Зөвшилцлийг хангаж баталсан өөрчлөлт зөв зүгт хөтөлнө

Зөвшилцлийг хангаж баталсан өөрчлөлт зөв зүгт хөтөлнө

Зөвшилцлийг хангаж баталсан өөрчлөлт зөв зүгт хөтөлнө

1992 оны нэгдүгээр сарын 13-нд АИХ-ын 430 гаруй депутатын өнжин хонон хуралдаж, зүйл заалт бүрээр нь уйгагүй хэлэлцэн баталсан шинэ Үндсэн хууль ардчиллын хөгжил, төлөвшил, ард түмний амьдралд түүхэн том үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ аливаа юмс үзэгдэл хувьсан өөрчлөгдөж, тухайн цаг үеийн нийтлэг шаардлагыг хангаж байх нь нийгмийн хууль. Энэ утгаараа 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй өөрчлөх ёстой ажил, гарцаагүй хийх шинэчлэл байсан юм. “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах гэж зөвхөн өнөөдрийн эрх баригчид, УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд улайран зүтгээд байсан гэвэл эндүүрэл. Нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа  хуучин гэж болохоор сэдэв. УИХ-ын дарга Г.Занданшатарын дүгнэж хэлсэнчлэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн, дөрвөн төсөл өргөн баригдсан, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл байлаа. Нийгмийн шилжилт өрнөснөөс хойших 30 жилд байн байн улстөрийн хямрал нүүрлэж, үр дагаварт нь эдийн засаг, нийгэм савалж ирсний гол эх сурвалж нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтад байсныг улстөрчдөөс гадна эрдэмтэн судлаачид олж харж нэлээд хэдэн жилийн өмнөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй хэрэгтэйг сануулж ирсэн билээ. Тэр түүхэн үүрэг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-д ногдсон юм. Хэдийгээр энэ УИХ-ыг хэрүүл уруул, хэл ам тойроогүй ч үүрэг хариуцлагаа ухамсарлаж ээлжит бус чуулган зарлан байж “Эцэг хууль”-д өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд чамбай, өргөн цар хүрээтэйгээр хийж хэрэгжүүлж чадлаа. Нэг ёсондоо түүхэн гавьяа байгууллаа.

Ийм реформын шинжтэй нүсэр өөрчлөлтийг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент гурван жилийн турш өрнүүлжээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш УИХ таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажиллахдаа УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс ирсэн 306 мянган саналтай танилцжээ. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас дэвшүүлсэн 600 гаруй санал бүрийг нэг бүрчлэн нухацтай авч үзэж, хэлэлцсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын  “Нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталсан төсөл юм шүү” гэдэг үг оносон тодорхойлолт, оновчтой гаргалгаа бөгөөд  хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналаар дэмжиж, эцэслэн батлагдсанаар  Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, улмаар Засгийн газар хариуцлагатай, тогтвортой ажиллах боломж бүрдсэн билээ. Төр засаг тогтвортой байх нь бодлого тогтвортой байна гэсэн үг. Бодлого өөрчлөгдөхгүй байж чадвал төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоо тогтвортой сайжрахаас гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулах нэмэгдэж, эдийн засаг амархан сэргэнэ, сэхнэ. Хөрөнгө оруулалт  эдийн засгийн хамгийн чухал хөшүүргийн нэг гэдгийг дунд сургуулийн сурагч  ч гадарлана. Төр засгийн бодлогын залгамж чанар, Үндэсний хөгжлийн үзэл баримтлалын талаар ярьдаг ч бодит байдал дээр огт хэрэгсдэггүй ийм үед Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудал Ерөнхий сайдын эрх мэдлээс шалтгаалах болоод байгаа юм. Ялангуяа  Засгийн газар нь 1.6 жилийн настай манай улсад танхимын тэргүүнд сайд нараа томилж, чөлөөлдөг  эрх олгох нь зөв гарц гэдэг дээр олон эрдэмтэн судлаач нэгдэж байна. Өнөөдрийг хүртэл сайдыг томилох, чөлөөлөх эрхийг УИХ атгаж ирсэн бөгөөд аль ч гишүүн дургүй нь хүрвэл асуудлыг улстөржүүлэн сайдыг огцруулах асуудлыг өргөн барих эрхтэй байлаа. Хэдийгээр УИХ тухайн сайдыг огцруулах, эсэхийг хэлэлцээд авч үлдлээ ч гэсэн цааш, цаашдын “шантаажны” үүд хаалгыг хааж чадахгүй шүү дээ. Нэг ёсондоо улстөрийн ашиг сонирхлоор сайдын суудлыг хардаг байдлыг халах нэгэн гарц нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлт болоод байсан хэрэг. 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль болоход 1992-1996, 2000-2004 онд л Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа гүйцээж байсан нь бизнес, улстөрийн бүлэглэлийн бодлогын дагуу явахгүй, эрх ашгийг нь хангахгүй бол УИХ дахь төлөөллөөрөө дамжуулж Засгийн газрыг унагаж, өөрсдийн хүсэл зоригоо гүйцэлдүүлэх ажиллагаа хэрэгждэгийн яруу тод нотолгоо билээ. Үр дагаварт нь энэ улс орон, ард түмэн хохироод үлдсэн жишээ хангалттай бий. Монгол Улс бол парламентийн засаглалтай орон. “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулинд тодорхойлсон байдаг. Тэгсэн хэрнээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын Төрийн тэргүүн” гэж бас заачихсан. Өөрөөр хэлбэл, парламентийн засаглалтай мөртөө Ерөнхийлөгч нь дутуугүй эрх мэдэлтэй. Төрийн эрх мэдэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван том институцид хуваагдаад, энэ нь тус тусын ашиг сонирхол дээрээ мөргөлдөөд байгааг анзаардаггүй хүн үгүй биз ээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар, УИХ-ын ажил руу хөндлөнгөөс хүссэн үедээ ордог байдал өөрчлөгдлөө.

