Саарал жагсаалт нь санхүүгийн хоригт орно гэсэн үг биш

Саарал жагсаалт нь санхүүгийн хоригт орно гэсэн үг биш

Саарал жагсаалт нь санхүүгийн хоригт орно гэсэн үг биш

Францын Парис хотноо болж буй Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэдийгээр албан ёсны шийдвэрийг танилцуулаагүй ч Олон улсын сэтгүүлчид Монгол Улсыг саарал жагсаалтад багтсан тухай твиттер хуудаснууддаа “Монгол, Исланд, Зимбабве улсууд Саарал жагсаалтад багтсан бол Этиоп, Тунис, Шри Ланк зэрэг улс саарал жагсаалтаас хасагджээ” гэгчлэн жиргэж эхэллээ.

Монгол Улс “Саарал жагсаалт”-д багтсанаар: Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах,  Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах, Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, Эдийн засаг агшиж, ард түмний амьдрал доройтно хэмээн зарим улстөрч “үзмэрдэж” байгаач нэр бүхий эдийн засагчид “Тийм зүйл болохгүй. Харин үүнийг ашиглаад санхүүгийн сахилга бат, хууль эрхзүйн орчноо сайжруулах ёстой. Тэгсэн цагт богино хугацаанд саарал жагсаалтаас гарна” хэмээн үзэж байгаа юм. “ХҮН”-ын үүсгэн байгуулагчдын нэг, эдийн засагч Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагадаа саарал жагсаалтад орох болсны гол буруутан нь 2012-2016 оны эрх баригчид буюу АН гэсэн утгатай санаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, эдийн засагч Б.Жавхлан “Манай улс өмнө нь 2011 онд саарал жагсаалтад ороод 3 жилийн дараа гарч байсан. Тэр үед өнөөдрийнх шиг улстөржүүлж байгаагүй. Бараг мэдрээгүй, мэдээгүй өнгөрч байсан. Энэ жагсаалтад орсноор ФАТФ болон олон улсын байгууллагуудаас эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн асуудал огт байхгүй. Саарал жагсаалтад орсноор манай улсын эдийн засаг гацаанд ороод бүх юм хүндрэнэ гэсэн хүлээлт байж болохгүй. Янз бүрийн асуудал үүсээгүй байхад бид өмнө нь өөрсдийгөө хямраагаад байж болохгүй. Өмнө нь энэ жагсаалтад ороод ажрахгүй даваад гарч байсан” гэж нэлээд ойлгомжтой тайлбарласан. Үүнээс үзвэл саарал жагсаалтыг улстөрийн ашиг хонжооны үүднээс дэвэргэн улстөржүүлснээр учрах хохирол нь нэмэгдэх аж. Юутай ч Монголыг саарал жагсаалтад орсныг зарласны дараа Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улс саарал жагсаалтад орсон нь бидний хүсэн хүлээж байсан үр дүн биш ч гэлээ бүх зүйл төгсчихөж байгаа хэрэг ч бас биш юм. Цахим сүлжээгээр доорх агуулга бүхий пост /Монголбанк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоож, ААН, хувь хүний өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээ өдөрт 1 сая төгрөг, түүнтэй тэнцэх валют байхаар тогтоожээ гэх мэт/ идэвхжих шинжтэй байна. Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монголбанкнаас гадаад төлбөр тооцоог хязгаарлах чиглэлээр, мөн мөнгөн гуйвуулгын тоо, хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт, хориг хийсэн, тийм агуулгаар алив тушаал, шийдвэр, захирамж огт гаргаагүй болно. Эцэст нь хэлэхэд саарал жагсаалтад орсон гэдэг нь ОУ-ын зүгээс бидэнд хориг арга хэмжээ авч байгаа хэрэг огтоос биш бөгөөд эрчимтэй хяналтын хугацаанд биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм. Тиймээс та бүхэн тайван, амгалан байцгаана уу” хэмээн мэдэгдлээ. Тэгээд ч ФАТФ Монгол, Исланд, Зимбабвегийн эсрэг санхүүгийн ямар ч хориг тавихгүй гэж мэдэгдээд байна.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account