Иргэд 06 цагаас эхлэн даатгалын эмэнд дугаарлаж байна

Иргэд 06 цагаас эхлэн даатгалын эмэнд дугаарлаж байна

Иргэд 06 цагаас эхлэн даатгалын эмэнд дугаарлаж байна

2020 оны 5 дугаар сарын 1. 08 цаг. Хүмүүс аль хэдийнэ  “даатгалын эм”-энд дугаарлажээ. Өөрийгөө Должин гэж танилцуулсан эмээ “Бид хэдэн өдрийн өмнө Өрхийн эмнэлэгтээ очиж хөнгөлөлттэй эмээ бичүүлж аваад, яг өгөх өдөр нь хар үүрээр ирээд зогсчихдог юм. Амархан дуусчихдаг болохоор аргагүй ш дээ. Би л гэхэд “Монэл” -ээс өглөө 07 цагт ирж оочирлосон” гэв. Ахмад настан болон бие муутай хүмүүсийн хувьд  Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлттэй эмийг олж авна гэдэг амаргүй даваа. Сар бүрийн эхэн буюу яг олгож эхэлсэн өдөрт л амжиж авахгүй бол хоцроно гэж эмээцгээх учир өмнөх өдөр нь нойргүй шахам хонох нь элбэг.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 онд хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон ч ахмадууд олон цагаар дугаарладаг, даатгалын эм хоёрхон өдөрт дуусдаг гэсэн гомдол байсаар байна.

08.30 цагт Баянзүрх дүүргийн нэгэн Өрхийн эмнэлэгт орвол ахмадууд голдуу шавчихаж. Өрхийн эмч бүсгүйд толгой өөд татах зав алга. Нэг сиймхээгээр нь яагаад ийм их хүн байгааг асуувал “Өнөөдөр харин гайгүй байна. Сарын сүүлчээс эхлээд манай  эмнэлэг өндөр настнуудын хөлд дарагддаг гэхэд болно. Даатгалын эмээ бичүүлж авах гэж тэр шүү дээ. Амархан дуусчихдаг гэдэг айдас байдаг болохоор л ингэж бөөнөөрөө ирж ачаалал үүсгэдэг байх. Нэг өдөр олноороо авчихдаг болохоор зарим эмийн сангийн лимит хурдан дуусах нь аргагүй шүү дээ” гэлээ.

Өрхийн эмнэлгээс гараад холгүй байх эмийн санд орох гэсэн боловч оочерлож байгаа настайчууд тун дургүй байв. “Эм авахгүй. Ганцхан зүйл тодруулаад гарая” гэж учраа хэлээд арай гэж орлоо. Дотор нь хөл гишгэх зай алга. Эмийн санч охин ганцаараа олгож байлаа. Хэрэндээ л хурдан үйлчлэх гэж хичээж байгаа нь илт.

-Эмийн санч аа, ганцхан юм асууя. Хөнгөлөлттэй эмийн олголтод сард танайд хэдэн төгрөг хуваарилдаг вэ? Ганц өдөр өгөөд  дуусчихдаг юм уу?

-Эмийн сангууд өөр өөр байх л даа. Манайх ямар ч байсан 2-3 өдөрт олгодог.

Эхний өдөр дандаа ийм ачаалалтай байдаг юм уу?

-Тий ш дээ. Манайх өглөө  09 цагт онгойдог. Даатгалын эм олгох өдөр ахмадууд аль хэдийнэ ирчихсэн хүлээж байдаг юм. Эхний өдөр аймаар бужигнаад үдээс хойш арай гайгүй болдог. Уг нь манайх орой 22 цагт хаадаг. Хүмүүс аажуу тайван ирэхэд болно л доо. Даанч хөнгөлөлттэй эмээ хурдан дуусчихна гэж айгаад байдаг шиг байгаа юм. Гэхдээ бид цаанаасаа өгдөг мөнгөө нэмчихвэл арай олон өдөр олгодог болно гэж боддог. Хүмүүст ч гэсэн хүндрэлгүй ш дээ…

Хүмүүсийн ярьж байгаагаар Д.Сарангэрэл сайдыг үүрэг болгосны дараа эмийн сангууд овоо хэд хоног даатгалын эмээр үйлчилдэг байснаа он гараад хуучин хэвэндээ орчихсон юм байх. Хөнгөлөлттэй эм бол өндөр настан болон  зайлшгүй эм тарианы шаардлагатай өвчтнүүдэд нэн хэрэгцээтэй. Тийм учир ард иргэдийнхээ төлөө цаашдаа ч байхаас аргагүй төрийн халамжийн  нэг төрөл. Хамгийн гол нь сард нэг удаа “овоордог” үзэгдэл хэзээ шийдэгдэх бол гэдэг асуудал шийдлээ хүлээж байна. Эмчийн хэлснээр хүмүүс нэг өдөр ачаалал үүсгээд, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог санхүүжилтыг амархан дуусгаад байна уу, эсвэл эмийн санд цаанаасаа бага мөнгө хуваарилаад байна уу?

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account