад давхичихлаа. Үүрээр Даланзадгадад ирж шинжилгээ өглөө. Элэгний үзүүлэлтүүд нь  муу гарчээ. Шууд хэвтүүлж тариа хийж, эм уулгаж эмчилгээнд орууллаа. Энэ олон жил ажиллаж амьдрахдаа эмнэлгээр төдийлөн үйлчлүүлж байгаагүй бөгөөд энэ тасгийн хамт олон ямар найрсаг, элэгсэг дотно болохыг ажиж хэвтэнэ. Тариа хийдэг зүс таних болсон бүсгүй орж ирэх бүрийд сэтгэлд нар мандах шиг болно. “Баярнэмэх гуай тариагаа хийлгээрэй, энэ бол үрэвсэл дарах үйлчилгээтэй судсаар явуулах шингэн тариа” гээд тариур зүү, тарианы бүрэн бүтэн байдлыг танилцуулаад өвдвөл хэлээрэй гээд дараагийн өвчтөн рүү тэрэгэнцэрээ түрээд явна. Сувилагчийн индүүний нуглаас нь арилаагүй цав цагаан хувцас, судас алдахгүй хатгах гээд амьсгалаа түгжээд анхааралтай байх агшинд сормуусан дунд нь жижигхэн тод хар мэнгэ, нүд сормуус нүүрнийх нь будаг хүртэл хачин тод сэтгэлд бууна. Халуун гарынх нь атгалт бүхэнд халуурсан бүлээрсэн олон хүн тайвширч тайтгарч ганц олдох амьдралдаа эргэн золгодог гээд бодохоор сувилагч бүхэн хөөрхөн. Тэднийг хайрлан дурламаараа…                                                                                                                                                                                                                                                                                                                          Б.Баярнэмэх. 2018-04-22

 

 

cэтгэгдэлүүд
  • When someone writes an article he/she maintains the thought of a user in his/her mind
    that how a user can understand it. So that’s why this article
    is great. Thanks! http://www.bs-clinic.or.jp/w3a/redirect.php?redirect=https://918.network%2Fcasino-games%2F75-ace333

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account