Д.Сүхбаатарыг Буриад хүн байсан гэж ор үндэсгүй бичжээ

Д.Сүхбаатарыг Буриад хүн байсан гэж ор үндэсгүй бичжээ

Д.Сүхбаатарыг Буриад хүн байсан гэж ор үндэсгүй бичжээ

Эрдэмтэн мэргэд, уншигч олны анхааралд

Ц.Мөнхдорж гэгч хүн “Зууны мэдээ” сонины 2017 оны гуравдугаар сарын 51, 52, 53, 54, 55 дугаарт хэвлүүлсэн “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн өгүүлэлдээ; “Д.Сүхбаатар нь Оросын нутагт хамаатан садантай, тэндээс гарч ирсэн буриад хүн байсан нь тодорхой. Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын гарал үүслийн талаарх зохиомол намтар түүхийг үнэнээр нь бичих цаг нэгэнт болжээ” гэж бичсэн билээ. Түүний бичсэн зүйлүүд нь манай улсын архивт байгаа Д.Сүхбаатарын тухай баримт бичгүүд, түүний намтар түүхийг он дараалан бичсэн зүйлүүдтэй огт тохирохгүй, уншигч олонд буруу ойлголт төрүүлж байна. Үүнийг Ц.Мөнхдоржид анхааруулж буруу ойлголтоо засахыг зөвлөж “Монголын үнэн” сонины 2018 оны № 022 дугаарт “Жанжин Д.Сүхбаатарын нэр төр, гавьяат үйлс бүдгэрэх ёсгүй” гэсэн өгуүлэл хэвлүүлсэн юм.

Гэтэл Ц.Мөнхдорж буруу ойлголтоо засахыг хүсэхгүй, бидний зөвлөснийг огт тоохгүй, архивын ганц ч баримтгүй, нутгийн буриад хүмүүсийн хууч яриа, сонссон зүйлээ баримт болгож бичсэн “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн өгүүллээ зөвтгөж, Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн Эрдмийн зөвлөлөөс түүний бичсэн өгүүлэлд; МАН-ын бодлого, эрдэмтдийн судалгаанд тулгуурлан бичсэн ном, нийтлэлүүд, унших бичиг, манай улсын архивын үндсэн баримт бичгүүдтэй огт тохирохгүй байгааг архивын баримт дурдаж зөвлөсөн юм.

Гэтэл Ц.Мөнхдорж нь “Өдрийн сонин”-ы 2019 оны № 023 дугаарт урьд буруу бичсэн зүйлээ улам зөвтгөж “Их жанжин Дамдины Сүхбаатар хамниган хүн” гэсэн өгүүлэл хэвлүүлж түүндээ “Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Оросын Холбооны Улсын нутаг Чита мужийн Бооржий районы нутагт Улз голд цутгадаг Тарь нуураас хойш Дорнод аймгийн Чулуун хороот сумын хойд талд орших Гүн жалгатай нэртэй газарт “Цагаан дээлт”, “жаахан” Дамдин хэмээх хамниган айлын хоёр дахь хүү нь болж, Цагаанууд омгийн буриад Лувсангийн Хандаас төржээ” гэж бичжээ.

Нэгд, манай улсын архивт Д.Сүхбаатар нь XV жарны хөх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний үүрээр бар цагт “Цагаан дээлт” Дамдины бор гэрт Ханджаваас мэндэлж, хүүг нь Элбэг Амгалан гацааны харьяат Дондогдулам эмээ эх барьж авсан гэж бичиж үлдээжээ.

