Монгол эмэгтэйн язгуур шинж кино урлагт үгүйлэгдэж байна

Монгол эмэгтэйн язгуур шинж  кино урлагт үгүйлэгдэж байна

Монгол эмэгтэйн язгуур шинж кино урлагт үгүйлэгдэж байна

Монголчууд үндэснийхээ хэв шинжийг хэзээ ч алдаж болохгүй. Ялангуяа даяарчлалын давалгаа өрнөж, залгаад сошиалын “үер” буусан зах хязгааргүй мэдээллийн их орон зайд Монгол хүний язгуур шинжийг заавал хадгалж үлдэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдлээ. Бидний уламжлал, зан заншил, ёс суртахуун бол бусад үндэстнээс ялгарах хамгийн том онцлог, туурга тусгаар улсын бодит илэрхийлэл байх учиртай. Монгол хүн, Монгол Улс  үндсэн хэв шинжээрээ л үлдэх ёстой юм.

Монгол эр хүний  гүндүүгүй, дуу цөөнтэй, нэг дуугарахаараа жинтэйхэн ганц үг хэлдэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, аливаад ул суурьтай ханддаг зан хаачив? Элдэв үггүй, хэлье гэснээ бодолтой, шууд, товчхон хэлчихдэг, зоримог, алсыг харах нь эр хүний мөн чанар. Мөн жинхэнэ Монгол эр хүн амиа бодох, алив зүйлийг дөвийлгөх, гүтгэх, өс санах, давслах, өөрийгөө магтах, хов жив ярих, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдыг муулах, мууг нь үзэх зэргийг цээрлэдэг. Энэ шалгуурт нийцэх хүн өнөөдөр хэр олон байна вэ? Монгол эмэгтэй хүний язгуурын сайхан шинж чанарыг өнөөдөр олж харахад үнэхээр бэрх болсон нь нууц биш.  Монгол эмэгтэй ямар байх ёстойг бичиг сударт “Явах, хөдлөх нь уран зөөлөн, харц нь даруу төвшин дөлгөөн, элдэв маяггүй,  уян хатан, уужуу тайван, хүлээцтэй, намбалаг, найрсаг, өр зөөлөн, ажилч хичээнгүй, чин шударга, үнэнч, халамжтай…” гэх зэргээр тодорхойлсон байдаг. Бусад үндэстэнд байхгүй гэж болох тэр ховор нандин сайхан шинж чанар үгүйлэгдэж байна. Тэгж байж Монгол хүн Монголоороо л үлдэнэ шүү дээ.

Үүнд урлаг, соёл, хэвлэл мэдээллийн үүрэг хамгийн их. Ялангуяа манай киноны уран бүтээлчид  энэ асуудалд нарийн ухаан зарж, анхаарах цаг иржээ. Манайхаас огт өөр орчин ахуй, уламжлал, зан заншилтай орны кино зохиолыг Монголын хөрсөнд буулгах нь уран бүтээлчдийн эрхийн асуудал хэдий ч нэг талаасаа Монгол хүний мөн чанар, сэтгэлгээтэй харшлаад байна. Ам нээвэл хэрүүл шуугиан өдөж байдаг, байнга барьцаж,  хов хөөцөлдөж, хор хутгаж явдаг, эр нөхрөө халамжлах нь бүү хэл үгээр идэж, үйлдлээрээ зовоодог, тогтворгүй, уур уцаар, ааш зангаараа түрүү барьдаг хүлээцгүй зан нь Монгол эмэгтэйн үлгэр дууриалт шинжээс дэндүү хол төсөө.

Хэзээ Монгол бүсгүй жирэмсэн байхдаа байтугай жирийн үедээ эр нөхрөө өшиглөж байсан юм? Эр нөхрийнхөө дээл, бүсийг өөд нь тавьж, цайныхаа дээжийг хүндэтгэн барьж, үг хэл аядуухнаар амьдрал ахуйнхаа асуудлыг зөвлөж байх  ёстой биз дээ? Хэдийгээр хотжиж, иргэншсэн ийм ахуй нөхцөлд тэр уламжлал алдагдсан хэдий ч язгуур шинжээ хадгалж үлдвэл монголчууд бидэнд л хэрэгтэй. Урлагийн хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэг мөнгөний эрх ашигт бүдгэрвэл нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө нь даанч их. Ялангуяа хүүхэд, залууст юу өгч, тэдний сэтгэхүйг хаашаа чирэхийг хэлж мэдэхгүй. Энэ агуулга руу урлаг, соёл, хэвлэл мэдээллийн бодлого байх ёстой болов уу. Монголоороо л үлдэх юмсан…

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • яг бодож явсныг бичсэн байна

  • зөв шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account