1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд анх удаа хуваарилна

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд анх удаа хуваарилна

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд анх удаа хуваарилна

Тавантолгойн ашгаас иргэддээ ногдол ашиг хуваарилах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Харин удахгүй энэ асуудал биеллээ олох болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхээр дамжуулж ард түмэндээ сонордууллаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2019 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болсон талаар мэдээлэл хийсэн юм.

Сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлаар өнөөдрийн хэвлэлийн хурал зарлаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа албан ёсоор хуулийн хүрээнд ногдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй. Анх удаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК хуулийн хүрээнд, ном дүрмийн хүрээнд ногдол ашиг хуваарилахаар тогтоол гарч байна. Компанийн ТУЗ-өөр хэлэлцэж, 100 хувь дэмжсэн. Нэгж хувьцаанд олгох мөнгийг 90 төгрөгөөр бодож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэр гарсан. Энэ бол бэлэн мөнгө тарааж байгаа хэрэг биш хуулийн хүрээнд ногдол ашиг тарааж байгаа хэлбэр юм” гэлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум 40 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар бол Монгол Улсын иргэд байгалийн баялагаас тэгш хүртэх эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын өгсөн чиглэлийн дагуу тодорхой судалгаа, тооцоог хийснээр иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. 2016 оноос хойш компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. Манай компани маш их хэмжээний өр төлбөрийг 2017, 2018 онуудад бүрэн барагдуулж 2019 онд бүх өрөө дарсан дууссан. 2019 онд гадаад, дотоод өр төлбөргүй ажилласан. Энэ бол Монгол Улсын төрийн өмчит компани маш сайн ажилладгийн бодит жишээ, төр муу менежер биш гэдгийг харуулсан манай хамт олон, уурхайчдын маань ажлын үр дүн. 1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Эдгээр иргэд 96480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667898 иргэн 750 хувьцаатай байгаа. Эдгээр иргэд 67500 төгрөгийн ногдол ашиг авна. 741 хувьцаатай 334500 хувьцаа эзэмшигч маань 66690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Энэ хэлбэрээр ногдол ашгаа холбогдох иргэд маань хувьцааныхаа хүрээнд авч байгаа. Сая миний хэлсэн 3 төрлийн хувьцаа эзэмшигч 2 сая 80000 иргэн байгаа. Манайд 2 сая 511 мянган иргэн хувьцаа эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар 580 орчим мянган иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Энэ нь голдуу хүүхдүүд. Дээр нь гадаадад амьдарч, оршин сууж байгаа иргэд бий. Мөн өөрийнхөө төлөө санаа зовоогүй, бүртгүүлээгүй иргэд ч байгаа. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Энэ жилдээ үргэлжлүүлнэ гэж ойлгож болно. Хоёрдугаарт, ногдол ашгаа хэзээ олгож, хэзээ авах вэ гэдэг нь маш чухал. Өнөөдөр мэдэгдэл хийснээр ногдол ашиг шууд иргэдийн дансанд нь орж байгаа асуудал биш. Нэгдүгээрт, бүртгүүлэх ёстой гэдгийг сануулая. Хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 17-ны үед болно. Тэр хурлаар өнөөдрийн ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулснаар энэ эрх нээгдэнэ. Түүний дараа ногдол ашиг олголтыг 2020 ондоо багтааж хийнэ. СЗХ-ноос гарсан журмын дагуу бүх, бүртгэл жагсаалтын баталгаажуулаад тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан маш олон төрлийн эерэг болон сөрөг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдаж эхэлнэ. Ялангуяа улстөрийн ашиг хонжоо олох гэсэн, нэр хүндээ өсгөх гэсэн албан бус хаягнуудаас мэдээлэл бүү аваарай гэж миний зүгээс хэлэх байна. Тиймээс 1072 хувьцаатай холбоотой нэг цонхны мэдээллийн төвийг ажиллуулж эхэллээ. 18001072 гэдэг утсаар мэдээлэл авах боломжтой. 1.2 сая иргэн рүү утсаар мессеж явуулж байгаа. Тэр дагуу апп татаж авах боломжтой. Мөн фэйсбүүк хуудсаар ч мэдээлэл явуулна. “1072” төвд даваа гараг бүр мэдээлэл өгнө. Бид онлайнаар иргэдэд хувьцааны дансаа бүртгүүлэх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Гадаадад амьдарч байгаа иргэд онлайнаар бүртгэлээ хийлгэж, дансаа нээлгэж болно” хэмээлээ.

Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Энэ  тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, Эрдэнэс-тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13:00 цагт  ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account