Хоёрт, 1924 онд Улиастайн голын Улаан довын лус тахиж байх үед Д.Сүхбаатарын ээж Ханджав Д.Сүхбаатарын төрсөн газрыг нь Элбэг Амгалан гацааны “Амгаланг Бадруулагч” МХЗЭ-ийн үүрийн дарга Батмөнх тэргүүтэй эвлэлийн гишүүдэд зааж өгснөөр тэр газарт овоо босгожээ. 1890 оны зун Дамдин, Ханджав нар, хоёр хүүхдийнхээ хамт Ёст бэйсийн хошуунаас нүүж ирээд энэ байшинд амьдарч байх хугацаанд Д. Сүхбаатар мэндэлжээ. 1967 онд Д. Сүхбаатарын төрсөн газрыг МХЗЭ-ийн ахмад гишүүн Батмөнх Амгалангийн захиргаа, иргэдэд зааж өгснөөр 1993 онд “Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойгоор Амгалангийн нам, захиргааны байгууллага ардуудыг зохион байгуулж Д.Сүхбаатарын мэндэлсэн хашаа байшингийн урд талын гудамжнуудыг тохижуулан анх Д.Сүхбаатарын ээж Ханджав гуайн заасан газар (1893-1923) гэсэн үсэг, тоо бүхий боржин чулуун хөшөө босгож, тэр хавийн газрыг тохижуулжээ. “Энэ хөшөө эдүгээ байгаа, ойр орчинд нь анхны долоогийн үйл амьдралыг нь харуулсан дүрс бүхий баримал, тэдний унаж явсан морьдын баримлыг босгосон” гэж Д.Сүхбаатар судлаач, доктор, профессор З.Сэсээр гуай “Гурван морьтны хөшөө” номондоо (2019) бичжээ. Д.Сүхбаатар жанжныг Амгалан гацаанд эх барьсан ээж Дондогдулам гуайг Улиастайн голд зусаж байхад нь 1922 оны зун Д.Сүхбаатар жанжин очиж золгоод түлээг нь хагалж өгчээ. Ц.Мөнхдорж өгүүлэлдээ; “Жаахан” Дамдиных Ёст бэйсийн хошуунд хэзээ ч нутаглаж байгаагүй. Тэнд тэдний хамаатан садан гэхээр ганц ч хүн байхгүй” гэж бичжээ. Эх сурвалжаас үзэхүл Д.Сүхбаатар жанжны эцэг Дамдин нь Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны нутаг Хөөвөр Жаргалантын хөтлийн өврийн бууцанд 1860 онд Сугар ээжээсээ мэндэлжээ. Тэрбээр Ёст бэйсийн хошууны Зүүн сумын харьяат Н.Ээлт баяныд зарцлагдаж байхдаа түүний дүү Шүхэрээсээ өргөж авсан охин Ханджавтай гэр бүл болжээ. Дамдин нь эхээсээ хоёулаа. Түүнийг 8 настай, эгч Тамжавыг 10 настай байхад ээж Сугар нь бие баржээ. Төрсөн эгч Т.Тамжав нь Ёст бэйсийн хошууны нутаг Хөөвөр Жаргалант уулын өвөрт 1857 оны үед мэндэлжээ. Эх сурвалжид бичсэнээр төрсөн эгч Т.Тамжав, түүний хүү Самдан, зээ хүү Ганжуур зэрэг Дамдины бүх ах дүү, хамаатан садан нь Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуунд (Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум) төрж, аж төрж байхад ганцхан Дамдин нь Оросын Холбооны Улсын нутаг Бооржий районы Тарь нуураас хойш Гүн жалгатай гэдэг газар төрж, амьдарч явсан нь түүхэн үнэнд огт нийцэхгүй “зохиомол баримт” болох нь тодорхой байгаа юм.

Ёст бэйсийн хошууны Засаг ноён Гадин, түүний туслах Илдэн тайж нар Т.Дамдинг гэргий, хүүхдүүдийнхээ хамт Да Хүрээнд амьдарч байгааг нь мэдээд Да Хүрээн дэх харьяат аймгийн Суурин жасааны газар Бадаргуулт төрийн аравдугаар оны хаврын сүүлч сарын 29-нд (1891 оны V сарын 7) илгээсэн албан бичигтээ “Эрхэм оройн дээд та бүхэнд айлтган мэдүүлэх нь: Эдүгээ Да Хүрээний газар орогнон сул хоргодон суугаа Төгөө овогтой “Хар” Дамдин нь Жан Тай Хон гэгч Хятад пүүсний өр авлагын данс шатаасан хэрэгтээ хошууны Засаг ноёны захирамжаар хар гэрт хөл хоригдсон боловч харуул манаа унтсанаас оргон бултан зайлж өдгөө Да Хүрээний газар орогнон бүгэж сул хоргодон суугааг Хүрээний Хэрмэлийн жасааны газар мэдүүлэн үтэр түргэн баривчлуулан “Батгүнд” хөл хорьж суулгана уу” Ёст бэйсийн хошууны Засаг ноён Гадин, туслах Илдэн тайж гэжээ.