Улстөрийн нам хэмээх олон нийтийн байгууллага дур зоргын асуудал биш гэдгийг Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр харуулж чадлаа. “Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. Түүнчлэн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байна” хэмээн тодорхойлсон нь Монголын улстөрийн төлөвшилд шинэ уур амьсгал оруулах нь дамжиггүй. Энэ утгаараа  Үндсэн хуулийг өөрчлөх нь аргагүй цаг үеийн шаардлагад нийцсэн тулгамдсан хэрэгцээ байлаа.

Түүнээс гадна төрийн албан хаагчийн тогтвортой байдлыг хангах маш чухал заалт хуулиас тод харагдаж байгаа нь олз. Төрийн алба ялсан намын үзэмжээр өөрчлөгдөж ирсэн нь бараг л цагаандаа гарсан үзэгдэл. Өөрийнхөө намд хандив өргөснийг, цүнх барьж гүйснийг, эсвэл гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаа төрд шургуулдаг тэр буруу тогтолцооноос болж Монгол төрийн дархлаа суларч, улс орон урагшаа биш хойшоо гишгээд байгаатай санал нийлэхгүй хүн байхгүй дээ. Энэ хазгай жишгийг бүрмөсөн халахыг тулд Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар, төрийн алба хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглохоор, төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоохоор тус тус Үндсэн хуульд тусгасан байна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар төрийн мэргэшсэн албан хаагч намын харьяаллаар халагдах айдасгүй болсон нь яах аргагүй улсын ирээдүйтэй холбогдож байгаа юм. Намын томилгоогоор яам, агентлагт хуваарилагдаж очсон хүн улсын ажлын учрыг олтлоо даанч нэг удна даа. Сонгууль болгоны дараа “Дээрээс тавьсан нэг амьтан бичиг баримт ч боловсруулах чадваргүй юм” гэх өмнөөс нь нүүр улайм яриа яам болгоноор нэг хэсэгтээ л хэсүүчилдэг нь нууц биш. Тэр “амьтныг” хэзээ ажилдаа дадахаас төрийн ажлын үр дүн хамаарна гээд бод доо.  Сонгуулийн дараа ажлаасаа халагдсан төрийн албан хаагч өргөдөл гомдол бариад шүүх рүү гүйдэг үзэгдлийг арилгахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хангасан гэж ойлголоо. Бас давхар дээлийг хумих, УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгох, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхзүйн байдлыг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг Үндсэн хуулиар зохицуулахаар боллоо. УИХ-ын гишүүн гэдэг халдашгүй дархан эрхтэй субьектийн үүрэг хариуцлагыг чангатгаж, эргүүлэн татдаг механизмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулсан нь олз.

Байгалийн асар их баялагтай баян орны иргэд гэдгээ Монгол хүн бүр мэддэг. Тэр их баялаг цөөн хэдхэн гэр бүлийн эзэмшилд байдгийг ч сүүлийн жилүүдэд ойлгодог болоод байгаа. Харин “Байгалийн баялагийг тэгш шударгаар хуваарилах зарчим”-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажууллаа. Нэг ёсондоо Монголын ард түмний байгалийн баялагтаа эзэн суух боломж нөхцлийг Үндсэн хуулиар хангана гэсэн үг. Шударга ёсны төлөө, ядуурлыг бууруулахын төлөө байгалийн баялагийн тэгш хуваарилалтын тухай ярихаас өөр аргагүй биз дээ?

Нэмэлт, өөрчлөлтийн өөр нэг давуу тал нь Ерөнхийлөгчийн насыг 55 насаар тогтоож, нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгодог болох ажээ. Хамгийн гол нь институциудын эрх мэдэл, гүйцэтгэх үүргийг тодорхой болгох агуулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн гол амин сүнс. Аливаа зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөж байж хөгждөг гэдэг логикоор асуудлыг харах нь хамгийн зөв гарц биз ээ.

Яг энэ цаг үед л Үндсэн хуулийн реформыг хийгээгүй байсан бол дахиад найман жил ярих эрхгүй байлаа. Нөгөө л тогтолцооны гажиг гүнзийрч, улстөр, эдийн засаг нь хямралтай, ард түмэн нь ядуу тарчиг хэвээр үлдэх байлаа.

Д. Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • их л хөдөлмөр зарцуулсан нь мэдээж. гэхдээ дутуу зүйл бас байнаа. Хийсэн нь их юм

  • Уг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч биш Дээд шүүхийн шүүгч нар сонгодог байсан бол зүгээр байсан

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account