УИХ дахь “хулигаан” үзэгдэл ба хуралдааны дэг

УИХ дахь “хулигаан” үзэгдэл ба хуралдааны дэг

УИХ дахь “хулигаан” үзэгдэл ба хуралдааны дэг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилох, эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар түүнийг дэмжсэн.

Яг одоо Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрын дунд хурцхан маргаан өрнөв. Б.Баттөмөр гишүүн үг хэлэх гээд микрофоноо авсан байхад цагаас нь мань хоёрын хэрүүл багагүй хороолоо. С.Эрдэнэ гишүүн ч том дуугаар зандрах юм. Нөгөөх нь ч мөчөөгөө өгөхгүй юм. УИХ-ын дарга  “Боль та хоёр” гэж алхаа цохиод ч нэмэр алга. Иймэрхүү ширүүн уур амьсгал, бүдүүлэг үзэгдэл Монголын парламентын түүхэнд олон байдаг. Одоо ч байсаар байна. Цаашид ч байх төлөвтэй. Хамгийн гол нь хуралдааны дэгээ зөрчиж бусдыгаа үл хүндэтгэсэн авир гаргах нь нийгэмд тун таагүй харагддаг. Залуучуудын хувьд гишүүдийн харилцаа, хандлага, ёс зүйн талаар сэтгэл дундуур явдагаа цөөн биш удаа илэрхийлдэг. Сонгогчид УИХ-ын гишүүнээс огт өөр төлөвшил шаарддаг юм билээ. Хүн хүнээс өөр байгаасай гэж хүсдэг юм билээ. Тиймдээ ч эрхэм гишүүдийг чуулганы танхимд “бага сага” зүйл идэх төдийд нийгэм яаж хүлээж авч байсныг мартах ёсгүй. Ард түмний төлөөллийг Монгол Улсын Их Хурлын хуралдааны танхимд  хэрэлдэж маргалдахаас гадна нэгнийгээ элдэв үгээр дайрч доромжлох, заримдаа гудамжны үг чулуудахыг сонгогчид хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг шүү дээ.  Тэдний хэрүүл уруул учраа мэдэхгүй багачуудад “сайхан” үлгэр жишээ, арай юмны учрыг тунгаадаг болсонд нь давтаж болшгүй алдаа!

Гадаадын парламентийн гишүүд хэрэлдэх нь битгий хэл зодолддог гэдэг сайхан тайлбар, шалтаг хэлэх нь бий. Монгол Улс бол огт өөр онцлогтой улс орон шүү дээ. Хүн ам, зан заншил, ёс уламжлал, нийгмийн сэтгэлгээ, ардчиллын туршлага, улстөр, эдийн засгийн төлөвшил гээд олон зүйлээрээ хөгжингүй орнуудаас эрс ялгаатай. Тиймдээ ч нийгмийн сэтгэлзүйг зөв тийш нь залж, ард түмнээ соён гэгээрүүлье гэж бодож байвал УИХ-ын гишүүд өөрсдийнхөө ёс зүйд анхаарах учиртай гэж ард түмэн олон жил шаардаж байна даа.

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • зөв бичсэн байна

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account