Ц.Мөнхдорж өгүүлэлдээ “Ёст бэйсийн хошуунд Дамдины хамаатан садан гэх ганц ч хүн байхгүй” гэж бичсэн тухай өгүүлэхэд; Дамдины эгч Т.Тамжав гуайн хүү Самдан, зээ хүү Ганжуур. Ханджав гуайн дүү Буян нарын ач, зээ, гуч, гучинцар, төрөл төрөгсөд, Д.Сүхбаатар жанжны “өндөр” эцэг, Т.Элбэгийн хүү Будын охин Өлзийн Лхамсүрэн гуай 102 нас зооглон Баруун-Урт хотноо үр ач, зээ Монгол Улсын аварга тогооч Дуламсүрэн нарынхаа хамт аж төрж сууна.

Монгол Улсын гавъяат багш С.Лувсанноров гуай Монгол цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын ураг төрлийн долоон үеийг нь 250 жилийн тэртээгээс судлан эдүгээ Сүхбаатар сум, Баруун-Урт хот бусад газар аж төрж буй ураг төрлийн 300 хүний нэр тодруулан түүнээ эцэг, эхийн нь ураг удмаар нь буюу яс, цусан төрлөөр нь ангилж, Д.Сүхбаатар судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ц.Мөнхдорж “Зууны мэдээ” сонинд хэвлүүлсэн өгүүлэлдээ; “Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж явсан Оросын Улаан армийн Кубаны алдарт V морьт дивизийн дайчдад монгол дээл хувцас өмсгөж Хиагт хотод бүгсэн байлдааны бүрэн зэвсэгтэй 10 мянга гаруй гамин цэргийг 400 морьт партизан цэрэгтэйгээ хүч хавсран байлдаж 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр бут цохин хөөн зайлуулсан тухай Баабарын “Нүүдэл шийдэл, олз гарз” номонд дурдсан байдаг” гэж бичжээ.

Хиагт хотыг чөлөөлөхөд Д.Сүхбаатар жанжин Оросын улаан цэргүүдэд Монгол дээл хувцас өмсгөж өөрсдөдөө туслуулаагүй гагцхүү Ардын журамт 338 цэргийн эрэлхэг баатарлаг дайчин тэмцлээр л гаминг бут цохиж Хиагт хотыг чөлөөлсөн нь түүхэн бодит үнэн.

Ц.Мөнхдорж худал бичсэнээ зөвтгөж уншигч олонд үнэмшүүлэхийн тулд МАХН-ын түүхийн институтээс 1974 онд хэвлүүлсэн зургийн цомогт хэвлэгдсэн “Д.Сүхбаатар Монгол Ардын журамт цэргийн ангиудад ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч нарын хамт” гэсэн тайлбартай гэрэл зургийг “Хиагт хотыг чөлөөлөх тулалдаанд оролцсон сургагч нар” гэж зориуд худал тайлбар бичиж хэвлүүлсэн нь Хиагт хотыг Монгол дээл хувцас өмссөн орос цэргүүд, арав гаруй даргынхаа хүчээр чөлөөлж гэж ойлгогдохоор болгожээ.

Д.Сүхбаатар жанжин Эрхүү хотноо байрлаж байсан Улаан армийн Кубаны V морин дивизид алба хааж байгаагүй, тусламжийн асуудлыг шийдэхээр Москва явсан С.Данзанг хүлээх хугацаандаа тус дивизид байрлаж, дивизийн ажил байдалтай танилцах, тус дивизийн улс төрийн хэлтэст ажиллаж байсан Чехийн зохиолч Яраслав Гашектай хамтарч “Монголын үнэн” сонин гаргах, дадлага хийхээр түр хугацаагаар (1920 оны VIII сарын 24-ний өдрөөс XI сарын 18 хүртэл) ажилласан юм. Суран мөрөвчтэй бага даргын хувцасны тухайд миний бие Аптанбулаг хотноо багшилж байхдаа энэ цэргийн дүрэмт хувцсыг оёсон Ардын журамт цэргийн оёдолчин Цэнд- Аюуш гуайтай уулзсан юм. Тэрбээр өгүүлэхдээ “Нэг өдөр манайд Загд гэдэг хүн орос цэргийн даргын хувцас үзүүлээд та энэ хувцаснаас үлгэр аваад манай жанжинд цэргийн хувцас оёод өгнө үү, жанжин маань Орос улс руу явж, цэргийн дарга нартай гэрээ байгуулахаар мөдхөн явах гэж байгаа юм” гэсэн. Сүхбаатар гуайн дотны нөхөр Загд гуай Ардын журамт цэргийн арын албыг хариуцсан нярав нь байсан.

