Өмөг түшиг болсон өвгөн буурал аавыгаа дурсахуй

Өмөг түшиг болсон өвгөн буурал аавыгаа дурсахуй

Өмөг түшиг болсон өвгөн буурал аавыгаа дурсахуй

Аавуудын өдөрт

Өнөөдөр аавуудын өдөр. Миний аавыг Дугарын Гончиглувсан гэдэг хүн байлаа. Хангай шиг түшигтэй, ханагар сайхан биетэй, зөөлөн цагаан сэтгэлтэй, хүндтусч, хөдөлмөрч хүн байлаа. Арван нэгэн хүүхдээ өсч өндийлгөх гэж Арьс ширний үйлдвэрт насаараа ажилласан хамт олондоо нэр хүндтэй, дэндүү гэхэд дэндүү сайхан хүн байлаа. Цэвэрч нямбай гэхэд жигтэйхэн, цай хоолыг гаргуун хийдэг байсан. Хүн хар ирэхэд мэндлэх төдий хооронд ойр зуурын юм ярьж байх зуур хоромхон хугацаанд алгын чинээ гурил зуураад алгадаж элдэж тэнийлгээд тачигнатал хэрчээд гурилтай шөл хийгээд өгдөгсөн. Аавын хийдэг гурилтай шөл шиг амттай хоол байсангүй дээ. Нэг удаа манай том ах цэргээс ирээд удаагүй байсан юм. Гурил зуурчихаад ахаар элдүүлэх юм боллоо. Гэтэл эр бяр тэнсэн идэр чийрэг ах маань арай гэж элдэж дуусгаад яасан хатуу гурил вэ гээд үгээ хэлж байсан. Үнэхээр аавын гурилтай шөлны амт хатуу зуурсан гуриландаа байсан юм болов уу. Ах дүү нарындаа очихоороо хэзээний л гал тогооны өрөөнд нь орчихсон алив би нэг шөл хийгээд өгье гээд гурил, мах гампанзыг нь гаргаад тавьчисан хоол унд хийгээд д сууж байдагсан. Алив нэг арга хэмжээнд уригдсан бол жигтэйхэн их баярлана. Хэдэн хоногийн өмнөөс хувцас хунараа бэлтгэж, үс гэзгээ засуулаад л, гутлаа хэд дахин тосолж, толь болтол нь зүлгэнэ. Явах өдрийнхөө өглөө хар эрт сэрчихээд цамц зангиагаа зүүчихээд, уралдаанд гарах гэж байгаа морь шиг сэтгэл нь догдолж байдагсан. Өнчин ядуу өссөн болохоороо ч тэр юм уу, уян зөөлөн сэтгэлтэй, хүнд их тусархуу. Хаана, хэнд ямар л гачигдал зовлон тохиолдоно, хэзээний л гүйгээд оччихсон хар бор ямар л ажил байна, түүн рүү нь ханцуй шамлаад л орно. Бүх ах дүү хамаатан садныхаа буяны ажилд алгасалгүй оролцоно. Ямар ч цээрлэх зүйлгүй, цэвэрхэн сэтгэлтэй хүн дээ аав маань. Хоёр сайхан эгчтэй, тэд нартаа ухаангүй хайртай. Байсхийгээд л очиж эрхэлнэ. “Миний муу дүү олон нялх хүүхэдтэй ядарч яваа юм” гээд л байдагаа л тэд сарвайна. Аав маань бөөн баяр болчихсан. Эгч маань ингэлээ гээд л ирдэгсэн. Хүний амьдрал баяр гуниг хоёр ээлжлэх юм даа. Нэгэн насанд эгч дүү болон эрхэлж тоглож өсчихөөд насны эцэст ээлж дараалан хагацлын зовлон амсах хэцүү юм билээ. Ганцхан жилийн дотор эгч дүү гурав ээлж дараалан өнгөрөхөд хорвоогийн хатуу жамыг ой тойндоо ортол мэдэрч билээ.

“Хорвоо дэлхий гэдэг хатуу зөөлөн жамтай

Баяр гуниг хоёр бараадаж явах жамтай

Аль алины нь цагт арван зүгээс цуглах

Аавын ээжийн хүүхдүүд олуулаа төрөх сайхангэж нэгэн яруу найрагч бичжээ. Үнэхээр олуулаа төрөх сайханд хорвоогийн жамаар ээлж дараалан буцахад ах дүү нарынхаа ард үлдэж ганцаар хоцрох шиг зовлон гэж байдаггүй юм билээ.

Аавыгаа би санаад байна аа.

Хангайн өндөр уул шиг нөмөр түшигтэй явсан

Хан буурал аав миний хайртай ааваа

Өргөн их дэлхий шиг өмөг түшиг болсон

Өвгөн буурал аав миний хайрт ааваа

Үр хойч чинь үргэлж таныгаа хайрлан дурссаар яваа шүү, ааваа.

 Сэтгүүлч Г.Энхбаатар

2019.08.08

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account