Ц.Мөнхдорж ‘‘Өдрийн сонинд” хэвлүүлсэн өгүүлэлдээ; “Д.Сүхбаатар 20 нас хүртлээ буюу Монгол Улсад ирэхдээ Д.Сүх нэртэй байжээ. Д.Сүх Монгол Улсад ирээд Галсандэндэв гэдэг хүүтэй Дондооны Нэмэндэйн охин Янжинтай /Янжмаа/ танилцжээ. Янжины нөхөр нь ноён хүн байсан” гэж бичжээ. Н.Янжмаа гуай Сүхбаатар жанжнаас өмнө хүнтэй гэрлэж байгаагүйг өөрийнх нь болон нөхдийнх нь дурсамж гэрчилж байна.

Н.Янжмаа гуай “Би 16 настайгаасаа эхэлж Сүхбаатарыг мэддэг болсон” гэж дурсамждаа бичжээ. Д.Сүхбаатар жанжины хүү Галсан гуай “Мйний аав, ээж хоёр Хужирбуланд ганцхан өрөөтэй, ханан пийшинтэй жижигхэн байшинд сууж их ядуу зутруу амьдарч байсан. Би эцгийгээ 18-тай, ээжийгээ 17 настай байхад одоогийн Амгаланбаатар хотод төрсөн” гэж бичиж үлдээжээ. 1912 оны XII сард цэрэг татлагын дуудлага ирж Д.Сүхбаатар Хужирбулан дахь цэргийн хуаранд алба хааж эхэлжээ. Д.Сүхбаатар жанжин нь цэргийн төрөл бүрийн сургуульд онцгой байснаас пулёмет бууны сумангийн жагсаалын 15 төгрөгийн цалинтай бага дарга болмогц хөл хүнд Янжингаа Хужирбуланд авчирчээ. Партизан Т.Тогтох гуай дурсахдаа; Нэг өдөр Цэргийн ерөнхий Дамдин бид хоёрыг дуудаад, та хоёр цэрэг уруу татаж байна. Хэний зөвшөөрөлтэй эхнэрээ авчирсан бэ? Та хоёрыг Цэргийн яаманд мэдэгдэж арга хэмжээ авна” гэхэд; Сүхбаатар сөхөрч сууснаа босож, би согтуу Ерөнхийд байцаагдахгүй, цэрэг уруу татсан гэвэл та нар ч гэсэн эхнэрээ авчраад цэрэг уруу татаж байгаа бус уу? гэж Ерөнхийг үг хэлэхгүй болтол нь мохоосон…” гэж дурсжээ.

Ц.Мөнхдоржийн зохиож босгосон Д.Сүх нь Орос гимназид орж, 1908 онд төгсжээ. Эцэг “Жаахан” Дамдин нь Сүх хүүгээ гимназ төгсөнгүүт хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг Омск хотын гимназид суралцуулахаар 1909 оны намар илгээжээ. Д.Сүх хүү нь 1912 онд сургуулиа төгсөөд Оросын Хаант засгийн Цэргийн армид пулемёт бууны салааны даргаар томилогджээ. Чингээд “Зохиомол Сүх нь” Орос, Монголын 1913 оны “Цэрэг бэлтгэн сургах” гэрээний дагуу “Хаант Оросын армиас Монгол цэргийг сургахаар ирсэн 58 сургагч нарын дунд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч нарын нэгээр тодорсон Оросын Цэргийн хамниган бага дарга Д.Сүх болжээ.Д .Сүх нь өмнө хязгаарт Бавуужавын цэргийг дарж ирснийхээ дараа “Орос нутаг руугаа буцахаас бултаж, гарал үүслээ нууцалж хамниган буриад биш, Хайс овогтой Төгөөгийн Дамдины хүү, халх хүн болж хувирсан” гэж Ц.Мөнхдорж бичжээ.

Архивын эх сурвалжаас үзэхүл; 1919 оны XI сарын 20-ны өдөр Баруун өргөөний Улаан сахиусны өмнө Д.Сүхбаатар, С.Данзан, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Тогтох, Галсан, Далай, Цэнд, Даш нар хүж барьж ах дүү болж, тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж, ерөөлийн үг бичиж бурханд өргөж анхны хувьсгалт нууц бүлэг үүссэн тухай Богд гэгээнд мэдэгджээ. Гэтэл Ц.Мөнхдорж Д.Сүхбаатарын Хүрээний хувьсгалт нууц бүлгийг санаачлан байгуулсныг нь зориуд үгүйсгэн, Монгол Улсын түүхэн үйл явдалд холбогдолгүй буриад хүн болгохыг санаархаж, Нийслэл хүрээнд буй болсон С.Данзангийн нууц бүлэгг элсэж, лам Д.Бодоогийн тэргүулсэн нууц бүлэгтэй холбоо тогтоож… гэх зэргээр буруу бичсэн зүйлээ зөвтгөж, баталгаатай болгохын тулд архивын түүхэн баримтуудыг зориуд өөрчлөн бичиж хэвлүүлжээ.

Манай Улсын архивт байгаа баримт бичигт Д.Сүхбаатарын эцэг Дамдин, Д.Сүхбаатарын дээд өвөг нь болох “Хуланц” Алтангэрэл нь Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны нутагт мэндэлж, аж төрж явжээ. Д.Сүхбаатарын “Өндөр” эцэг, Элбэгийн хүү, Дамдины эцэг Э.Төгөө нь Ёст бэйсийн хошуунд 1837 онд мэндэлсэн. Д.Сүхбаатарын “Өвөг” эцэг Төгөөгийн гэргий, Дамдины ээж Сугар нь 1839 онд Ёст засгийн хошуунд мэндэлж, Дамдиныг 8 настай, охин Тамжавыг 10 настай байхад нь бие баржээ. Эдгээр архивын түүхэн баримтууд Дамдин гуайн тухай Ц.Мөнхдоржийн бичсэн зүйлүүд зохиомол болохыг гэрчилж байна. Академич Д.Цэрэнсодном гуай түүх соёлоо мэдэхгүйгээр ярьж, бичиж байгаа хүмүүсийн хийрхүү болчимгүй алхам бол товчхон хэлэхэд “мэдэхгүйгээ мэдэхгүй” байгаа явдал мөн. Ийм ичгүүр сонжуураа алдчихсан хүмүүсийн үгэнд манай ард түмэн ер гуйвж дайвахгүй ээ. Ийм амаа мэдэхгүй даага шиг явж болохгүй” гэж айлдсан нэрт эрдэмтний эрхэм үгийг Д.Сүхбаатар жанжны тухай буруу бичээд байгаа хүмүүс ухаалгаар анхаараасай.

Профессор Ч. Лувсанжав  /Монголын Үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн ерөнхий захирал/

cэтгэгдэлүүд
  • Өлзийбаатарт

    4 сар 29, 2020 at 8:50 pm

    Харин тийм ээ сав л хийвал үүх түүхийг маань өөрчлөр санаархал яваад л байна.Санаатай санаандгүйг мэдэхгүй юм. Саяхан зурагтаар хэдэн хүн Чингэс хааны зургийг зурсан бололтой барьчихсан тайлварлахдаа энэ л яг монгол хүний төрхийг гаргасан зөв зураг, өмнөх зурагний ар дагз нь ямарч гэвдээ монгол хүний дагз биш гэх гээд ч байгаа бололтой юм хэлээд “Чингэс хааныхаа зургийг одоо л яг зөв болгогүй бол болохгүй юм ярих юм. Мөхөс миний олж дуулснаар”Чингэс” хааныг зургийг ач хүү Хувлай хаан өөрөө амаар хэлж зуруулахдаа хаа хамаагүй тааралдсан нэгнээр зуруулаагүй нь лавтайвТухайн үеийнхээ шилдгийн шилдэг хааны ордоныхоо зурагчнаар л зуруулсан байж таарна.Тэгээд ч 800 гаруй жилийн өмнөх юмыг өнөөдөг засаж зөв болгох тухай ярьж байгаа хүмүүсийн сэтгэцийг юу гэж ойлгох болж байна. Нэг л биш байгаа биз? Өнөөдөр 800 жил бүү хэл 8 сарын өмнөхөө хэргийгч будлиулж үнэн мөн нь тогтоож чадахаа больж ой санамж нь хэцүүхэн болсон ш дээ

  • Дорнод аймгийн Цагаан овоо суманд байдаг тухай хүүхэд байхад сонсож байсан. Их хэлмэгдүүлэлтийн дараа ах дүүгий нь хайж асууж очсон ч ах дүү нар нь хамаатан болохоо хэлээгүй гэсэн. Учир нь тэр чамтай ямар хамааралтай болохыг нь хэлүүлж байгаад л алчихдаг байсан гэнэ лээ.

  • Or undestei yum bna lee.

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account